2012.09.05

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдөрийн хуралдаан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд гишүүд санал хэлснээр эхэллээ.

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа болон дэмжихгүй байгаа гишүүдийн тоог гурав гурваар тэнцүүлэн саналыг нь хэлүүлсэн юм. Хуулийн төслийг дэмжихгүй байгаа гишүүд тухайн шатны Засаг дарга Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн байгууллагын удирдлагыг томилдог хуучин заалт хэвээр байгаад харин хяналтын механизмыг сайжруулах нь зүйтэй гэсэн саналтай байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  “Төсөл санаачлагчид улстөржиж байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамжийн тухай хуулийн гол заалт болох халамжийг яг хүртээх ёстой хүмүүст нь өгдөг байх гэсэн зарчмаас  хазайсан төсөл санаачилжээ. Халамжийн тогтолцоог босоо удирдлагатай байлгаснаар дээрх зарчим алдагдана. Тиймээс тухайн шатны Засаг дарга Халамжийн байгууллагын даргыг томилсноор хариуцлага тооцох, хяналтын механизм хэрэгждэггүй гэж үзэж байгаа бол мэргэжлийн байгууллага нь хөндлөнгөөс хянах хяналтаа сайжруулах нь зүйтэй. Босоо удирдлагатай байна гэдэг төрийн ёс зүй алдагдана” гэсэн санал гаргаж байв.

Хуулийн төслийг дэмжье гэсэн гишүүдийн дийлэнх зарчмийн зөрүүтэй санал гаргаж байсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Дэмбэрэл нар “ Хуулийн төслийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ Нийгмийн даатгалын байгууллагын удирдлагыг томилохдоо тухайн шатны Засаг дарга ч биш, босоо удирдлагаар ч биш, харин Нийгмийн даатгалын дэргэдэх гурван талт Үндэсний зөвлөлөөс томилдог байхаар энэ хуулийн төслийг сайжруулаач. Салбар хариуцсан сайд С.Эрдэнэ ч энэ саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг дээр дэмжиж байсан” гэв. УИХ-ын дарга З.Энхболд дээрх саналыг тусдаа хууль санаачлан оруулж ирснээр хэлэлцэх боломжтой, түүнээс УИХ-ын Дэгийн тухай хуулиар хуулийн төслийг сайжруулах санал гаргаж болохгүй гэдгийг гишүүдэд сануулсан.

 Тухайн шатны Засаг дарга даатгал, халамжийн байгууллагын удирдлагыг томилсноор халамж эзэндээ очихгүй байх улмаар даргын томилгоо улстөржсөн, эсвэл ах дүү, хамаатан саднаа даргаар тавьдаг тохиолдол бий гэдгийг хуулийн төслийг дэмжигчид мөн ярьж байсан. Тухайлбал, Дархан-Уул аймагт халамжийн маш их хэмжээний мөнгийг “Чингис хаан” банкинд байршуулж мөнгө угаасан тохиолдол бий хэмээн С.Ганбаатар гишүүн ярьж даатгал төлөгчдийн эрх мэдлийг даргын томилгоонд оруулах ёстой гэсэн саналтай байлаа. Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа хуралдаанд суусан нийт 46 гишүүдээс 27 нь буюу 58,7 хувь нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж холбогдох байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.