2012.08.30

“Босоо” гишүүний өрөөг нэгжсэн нь

 

Шууд.мн сайт  “Нэгжлэг” булангийнхаа  ээлжит дугаарыг  УИХ-ын гишүүн С.Ганбаатарын  ажлын өрөөнөөс бэлтгэлээ.

Тэрбээр Төрийн ордны дөрвөн давхарт 411 тоотод төвхнөөд удаагүй бөгөөд бусад гишүүдийн өрөөнөөс хамгийн жижиг өрөөнд суудаг юм.

“Өрөөний том жижгээр  ажил явах биш дээ. Хамгийн гол нь эндээс ард түмэнд хэрэгтэй бодлого гарах ёстой юм шүү дээ” хэмээн  тайлбарласан  эрхэм гишүүн маань өрөөндөө Манзушир бурхан, морин хуурыг их л нандигнан  залсан харагдана. Тэрхүү бурхны талаар хуучлахдаа “Манай үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагууд энэ морин хуурыг надад бэлэглэсэн юм. Миний  сайн найз Г.Батмагнай  гээд Америкт сургууль төгссөн маш өндөр боловсролтой залуу байдаг. Найз минь  бурхан болсон ээж аав хоёрт минь зориулж Манзушир бурхныг бүтээлгэж өгсөн. Манзушир бурхан бол оюун ухааны бурхан юм. Би ээж аавыгаа энэ Манзушир бурхан болсон гэж боддог,  аав ээжтэйгээ үргэлж хамт байгаа мэт санагддаг” гэж аминчиллаа.

Түүнчлэн ширээн дээрээ залсан азаргыг Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны  дарга бэлэглэсэн  гэнэ.  Урьд нь  эрхэм гишүүнд  соёолон бэлэглэж байсан  одоо бол азарга боллоо шүү  хэмээн бэлгэдэн  дээрх бэлгийг өгчээ.

Түүний  хүндэлдэг ах нь  “Өрөөндөө уугиулж байгаарай” гэж энэ арцыг өгчээ.  Тэрбээр боломж гарвал энэхүү  арцаа уугиулдаг гэнэ. Гал  бол бидний юу хүсэж, бодож, тэмүүлж байгааг дээд тэнгэрт хүргэдэг зүйл шүү дээ гэж тайлбарласан юм.

Лхагвасүрэн гэдэг зөвлөх багш  нь  энэхүү  тулгыг бүтээлгэж өгчээ.  Тулга нь эрэг, шураг огт ороогүй  бүгдийг нь хадаж хийсэн юм байна.

Өрөөндөө орж ирсэн хүмүүстэйгээ хөөрөг зөрүүлж мэндэлдэг аж. Лхамхүү гэж  найз нь  хөөрөгний  даалин сайн хийдэг хүнийг олж хийлгэж өгчээ.   Үнэтэй даавуугаар хийлгээгүй ч найзынх нь   сэтгэл шингэсэн болохоор би хайрлаж явдаг гэлээ.

Эрхэм гишүүний эхнэрийнх нь  өвөөгөөс  удам  дамжиж ирсэн  маш эртний  хөөрөг.

Хөөрөгнийхөө талаар “Гарын их ур дүйтэй хүмүүс хийж байсан , тэгээд  ч маш нимгэн байгаа биз дээ.”

Тэрбээр гүү унагалаж байгаа зургийг монголчууд аз авчирдаг гэж ярьцгаадаг, энэ зургийг анх  сайн нөхөр Бямбасүрэнгийн өрөөнд байхад харсан л даа,  найз минь сүүлд надад угаалгаж өгсөн. Мал төллөх тэр тусмаа халуун хошуутай амьтан гүү унагалахыг монголчууд аз авчирна гэж бэлгэшээдэг.  Би унага дөнгөж төрөөд хөл дээрээ дэнжигнэж байхийг харсан ч яг гүү  унагалаж байхыг хараагүй. Энэ бол маш ховор тохиолдол. Тиймээс  би энэ зургийг харах болгондоо монгол хүн надад аз авчрах болтугай гэж дотроо залбирч бэлгэшээдэг дээ”  гэлээ.

Тусгаар тогтнолыхоо төлөө амиа өгсөн баатар жанжин Сүхбаатарынхаа зургийг хойноо өлгөсөн байгаа. Би ойрын үед ард Аюушийн зургийг авчрахаар төлөвлөсөн . Би намыг шүтдэггүй Ард Аюушийг хүндэлдэг бие даагч хүн.

Харин номын шүүгээн дотроо судалгааны материалууд эгнүүлжээ. Иргэдийгээ нэн тэргүүнд  орон сууцжуулахад судалгаа хийж эхэлжээ.

С. Ганбаатар гишүүний одоогийн барьж буй цүнх нь элэгдэж хуучирсан нэлээд муудсан харагдлаа. Хуучирсэн цүнхээ олон жил барьсан. Биед амар байдаг юм, гэсэн ч зарим хүмүүс  нэлээн шүүмжилж байгаа гэв. Тиймээс оёо нь ил гарсан элэгдсэн цүнхээ солихоор болсон аж. Учир нь Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Амгаланбаатар   шинэ цүнх бэлэглэжээ. Тэгэхээр  ойрын хугацаанд цүнхээ солино гэдгээ хэллээ.  Шүүгээн дотроо мөн өөрийн бичсэн номнуудаа байршуулжээ. Гишүүн өрөөнд нь зочилсон хүмүүст номноосоо бэлэглэдэг уламжлалтай.

Монгол  төрийн далбаа буруу өнгөтэй мандаад байна.  Жинхэнэ өнгө нь ийм ухаан ягаан өнгөтэй байх ёстой юм.

Дарханы далбаа. Урласан хүнээ “Их гоё хийж өгөөрэй гэтэл том хийнэ гэж ойлгосон юм шиг байгаа юм”.

Ажлынх нь цагаар өрөөнд нь зочилсон биднийг төвөггүй хүлээн авч  тав гишгэх зайгүй бяцхан өрөөндөө олон зүйлийн утга агуулсан эдлэлээ нэг бүрчлэн танилцуулж байхдаа гишүүн маань “Босоо шагдар гэдэг шиг Босоо Ганбаатар гэж хэлж байгаад би их бэлгэшээж байгаа. Төрийн сүлд, төрийн соёмбот далбааныхаа өмнө үг хэлэхдээ заавал би босож хэлэх ёстой. Уг нь монгол хүн сөгдөж үг хэлэх учиртай. Би парламентын танхимд орохдоо үргэлж түмэн олны  минь амьдрал  сайжраасай гэж залбирч ордог. Английн, Ирландын парламент гээд анхны долоон парламент   үүсэн байгуулагдахдаа бүх гишүүд нь  босож үг хэлдэг байсан юм. Энэ энгийн зүйлээс эхлээд бие биенийгээ хүндэтгэх, хүндлэл бий болдог.  Цэвэр хүндэтгэлийн асуудал. Ялхайж суучихдаа ярина гэдэг нь амархан хэрүүл хийнэ гэсэн үг. Босоод цэх зогсоод ярихад сул үг хүртэл хэрэглэдэггүй. Эмх цэгцтэй.  Манай парламентын гишүүд удахгүй босч зогсдог болох байх” гэснээр бидний нэгжлэг булангийн дугаар өндөрлөсөн юм.

Нийтлэлч
Н.Түвшин.
Гэрэл зургийг
Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.