2012.09.14

Техникийн асуудлыг шийдтэл Чуулганыг завсарлууллаа

Өнөөдөр Нэгдсэн хуралдаанаар зайлшгүй хэлэлцэх ёстой асуудал бол  Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлэг байлаа. Дэгийн хуулийн дагуу төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгээр төслийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулах учиртай юм. Гэтэл УИХ дахь МАН-ын гишүүд санал хураалтад оролцохгүй ирцэнд бүртгүүлсэн картаа сунгалж авснаас ийм асуудал үүссэн юм.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан, Засгийн газар байгуулагдаад 21 хонолоо. Төсвийн байгууллагын санхүүжилт хүлээгдэж байгаа. Тэтгэвэр тэтгэмж хийгдээгүй байна. Иргэд, байгууллагаас шаардлага тавьж цугласан. Бид аль болох энэ байдлыг зөвөөр ойлгуулахыг оролдож байна. Төсвийн хуулийг баталж өгөөч. Даваа гарагаас санхүүжилтээ хийхгүй бол нийгэмд бухимдал үүсэх нь байна. Олон хүн хүсэн хүлээж байгаа асуудал болоод байна. Төсвөөр битгий барьцаалаач гэсэн байр сууриа хэлсэн юм.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсөв мөнгөө батлаад явбал яасан юм бэ. Их хэмжээний хөрөнгө оруулалт тасарсан. Зарим орлого орж ирэхгүй байна. Төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Асуудлыг аль аль талдаа ойлгоод шийдээд явья гэж уриалж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Бид хуулийн дагуу ажиллая гэж хэлээд байхад асуудлыг авч хэлэлцэхгүй, намын бүлгийг байгуулж өгөхгүй байна. Өнөөг хүртэл гацчихаад байгаа асуудлаа шийдээд явья. Тийм учраас энэ хурлаа түр завсарлаж хойшлуулаад тулгараад байгаа асуудлаа яриад ороод ирье гэсэн санал хэллээ.

Харин гишүүн С.Баярцогт, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиа бариад явья гэсэн санал гаргаад хуулийн тодорхой зүйл заалтыг гишүүдэд уншиж танилцуулав. Уг хуулийн  4.9-д “Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”. 4.10-т “Энэ хуулийн 4.9-д зааснаас бусад шалтгаанаар гишүүн хуралдаанд оролцоогүй буюу орхиж гарсан бол түүнийг хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан байгаа. Тэгэхээр ирцэнд орж санал өгч явсан гишүүдийг хуралдаанд ирснээр тооцон саналаа хураагаад явах нь зүйтэй гэлээ.

Ингээд асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэхээр болсон ч МАН-ын гишүүд картаа хийж ирцэнд орохоос татгалзсан учир хуралдаан эхлэхэд ирцэнд орсон гишүүдийн нэрсийг компьютерт оруулж хуралдаанаа үргэлжлүүлэхээр болж, энэ талаархи техникийн асуудлыг шийдтэл нэгдсэн хуралдааныг түр хугацаагаар завсарлууллаа. Үдээс хойш УИХ-ын чуулган үргэлжлэн хуралдаж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.