Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн тухай Ерөнхий сайдын илтгэл
2011.01.21

Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн тухай Ерөнхий сайдын илтгэл

С.Батболдын УИХ-ынчуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл
-Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн тухай-

Улсын Их Хурлын дарга,

Эрхэм гишүүд ээ,

“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах зорилтыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар анхаарч тодорхой ажлуудыг хийж ирлээ. Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийн төслийг холбогдох бусад хуулийн төслийн хамт санаачлан боловсруулж Улсын Их Хурлаар 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлуулан хэрэгжүүлж байна.

 

Цөмийн энергийн тухай хууль батлагдсан нь манай улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч болох, улмаар цөмийн энергийг нийгэм, эдийн засгийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд халгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэх чухал алхам боллоо. Тиймээс Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хуульд заасан дараахь үндсэн зарчмыг баримтлан шат дараалсан арга хэмжээ авч байна.

 

1.    Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх,

2.    Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, зөвхөн энхийн зорилготой байх,

3.    Олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй техник, технологи хэрэглэх,

4.    Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт онцгой ач холбогдолтойг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах,

5.    Цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл, хайгуул болон цөмийн судалгаа, цөмийн болон цацрагийн хяналтын мэргэжилтэн бэлтгэх, давтан мэргэшүүлэх, техник технологи, лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, хяналтын техникийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр орчин үеийн тэргүүний техник, технологи бүхий улс оронтой хамтран ажиллах,

6.    Цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийг олборлох, боловсруулах, баяжуулах, цаашдаа цөмийн түлшний үйлдвэр байгуулах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх,

7.    Нөөц нь тогтоогдсон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглахад төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохдоо: А) улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд  эзэмших, Б) улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмших,

8.    Цацраг идэвхт ашигт малтмалын ордыг дагалдагч ашигт малтмалын хамт цогц байдлаар бүрэн ашиглах бодлого баримтлах,

9.    Цацраг идэвхт агуулга өндөртэй нүүрс, нүүрсний үнс, фосфорит болон бусад ашигт малтмалаас дэвшилтэт техник, технологи хэрэглэн цацраг идэвхт элементийг ялгаж ашиглах,

10. Цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх  бодлого баримтлах,

11. Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах, ашиглах, хадгалах, хаягдлыг аюулгүй болгох, тээвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн хяналтан дор явуулах зэрэг болно.

Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглахдаа хуулийн хүрээнд дараахь нөхцөл шаардлагыг хангасан стратегийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нийцсэн урт хугацаанд тогтвортой ажиллах гэрээ байгуулан, хамтран ажиллах бодлого баримталж байна.

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын талаар

Монгол орны нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг ураны төрөлжсөн ерөнхий судалгаанд хамрагдсан. Тиймээс ураны геологийн судалгаа, эрэл-хайгуулын шатны ажилд төрөөс хөрөнгө хүч зарцуулахын зэрэгцээ энэ чиглэлийн ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах бодлогыг Засгийн газраас баримталж ирлээ. Ялангуяа дэлхийд ураны судалгаа, олборлолт, борлуулалтаар тэргүүлэгч Бүгд Найрамдах Франц Улсын “Арева”, Канадын “Камеко”, Оросын Холбооны Улсын “АРМЗ” зэрэг ураны зах зээлд томоохон байр суурь эзэлж байгаа нэр хүнд бүхий компанийг энэ ажилд татан оролцуулахыг чухалчилж байна.

 

Манай орны нутаг дэвсгэрт өмнө нь хийгдсэн цацраг идэвхт ашигт малтмалын геологийн судалгааны үр дүнд тулгуурлан цацрагт идэвхт ашигт малтмалын хэтийн төлөвтэй бүс нутгуудад буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Архангай, Говь-Алтай, Булган, Төв аймгийн нутагт цацраг идэвхт ашигт малтмалын орд, илрэлүүдийг шинээр илрүүлэх, нөөцийг олж тогтооход чиглэсэн геологи хайгуулын ажлуудыг гүйцэтгэж байна.

 

Дорнод аймгийн Сэргэлэн, Баяндун сумын нутаг дахь “Гурванбулаг” ураны орд, Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Хайрхан” ураны орд, Дорноговь аймгийн Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутаг дахь “Хараат” ураны ордын нөөцийн тайлан нь батлагдаж, техник, эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдсан. Тиймээс эдгээр ураны ордын олборлолт, боловсруулалтыг 2011-2012 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах “Кожеговь” ХХК-ийн “Дулаан Уул” төслийн геологи хайгуулын ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд  2011 онд багтаан Газар дор уусган баяжуулах туршилтын ажлыг гүйцэтгэж үр дүнг нь тусгасан нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэлийг 2011 ондоо багтааж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулан батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгогдсон 17 аж ахуйн нэгжийн 119 тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн бүртгэж олгосон.

 

Харин Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаагүй болон Цөмийн энергийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн 20 аж ахуйн нэгжийн 41 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 10 аж ахуйн нэгжийн 35 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, 4 аж ахуйн нэгжийн 19 талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн.

 

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдээс 2009 онд геологи хайгуулын ажлын жилийн эцсийн 102 тайлан, 2010 оны геологи хайгуулын ажлын 117 төлөвлөгөөг холбогдох байгууллагууд хүлээн авч хянан баталгаажуулсан. Мөн геологи хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөө хянуулсны үйлчилгээний төлбөрөөр улсын төсөвт 2010 оны эцсийн байдлаар 114,0 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр 3,0 тэрбум, нийт 3,1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Цөмийн болон цацрагийн хяналт, цөмийн технологи нэвтрүүлэх талаар

Засгийн газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цөмийн болон цацрагийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Цөмийн энергийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 226 байгууллага, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийн 370 зөрчил илрүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. Мөн 76 байгууллагын 168 цацрагийн үүсгүүрт аюулгүйн үнэлгээ хийж, цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах эрхийн 93, импортлох эрхийн 19 зөвшөөрлийг шинээр олгох буюу ашиглалтын хугацаанд сунгалт хийлээ. Экспортонд гаргах хаягдал материал болон геологийн дээжүүдэд 56 цацрагийн гэрчилгээ олгосон байна.

 

Улсын хилээр цөмийн материал, цацрагийн үүсгүүр тээвэрлэхэд тавих хяналтыг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын хооронд 2007 онд байгуулсан “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ховд аймгийн Ярант, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Хөвсгөл аймгийн Ханх, Завхан аймгийн Арц суурь боомтод явган зорчигч шалгах 26, тээврийн хэрэгсэл шалгах 2, галт тэрэг шалгах 9 төхөөрөмж суурилуулан ажиллуулах төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөлд 2011 оноос Шивээ хүрэн, Гашуун Сухайт, Эрээнцавын боомтыг хамруулахаар төлөвлөөд байна.

 

Улсын онц чухал объект Изотоп конторт цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хадгалах, цөмийн хаягдлыг боловсруулах байгууламжийн хамгаалалтын тогтолцоог урьдчилан тооцоолох үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн нэгдсэн сан, бүртгэлийн тогтолцоо бий болгон ажиллаж байна.

Манай улсын эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан зэрэг эдийн засаг, нийгмийн олон салбарт цөмийн технологи нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Тухайлбал, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасны дагуу Шинжлэх Ухааны Академийн холбогдох хүрээлэнгүүд, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн судалгааны төв, Монголын технологи дамжуулах төв, “АСУ” дисковери, Монголын инженерийн ухааны академи, “Эрчим” корпораци зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаачидтай хамтран “Цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Гадаад хамтын ажиллагаа, хүний нөөцийн талаар

2009-2010 онд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах салбарт ОХУ, Япон Улс, БНЭУ, БНФУ, БНХАУ-тай харилцан ойлголцлын санамж бичиг, ОХУ, БНФУ-тай хэлэлцээр байгуулж, тэдгээрийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. ОХУ-тай “Дорнод уран” ХХК байгуулахаар гэрээнд гарын үсэг зурсан. Мөн хамтарсан компани байгуулах зарчмын нөхцлийг тохиролцсон хэлэлцээрийг “Росатом” корпорацитай байгуулсан. “Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан ажиллаж байна.

 

Ерөнхий сайдын урилгаар 2009, 2010 онд Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлуудын хоёр удаагийн айлчлалыг зохион байгууллаа.

 

Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 53 дугаар Чуулган Австри Улсын Вена хотод хуралдаж, хурлын найман дэд даргын нэгээр Монгол Улс сонгогдон ажилласан. Энэ бага хурлын хүрээнд 2009-2011 онд Агентлагийн Захирагчдын зөвлөлд Алс Дорнодын бүлгээс Монгол Улс сонгогдон ажиллаж байна.

 

Австри Улсын Вена хотод 2010 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд болсон Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 54 дүгээр ээлжит чуулганаар манай улс 2010 онд “Хавдартай тэмцэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орон”-оор сонгогдсон нь хорт хавдартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Монгол Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны 2009-2014 оны хөтөлбөрийн хүрээнд техникийн хамтын ажиллагааны шугамаар 2010 онд хэрэгжиж байгаа үндэсний 5 төсөл байгаа бөгөөд эдгээр төслүүд нь энэ онд дуусгавар болно. Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд  2009-2011 онд нийт 1.8 сая ам.долларын тусламж авч байна.

 

Олон улсын атомын энергийн агентлагийн Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнууд Бүсийн төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд 2009-2011 онд нийт 19 төсөл хэрэгжиж байгаагаас Монгол Улс 18 төсөлд оролцож байна.

 

Монгол Улсад цөмийн эрчим хүчийг ашиглахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчний нөөцийг дотоодын их, дээд сургуулиудад болон гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дагуу Орос, Япон, Франц болон Өмнөд Солонгост оюутнууд болон мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж ирлээ.

Дотооддоо мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн сургалтын баазад түшиглэсэн “Цөмийн физик, технологи”-ийн тэнхим байгуулахаар Оросын Холбооны Улсын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй хамтран ажиллаж байна.

 

Улсын Их Хурлын дарга,

Эрхэм гишүүд ээ,

Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цаашид дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна:

1.    Цөмийн энергийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хуулийн  хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах, уялдаа холбоог сайжруулан боловсронгуй болгох санал боловсруулах,

2.    “Цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа” төслийг үргэлжлүүлэн Монгол Улсад тохиромжтой судалгааны реакторыг сонгох, эрчим хүчний реакторыг өөрийн оронд барьж байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах,

3.    Цөмийн эрчим хүч экспортлох зорилгоор их чадлын цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах асуудлаар судалгааг үргэлжлүүлэх,

4.    Ураны бүсчилсэн болон сэдэвчилсэн судалгааны ажлыг эхлүүлэх, уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг нь нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэх, уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ураны нөөцөд үнэлгээ хийх төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх,

5.    Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун, баруун урд, өмнөд хэсэгт ураны хүдэржилтийг илрүүлэн үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулан ажиллах,

6.    Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц нь тогтоогдоод байгаа Гурванбулаг, Дорнод, Хараат, Хайрхан ордод олборлолт, боловсруулах, баяжуулалтын ажлыг ойрын хугацаанд эхлүүлж, боловсруулах үйлдвэр барих асуудлыг зохион байгуулж шийдвэрлэх,

7.    Гадаадад буй Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулсан ураны геологи, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан болон үйлдвэрлэлийн туршилттай холбоотой мэдээ, материалыг авах ажлыг зохион байгуулан шийдвэрлэх,

8.    Цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх асуудлыг боловсронгуй болгох, Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох явцдаа тухайн уурхайн эдэлбэр газарт оршиж байгаа бусад  ашигт малтмалыг бүрэн олборлох асуудлыг шийдвэрлэх,

9.    Цөмийн болон цацрагийн хяналтын техникийн чадавхийг сайжруулах,  хяналтын хамрах хүрээг өргөжүүлэх, олон улсын шаардлагад нийцсэн цацрагтай ажиллагчийн дотоод шарлагын, радоны хяналтын, цацрагийн үүсгүүрийн радиохимийн лабораториудыг барьж байгуулах, Монгол орны нутаг дэвсгэрийг хамарсан байгаль орчны цацрагийн түвшинг тасралтгүй хянах онлайн нэгдсэн сүлжээ бий болгох,

10. Цацрагийн үүсгүүр болон бусад цацраг идэвхт материалыг улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэхэд тавих хяналтыг сайжруулах, хяналтын системийн найдвартай хэвийн ажиллагааг хангахтай холбоотой техникийн болон бусад нөхцөлийг бүрдүүлж, баримтлах дүрэм, журмыг боловсронгуй болгох,

11. Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжтай болох асуудлыг шийдвэрлэх,

12. Цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах, устгах, булшлахтай холбоотой үйл ажиллагаанаас үүссэн болзошгүй аливаа ослын үед ашиглахад хүрэлцэхүйц тооны багаж, хамгаалах хэрэгсэл, цацрагийн хэмжилтийн багажаар мэргэжлийн байгууллагуудыг хангах зэрэг болно.

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Засгийн газар Монгол Улсын эрчим хүчний хангамж, баланс, экспортлох боломжтой уялдуулан цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүрэг оролцоог тооцоолж, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, барьж байгуулах ажлыг ойрын 10 жилийн дотор эхлүүлэх чиглэлийг баримталж байгааг Та бүхэн мэдэж байгаа билээ.

Улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхэн дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт, Цөмийн энергийн тухай хуулийн дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбарын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийхэд ийм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Та бүхэнд урьдчилсан тараасан тул мэдээллээ үүгээр өндөрлөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.