Батболд.Су Энхболд.М Энхболд.Н Тлейхан.А 2012.10.18 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Төрийн албан хаагч

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд нар өнөөдөр /2012.10.19/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг  Су.Батболд, С.Батболд, Д.Лүндээжанцан, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Н.Энхболд нарын нэр бүхий найман гишүүн санаачлан боловсруулжээ.

 1995 оноос мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар улс төрийн болон төрийн жинхэнэ албыг зааглаж, тухайлбал, улс төрийн албан тушаалд сонгогдох юмуу, түүний үр дүнгээр томилогдох замаар, харин төрийн жинхэнэ албанд мэргэшлийн шалгалт өгөх замаар ордог тогтолцоонд шилжсэн билээ. Төрийн суурь үйлчилгээг үзүүлэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн жинхэнэ албыг цомхон бөгөөд чадварлаг болгох чухал ач холбогдолтой хэмээн  гишүүд үзжээ.

Иймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын ерөнхий менежер, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга, ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтанд санал болгох чиг үүргийг Төрийн албаны зөвлөл, тэдгээрээс бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гаргах эрхийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, харин  салбар зөвлөлгүй төрийн албаны тухайд томилох эрх бүхий этгээдээр төлөөлүүлэн гүйцэтгүүлэх замаар хэрэгжүүлэх саналаа ийнхүү УИХ-ын даргад танилцуулсан юм.

Одоогоор дээр дурьдсан албан тушаалд 63 хүн ажиллаж байгаа бөгөөд эдгээрт цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагын ажилтнуудыг оруулаагүй аж.

Мөн Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлууд Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын чанартай хуулиудад янз бүрээр тусгагдсныг жигдэлж, нэг хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч гишүүд УИХ-ын даргад танилцуулав. Тодруулбал, Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах тухай хууль гэсэн бие даасан хууль байж болохыг ч хэллээ. 

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага:

1. Төрийн жинхэнэ албыг цомхон, мэргэшсэн байлгах үүднээс төрийн улс төрийн болон төрийн үйлчилгээний албыг төрийн жинхэнэ албанаас тусад нь авч үзэж, тэдгээрийн эрх зүйн байдлыг тус тусын бие даасан хуулиар зохицуулах шаардлагын үүднээс:

а/Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал (Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны  албан тушаал, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал, хуульд заасан бусад албан тушаал”) хамаарахаар заасныг хэвээр үлдээж, харин эдгээр албан тушаалын эрх зүйн байдлыг ямар хуулиар зохицуулахыг тодорхой зааж өгөх.

б/Төрийн нийт албан хаагчдын дийлэнхи хувийг эзэлж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдын эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиас илүү Хөдөлмөрийн хуулиар голчлон зохицуулсан байдаг. Дэлхий нийтийн жишгээс үзвэл төрийн албан хаагч, төрийн албанд хөдөлмөр эрхлэгч гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд “төрийн албанд хөдөлмөр эрхлэгч” гэсэн ойлголт нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасан "төрийн үйлчилгээний албан хаагч"-тай агуулгын хувьд ижил юм.

Төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн зохицуулалтыг тусад нь авч үзсэнээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан (төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах,  албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах,  төрөөс орон байраар хангагдах, Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх, төрийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах, төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах, хууль тогтоомжоор тогтоосон бусад) баталгааг алдах, үүнтэй холбогдуулан тэдний зүгээс бухимдал үүсэх сөрөг үр дагавар гарах магадлалтай боловч  төрийн суурь үйлчилгээг хүргэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн нийгмийн баталгааг хангах  эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн жинхэнэ албыг цомхон бөгөөд чадварлаг болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль” 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсанаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-дахь заалт (төрийн албан хаагчийн гэр бүлээс нь их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн 1 хүүхдийнх нь сургалтын зардлыг дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн тус тусын жишгээр тооцож төр хариуцах)-ыг хүчингүй болсонд тооцон сургалтын зардалтай холбогдох асуудлыг бие даасан хуулиар зохицуулах болсон нь төрийн үйлчилгээний албаны эрх зүйн зохицуулалтыг тусад нь  авч үзэхэд бас нэг алхам болов.

 -Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал (төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал; боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-аас бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал; яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэгтөрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал) хамаарахаар заасныг хэвээр үлдээж, төрийн үйлчилгээний албан тушаалын эрх зүйн байдлыг ямар хуулиар зохицуулахыг энэхүү хуульд зааж өгөх.

2.Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөхдөө улс төрийн зүй  бус нөлөөллөөс ангид, зөвхөн мэдлэг чадвараар нь шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах мерит зарчмыг баримтлах чиглэлээр:

2.1.Аливаа улс орны төрийн алба хэдий чинээ мэргэшсэн, тогтвортой байх тусам тухайн оронд өрнөж буй улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээг хамарсан өөрчлөлт, шинэтгэлийн үйл хэрэгт төдий  чинээ илүү их хувь нэмэр оруулж, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх улс нийгмийн нийтлэг зорилгыг бодит ажил үйлс болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг ажээ.

1883 онд АНУ-ын Ардчилсан намын сенатч Жорж Пендлтоны санаачилж батлуулсан хууль (“Пендлтоны хууль” гэж алдаршсан)-аар намуудад төрийн албан тушаалыг хуваарилдаг тогтолцоог өөрчилсөн бөгөөд энэ мөчөөс эхлэн АНУ-д төрийн албаны Мерит тогтолцоо бүрдэж эхэлсэн гэж үздэг.

Пендлтоны хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн улс орон, тухайлбал Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд асар богино хугацаанд өндөр хөгжилтэй орон болж хөгжсөн амжилтаа төрийн албандаа Мерит тогтолцоог хэрэгжүүлсний ач тус гэж үзэж байна.

Дээрхи үзэл санааны дагуу 1995 оноос мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль нь улс төрийн болон төрийн жинхэнэ албыг зааглаж, тухайлбал улс төрийн албан тушаалд сонгогдох юм уу, түүний үр дүнгээр томилогдох замаар, харин төрийн жинхэнэ албанд мэргэшлийн шалгалт өгөх замаар ордог тогтолцоонд шилжсэн билээ.  Одоо төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу, харин төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх ажлыг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу тус тус зохион байгуулж байна.

  2.2. Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь ”төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх“ бүрэн эрхийг хэрэгжүүлж байна.

Төрийн жинхэнэ (төрийн захиргааны болон төрийн тусгай) албаны удирдах албан тушаал гэдэгт Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан албан тушаал (Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг  байгууллагын ерөнхий менежер,  агентлагийн дарга /цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагаас бусад/,   Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга), мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-т заасан ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албан тушаал (Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга,  Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн тамгын хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,  Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын “Хоёр”-ын “9”-д заасан албан тушаал (Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХТГ, ЗГХЭГ, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, яам /хэлтэс, алба, тасгийн дарга хамаарахгүй/, Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон Засгийн газрын тохируулагч агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжээс дээшхи албан тушаал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээшхи удирдах албан тушаал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал)-ууд хамаардаг бөгөөд эдгээр албан тушаалын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл эрхлэн явуулдаг.

Ийнхүү Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулахаар заасан төрийн жинхэнэ албаны  удирдах албан тушаалыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д хэт өргөн хүрээтэй тогтоосноор төвлөрөл бий болж, мэргэшсэн, улс төрөөс ангид, меритэд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт тавих Төрийн албаны зөвлөлийн үндсэн  чиг үүрэг цалгардаж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах ажилд ихээхэн цаг, хүч зарцуулж байгаа юм.

 Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга (цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагаас бусад), Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг  байгууллагын ерөнхий менежер, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга,  ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга,  аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд (Одоо дээр дурдсан албан тушаалуудад 63 хүн ажиллаж байна) сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтанд санал болгох чиг үүргийг Төрийн албаны зөвлөл, тэдгээрээс бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гаргах эрхийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, салбар зөвлөлгүй төрийн байгууллагын хувьд томилох эрх бүхий этгээдээр төлөөлүүлэн гүйцэтгүүлэх замаар хэрэгжүүлэх саналтай байна.

ТАЗ-ийн салбар зөвлөлийг зөвхөн нутаг дэвсгэрийн зарчмаар ажиллуулна гэж үзэж, аймаг, нийслэл дэх ТАЗ-ийн салбар зөвлөлд эрхээ шилжүүлж, харин яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төр, засгийн удирдах дээд байгууллагын болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэхээр хуулийн төсөлд тусгав.

Үүний тулд ТАТХ-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан дээрх журмыг хүчингүй болгож, түүнийг батлан мөрдүүлэх эрхийг Төрийн албаны төв байгууллагад олгон хуульчилснаар энэхүү журамд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах ТАЗ-ийн бүрэн эрхийг өөрийн нутаг дэвсгэрийн салбар зөвлөлд шилжүүлэх болон дээр дурдсан ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албан тушаалтнуудаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх асуудлыг журмаар нарийвчлан зохицуулах боломжтой.

 2.3. Төрийн албаны тухай хуульд 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсноор Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох зөвхөн нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгч байгаа нь Төсвийн   байгууллагын   удирдлага, санхүүжилтийн тухай  хуулийн 48 дугаар зүйлийн  48.3-т  "Ерөнхий  менежер хүний  нөөцийн  асуудлаар хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төрийн албаны төв байгууллага хөндлөнгөөс оролцохыг   хориглоно"   гэж   заасантай болон  мөн  хуулийн   17   дугаар   зүйлд  заасан  Ерөнхий  менежерийн бүрэн   эрхтэй   шууд  зөрчилдөж  байна гэсэн шүүмжлэлтэй  байнга тулгарч ирсэн тул “нэг ажилтныг” гэсний оронд бүрэн шаардлага хангасан 3 хүртэл хүний нэрийг дэвшүүлдэг байхаар өөрчлөх саналтай байна.

 Мөн төрийн жинхэнэ албаны хамгийн доод ангилал болох туслах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоог өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар, харин түүнээс дээшхи ангилал (дэс, ахлах, эрхэлсэн)-ын албан тушаалын сул орон тоог карьерын  зарчмыг баримтлан албан тушаал дэвшүүлэх замаар нөхөхөөр хуулийн төсөлд тусгав.

 Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалттай холбоотой дээрх өөрчлөлтүүдийг хийснээр:

  •   Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл  харьцангуй цөөн тооны ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэдэг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг чанартай гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ.
  •  Төрийн жинхэнэ албаны зарим удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг эрх шилжүүлэх болон төлөөлүүлэн гүйцэтгүүлэх хэлбэрээр анхан шатанд шилжүүлснээр хүний нөөцийн хэрэгцээгээ шуурхай, зөв зохистой хангах төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагуудын эрх мэдэл, хариуцлага нэмэгдэнэ.
  • Сонгон шалгаруулалтад тэнцсэн 3 хүртэл хүний нэрийг дэвшүүлдэг болсноор тухайн албан тушаалд хамгийн сайн тохирох хүнээ зөв сонгон авч, албан тушаалд томилох боломжийг байгууллагын удирдлагад олгоно.
  •  Төрийн жинхэнэ албаны дэс, ахлах түшмэлийн албан тушаалыг албан тушаал дэвшүүлэх замаар нөхдөг болсноор төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчим хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

 Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай  заасан ТБУСТХ-ийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг ТАТХ-д нэгтгэж, цаашид удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт хийх, нэр дэвшүүлэх, томилох харилцааг ТАТХ-иар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байна.  

3. Төрийн  албаны стандартын хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг өргөтгөх чиглэлээр

3.1. Төрийн жинхэнэ албаны зарим удирдах албан тушаалд болон төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд  сонгон шалгаруулалт явуулах Төрийн албаны зөвлөлийн зарим бүрэн эрхийг төрийн байгууллагын Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудаар төлөөлүүлэн гүйцэтгүүлснээр Төрийн албаны төв байгууллагын бүрэн эрхэд “хянан шалгалт /аудит/ хийх, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хууль бус томилгоо хийсэн, сул орон тоог нийтэд зарлаагүй, хууль бусаар албан тушаалаас чөлөөлсөн, халсан томилох эрх бүхий этгээдэд хариуцлага ногдуулах” зэрэг эрхийг нэмэх шаардлагатай юм. 

Практикаас үзэхэд, зарим улс төрийн албан тушаалтан тухайлбал, сайд, Засаг дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх ерөнхий менежерийн бүрэн эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй,  төрийн албаны ямар ч туршлагагүй хүнийг төрийн жинхэнэ албаны удирдах, ялангуяа ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албан тушаалд ТБУСТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан /мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадвар/-ыг харгалзахгүйгээр томилж байгааг  төрийн албан хаагчид болон олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Түүнчлэн төрийн зарим байгууллагын ерөнхий менежерүүд мэргэшлийн шалгалтад тэнцээгүй, эсхүл шалгалт өгөөгүй иргэнийг төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд томилох, мөн сул ажлын байрыг тухай бүр нийтэд мэдээлэхгүй байх, төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалтныг хууль бусаар ажлаас чөлөөлөх, халах, хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдож, шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоосон ч бүх шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, чирэгдүүлэх, хохироох тохиолдол байсаар байна. 

Иймд Төрийн албаны төв байгууллагад төрийн албаны стандартын хэрэгжилтийг хянан шалгах эрх олгож, улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагчтай байх, улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрх (хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх барих байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих,  хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох, холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах. ... хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан  тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах, хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах, хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх)-ийг хэрэгжүүлж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа (хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох, хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах, хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон тохиолдолд түүний албан тушаалын гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн ар гэрт олгох) - гаар хангагдаж байхаар Төрийн албаны тухай хуульд шинээр бүлэг эсхүл ТАТХ-ийн “Зургадугаар бүлэг”-т хэд хэдэн зүйл нэмэх нь зүйтэй.

4. Төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид байлгах талаар:

 Улс төрийн үйл ажиллагаа гэдгийг ТАТХ-д тодорхойлоогүй байгаа нь төрийн жинхэнэ албан хаагч санаатай буюу санамсаргүйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох буюу улс төрийн зүй бус нөлөөнд автахад хүргэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд  “улс төрийн үйл ажиллагаа” гэдгийг “намыг дэмжих, намд харьяалагдах, аливаа улс төрийн намаас албан ёсоор дэвшүүлж буй бодлого болон сонгуульд нэр дэвшигч, түүнчлэн улс төрийн албан тушаалд нэр дэвшихээр ажиллаж буй  этгээдийг сонгуулиас өмнө болон сонгуулийн үеэр дэмжих, эсэргүүцэх  аливаа үйл ажиллагааг агуулсан байдлаар  тодорхойлж, ТАТХ-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

5. Төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, сургалт хөгжил, баталгааны талаар:

5.1. Төрийн албаны тухай хуульд төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшилтай холбогдох асуудлаар гаргах тогтоол шийдвэрт “Төрийн албаны зөвлөлийн санал”-ыг үндэслэхээр заасан нь Засгийн газрын тухай хуулиар Засгийн газарт олгогдсон төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх (Аппаратыг чадваржуулан хямдруулж боловсронгуй болгох шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, Төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлөх зэрэг) бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохоор зохицуулалт болсон байна.

Засгийн газрын захиалгат сургалтын төлөвлөгөөг жил бүр  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран баталж, Удирдлагын академиар гүйцэтгүүлж ирсэн боловч Удирдлагын академи нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай ажиллаж, үндсэндээ академик сургалт явуулж байгаа нь төрийн албан хаагчийн мэдлэг, чадварын цаг үөийн хэрэгцээт шаардлагыг бүрэн хангахгүй байна.

Төрийн албанд анх орох иргэнд болон албан тушаал дэвших, сэлгэн ажиллах тохиолдолд тухай бүр нь сургалт явуулдаг тогтолцоо бүрдээгүй, төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх  асуудал тодорхой бодлого, хэрэгцээнд үндэслээгүй, сургалт нь төрийн албан хаагчийг урамшуулах хөшүүрэг болж чадаагүй, боловсон хүчнийг бэлтгэх талаар их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоо, нэгдсэн бодлоготойгоор мэргэжилтэн бэлтгэх, боловсон хүчний хэрэгцээг судлах, дээд сургуулиудыг мэдээллээр хангах нэгдсэн тогтолцоо байдаггүй зэрэг нь төрийн албан хаагчийн хэрэгцээнд тулгуурласан сургалтын нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

   Энэ асуудлыг шийдвэрлэж, төрийн албан хаагчийн сургалтыг бодит хэрэгцээнд тулгуурласан, бодлого, зорилготой явуулах, төрийн албан хаагчдыг байнга мэргэшүүлэх сургалтын тогтолцоог бий болгохын тулд Удирдлагын акедемийг академик сургалт явуулдаггүй, зөвхөн төрийн албаны сургалт явуулдаг чиг үүрэгтэй болгож, УА-ийн төрийн албаны сургуулийг өргөжүүлэн Төрийн албаны бие даасан сургуультай болох шаардлагатай байна. Төрийн  албан хаагчийн ажлын байран дээрх сургалт нь харьцангуй зардал бага шаардах тул түүнийг төрөөс зориуд дэмжих бодлого чухал байна.

Монгол Улсын Засгийн газар нь Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй. Энэ нь 1994 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөл нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд бие даасан байдалтай ажиллаж байсантай холбоотойгоор Засгийн газрын чиг үүрэгт орсон заалт бөгөөд энэ чиг үүргийг Засгийн газар өөрийн бүтцийн үндсэн нэгж (“Хүний нөөцийн удирдлагын хэлтэс”, хожим нь “Төрийн албаны боловсон хүчний хэлтэс”)- ээр гүйцэтгүүлж байсантай холбоотой юм.

Гэтэл ТАТХ-д 2002 онд нэмэлт өөрчлөлт орж, Төрийн албаны зөвлөлийг “хараат бус бие даасан” статустайгаар, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнээс ангид, Улсын Их Хуралд  ажлаа тайлагнадаг байгууллага болгон баталгаажуулсан (ТАТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.2 ”Зөвлөл нь хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.”)-аар ТАТХ-д заасан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд “төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  удирдах ажилтны манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх сургалт болон төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, зохицуулах” асуудлыг тусгасан байна. (Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10)

Иймд нийт төрийн алба (төрийн улс төрийн, төрийн үйлчилгээний алба хамаарна)- ыг хамарсан төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академи хариуцах, харин Төрийн албаны зөвлөл нь өөрийн үндсэн үүрэг (төрийн албан тушаалын ангилал бүрийн хэрэгцээнд нийцүүлэн модульт сургалт зохион байгуулах, энэхүү модульт сургалтын тодорхой түвшинд төрийн жинхэнэ албан хаагчдыг заавал хамруулж, тэднээс энэхүү сургалтын үр дүнг шаарддаг болох, сургалтад хамрагдсан болон сэлгэн ажилласан байдлыг албан тушаал дэвшүүлэх, ажлын үнэлгээ, урамшууллын тогтолцоотой холбох гэх мэт)-т хамаарах асуудлаар явуулах сургалтыг өөрийн дэргэдэх сургалтын байгууллагаар гүйцэтгүүлэх эсвэл шаардлага хангасан өөр бусад байгууллагаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх боломжтой байх нь зүйтэй гэж үзэж байна. /”Модуль-гэдэг нь тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж, ажилбар юм” гэж Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан байдаг./

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн албан хаагчийн баталгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар заасан.

 Канад зэрэг олон жилийн туршлагатай улс орнуудад мэргэшсэн төрийн албан хаагчийг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар, тухайлбал, төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн тохиолдолд ажлаас нь чөлөөлсөн бол тухайн төрийн албан хаагчийг тодорхой хугацаанд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцох зохицуулалт шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор ТАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “тохиолдолд” гэсний дараа “1 жил хүртэл хугацаанд төрийн жинхэнэ албаны нөөцөд байх” гэж нэмэх.

Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлууд Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын чанартай хуулиудад янз бүрээр тусгагдсаныг жигдэлж, нэг хуулиар зохицуулах нь зүйтэй. Тухайлбал, "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах тухай хууль" гэсэн нэртэй бие даасан хууль байж болох юм. Гэхдээ төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны өмнө нь хүрсэн түвшинг аль болох бууруулахгүй байх бодлогыг баримтлах нь зүйтэй.

Төрийн албаны төв байгууллагын бүрэн эрхэд төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой чиг үүрэг хамаарахгүй болсон тохиолдолд Тавдугаар бүлгийн холбогдох бүх зүйл, заалтаас "төрийн албаны төв байгууллага" гэснийг хасч өөрчлөн найруулах зэрэг өөрчлөлтүүдийг тусгах юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.