ОХУ-ын гадаад бодлого өөрчлөгдөхгүй
2012.05.22

ОХУ-ын гадаад бодлого өөрчлөгдөхгүй

Өнгөрөгч 18, 19-ний өдөр Америкийн “Кэмп дэвид”-д “Их найм”- ын уулзалт болсон билээ. Уулзалтад ОХУ-ыг төлөөлж Ерөнхий сайд Дмитрий Медведев оролцсон бөгөөд Ерөнхийлөгч В.Путин түүгээр дамжуулж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад захидал илгээжээ. Д.Медведев Б.Обамад захидлыг гар дуулахын ялдамд “В.Путин ОХУ-ын гадаад бодлогыг өөрчлөхгүй. ОХУ АНУ-тай урьдын адил харилцах болно” гэж хэлжээ.
Түүнчлэн тэрбээр “Их найм”-ын уулзалтын төгсгөлд хэвлэлийн бага хурал дээр “Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын сайд нарыг сонгох ажлын улмаас энэ удаагийн уулзалтад оролцож амжсангүй. Тиймээс миний бие уулзалтад оролцох Оросын төлөөлөгчдийн багийг ахалж ирсэн. ОХУ гадаад бодлогоо өөрчлөөгүй” гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон В.Путиныг “Их найм”-ын уулзалтад оролцохгүй гэж мэдэгдсэний дараа барууны хэвлэлүүд ОХУ-ыг барууны орнуудтай, тэр дундаа АНУ-тай харилцах харилцаагаа өөрчлөх нь гэж бичиж байсан юм.

Түүнчлэн Б.Обама түүний зохион байгуулж буй уулзалтад В.Путиныг оролцохгүй гэж мэдэгдсэний дараа ирэх есдүгээр сард Владивостокт болох, В.Путины зохион байгуулах “АПЕК”-ийн уулзалтад оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд үүнийг ажиглагчид хоёр их гүрний харилцаа сулрахын илрэл гэж дүгнэж байв. Ямартаа ч В.Путин Б.Обамад илгээсэн захидалдаа ОХУ АНУ-тай харилцах харилцаандаа эрс шинэчлэл хийхгүй гэдгийг уламжилсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.