2009.06.08

Ногоон бүлэг" 86 тоот тогтоолыг эсэргүүцэв

-Засгийн газар УИХ-аас давсан шийдвэр гаргажээ-

УИХ дахь "Ногоон бүлэг"-ийн гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 1-нд гаргасан Засгийн газар 86 тоот тогтоол гаргаж, 26 газарт хайгуул хийлгэж газар доорхи нөөцийг тогтоолгохоор болсон нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Талбайг нөөцөд авах тухай энэхүү тогтоолд "Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7,13.1, 13.2-ыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан хоёрдугаар хавсралтад заасан талбайн геологийн судалгааны дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий газарт Ашигт малтмалын тухай хуулийн 19.12-т заасны дагуу сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах" хэмээн заасан байна.

Гэтэл нэр заасан дээрх 26 дунд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг нэр бүхий дөрвөн газар орсон байгаа нь "Ногоон бүлэг"-ийнхий анхаарлыг татжээ. Тэд "Дархан цаазтай газарт геологийн хайгуул хийж болно гэсэн заалт аль ч хуулинд байхгүй. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд УИХ хэлэлцэж шийдэх ёстой. Гэтэл Засгийн газар УИХ-аас давсан шийдвэр гаргалаа. Тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлож хямралыг даван туулах гэж байгаа нь буруу хэмээсэн юм.

Түүнчлэн Засгийн газар гаргасан тогтоолоо эргэн харж, тусгай хамгаалалттай газрыг хасна гэдэгг найдаж байгаагаа илэрхийллээ. Харин хасахгүй бол асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэв. Мэдээлэл хийх үеэр хямралыг хохирол багатай даван туулахад шаардагдах 1.5 их наяд төгрөгийг гадны эх үүсвэр, эсвэл газар доорхи баялгаа ашиглан хямралын эсрэг тэмцэхээр төлөвлөсөн. Дээрх мөнгөн дүн 40 тонн алттай дүйцэх тухай ч гишүүд ярьж байгаа. Тиймээс үнэ ханшаа алддаггүй шар металийг тусгай хамгаалалттай болон дархан цаазтай газраас олборлож шаардлагатай хөрөнгө босгож болох талаар ээлжит бус чуулганы үед С.Баяр сайд ярьж байсан хэмээн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдваанчиг нар ярьсан.

Гэвч УИХ дахь "Ногоон бүлэг" дархан цаазтай газар нутагт ийм зөвшөөрөл олгож болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.