Бямбацогт.С 2012.02.01 | Сайт: Vip76.mn

Инновацийн тухай хуулийн төслийг танилцуулж байна

Инновацийн тухай хуулийн төслийг танилцуулж байна

Инновацийн тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт 2012 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 01-ний хооронд ШУТИС, ХААИС, МУИС-дад болж байна.

Мэдлэгийг баялаг болгохыг инноваци гэж ойлгох ба инновацийн үйл ажиллагаа нь шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил, үйлчилгээг бий болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм. 

Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж бага, эсхүл байхгүй, технологийн хэт хоцрогдол аж үйлдвэрийн дийлэнх салбарт нүүрэлсэн, бүс нутгуудын хөгжлийн түвшин болон тэнд амьдарч байгаа иргэдийн орлогын ялгаа цаашид улам ихсэх хандлагатай байгаа өнөөгийн нөхцөлд уг хууль гарах гэж байгаа нь цагаа олсон явдал болж байна. 

Инновацийн тухай хуулийн төсөлд дараах асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан:1-рт, Инновацийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, инновацийн үйл ажиллагаанд оролцогч бусад байгууллага, орон нутгийн эрх үүргийг зааж өгсөн.2-рт, Инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, ялангуяа хамгийн үр ашигтай хэлбэр болох Шиннжлэх ухааны паркийг байгуулах, удирдах, үйл ажиллагааг явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан,3-рт, Инновацийн үйлдвэрлэлийг дагнан явуулах аж ахуйн нэгж буюу гарааны компани /старт-ап/-ийн талаар, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэгийн хэлбэр, төрлийг зааж өглөө,4-рт, Инновацийн төсөл, үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүгийн аргаар дэмжихэд чиглэсэн венч сан, засгийн газрын тусгай сан болох инновацийн санг байгуулж ажиллуулах талаар тусгай бүлэг болон дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт орлоо,5-рт, олон жилийн турш татвар төлөгчид – төсвийн хөрөнгөөр манай их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлаар бий болсон, зах зээлийн шаардлага хангасан, эрэлттэй байгаа үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах асуудлыг тусгасан.

Энэ зорилгоор их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дэргэдээ гарааны компани байгуулах, өөрсдийн бий болгосон оюуны өмчөөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгч байна.Мөн хуулийн төслийг дагалдаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Дээд боловсролын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай, гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай, татварын багц хууль, зэрэг 16 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөгдсөн.

Энэхүү хууль батлагдсанаар шинэ мэдлэг, технологийг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах замаар нийгмийн баялаг бүтээх үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, зохицуулах эрх зүйн орчин бүрдэх юм.

Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагаа идвэхжиж инновацийн старт-ап компаниуд олноор бий болж шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа бэхжинэ.Эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачдын бий болгосон оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тусгайлан анхаарсан. Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгож эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнг бодитойгоор үнэлэх, урамшуулах тогтолцоо бүрдэж, тэдэнд нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох боломж бүрдэх юм.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.