2012.05.03

Хятад улс БНАСАУ-д хориг арга хэмжээ авахыг дэмжлээ

ТОКИО. /КИОДО ЦУСИН/. Өнгөрсөн сард зөөгч пуужин хөөргөсөн учир БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг өргөжүүлэхийг Хятад улс зөвшөөрчээ.

БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой байгууллагуудын хар дансанд тус улсын гурван компанийг оруулахыг Бээжин дэмжлээ. Урьд нь АНУ, Европын Холбоо, Өмнөд Солонгос, Япон улс Умард Солонгосын 40 байгууллагад хориг арга хэмжээ авах санал оруулсныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ Хориг арга хэмжээний хороо баталсан байна. Одоо бусад компанид хориг арга хэмжээ авах эсэх талаар хэлэлцэж байгаа ажээ.

НҮБ-ын АЗ-ийн хорооны шийдвэрийг тус зөвлөлийн бүх гишүүн санал нэгтэй дэмжих ёстой байдаг, тиймээс БНАСАУ-ын олон жилийн холбоотон Хятадын зөвшөөрөл Пхеньянд шинэ хориг арга хэмжээ авахад чухал үүрэгтэй юм.

Умард Солонгос пуужин хөөргөснийг НҮБ-ын АЗ зэмлэн буруушаагаад, энэ нь өмнөхь тогтоолуудыг "ноцтой зөрчсөн хэрэг" гэжээ. Тиймээс баллистик пуужингийн технологи ашигласан ямар ч пуужин дахин хөөргөхгүй байх, баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой аливаа үйл ажиллагаагаа зогсоох, цөмийн бүх төрлийн зэвсэглэл болон цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг БНАСАУ-аас НҮБ-ын АЗ шаарджээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.