Монголын Нийтийн Аж Ахуйн үйлчилгээний салбарын хамт олонд
2010.10.07

Монголын Нийтийн Аж Ахуйн үйлчилгээний салбарын хамт олонд

Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 79 жилийн ой, Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан салбарын үе үеийн ахмадууд, нийт ажилтан, ажиллагсад, энэ салбартай хамтран үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүдэд нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах талаар олон зорилт дэвшүүлсэн билээ.

Уг зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор "Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл, "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай "хуулийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.

Мөн Засгийн газрын 2008 оны 182 дугаар тогтоолын дагуу "Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэл"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн өмчийн хороотой хамтран холбогдох дүрэм, журмуудыг боловсруулан батлуулж, түүний бэлтгэл ажлуудыг хангаад байна.

Түүнчлэн АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр "Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн II үе шатны МОН-1907 төсөл"-ийн ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгасны зэрэгцээ, "Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл", Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр "Гэр хорооллыг олон >,нийтийн оролцоотой хөгжүүлэх JFPR MON-9106төсөл", Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр "Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах МОН-08-302 төсөл", Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Дархан хотын ус хангамжийг сайжруулах төсөл" зэрэг олон төсөл ,арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид Улсын Их Хурлаас батлагдсан "Концессын тухай" хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого", "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, "Ус" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын бодлого, үйл ажиллагаанд инноваци хийх, төсөл, хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт, хэмнэлттэй, үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэх тэдгээрийн үр ашгийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зэрэг томоохон ажлуудыг бид хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Салбарын байгууллагууд, нийт ажилтан, ажиллагсад Та бүхэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх, хүн амын ажиллаж, амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД
Х.БАТТУЛГА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.