Арван зургаан нас хүрч шинээр иргэний үнэмлэх авах иргэд ХААТР-21 маягт бичүүлнэ
2012.04.02

Арван зургаан нас хүрч шинээр иргэний үнэмлэх авах иргэд ХААТР-21 маягт бичүүлнэ

Энэ жил Монгол Улсын иргэн бүрт иргэний цахим үнэмлэх олгохоор болсон. Уг үнэмлэх нь иргэний бүхий л мэдээллийг багтаасан байх юм. Цахим үнэмлэхийг ирэх сарын 6-нд хэвлэж иргэдэд тараахаар болсон. Үүнтэй холбогдуулан иргэний үнэмлэх хэвлэх ажлыг зогсоогоод байгаа.

Тэгвэл 16 нас хүрээд, иргэний үнэмлэх шинээр авах хүүхдүүд, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ аваагүй хоёр жилээс дээш хугацаагаар нас хэтэрсэн иргэд ямар бичиг баримтаар үйлчлүүлэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сургалт сурталчилгааны төвийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа.

-16 нас хүрээд иргэний үнэмлэх шинээр авах хүүхдүүд, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ аваагүй хоёр жилээс дээш хугацаагаар нас хэтэрсэн иргэд одоо ямар бичиг баримтаар үйлчилгээ авах вэ?

-16 нас хүрч шинээр иргэний үнэмлэх авах болон улаан паспортаа иргэний үнэмлэхээр солиулаагүй иргэд төрсний гэрчилгээ, паспорт, бусад холбогдох материалыг зохих ёсоор бүрдүүлж өөрийн оршин суудаг харьяалалын дагуу Бүртгэл, мэдээллийн тасагт очиж ХААТР-21 маягт бичүүлнэ. Ингээд мэдээллийн санд шивүүлэн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

Мөн иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэдийн тухайд харьяа газартаа мэдээллээ шалгуулж, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаагаа үндэслүүлэн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх юм. Харин баримт бичгийн болон хаягийн зөрчилтэй, огт баримт бичиггүй иргэдийн тухайд холбогдох зөрчлөө арилгатал шинэчилсэн бүртгэлд бүртгэх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Материалыг бүрдүүлэхдээ иргэний үнэмлэхийн үнэ болон тэмдэгтийн хураамжийн үнэ 3300 төгрөгийг дансанд төлөхгүйгээр бэлнээр 5000 төгрөгтэй очно.

-Хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа хүмүүс бичиг баримтаа гээгдүүлснээс болж шинэчилсэн бүртгэлд ороогүй тохиолдолд яах вэ?

-Хөдөө орон нутгаас шилжин ирж байгаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, шилжилтийн ХААТР бичиг нь өөрт яваа иргэдийн авч яваа материалыг нь үндэслэн сүлжээнд иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет, нийслэлд оршин суух өргөдөл анкетыг тухайн оршин суух хороогоор нь цохолт хийлгүүлэн Нийслэлийн бүртгэлийн газрын 102 тоот өрөө рүү явуулж дахин олголтын өргөдөл анкет дээр нийслэлд оршин суух хаягийг хийлгэн шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Харин хөдөө орон нутгаас шилжин ирсэн бичиг ХААТР-аа үрэгдүүлсэн иргэд Нийслэлийн бүртгэлийн газрын архиваас хувийн хэрэг ирсэн эсэхийг шүүлгээд хувийн хэрэг нь ирсэн бол цохолт хийлгэнэ. Хэрэв хувийн хэрэг нь ирээгүй бол тухайн аймгаас хасалт хийлгэж ирэх эсвэл Нийслэлийн бүртгэлийн газарт хандаж шийдүүлж болно.

-Ирэх сард иргэний үнэмлэх хэвлэх ажил эхэлнэ. Яг хэзээ иргэдийн гарт хүрэх вэ?

-Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 498 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажил энэ сард хуваарийн дагуу иргэдийн гарт хүрч эхлэх юм.

-Бэлдэц нь ирсэн үү?

-Одоогийн байдлаар ирээгүй байна. Иргэний үнэмлэхийн бэлдэц буюу эх материал /поликорбинат/-ыг Францын "Жемальто" компанийн Финлянд дахь салбарт бэлтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн бэлдэцийг дөрөвдүгээр сарын эхээр татаж ирнэ.

Нийтлэлч
Э.Пагма
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.