Баярсайхан.Г 2012.10.31 | Сонин: Ардчилал

Г.Баярсайхан: Таван тэрбумын бонд гаргахыг дэмжиж байгаа, гэхдээ...

Г.Баярсайхан: Таван тэрбумын бонд гаргахыг дэмжиж байгаа, гэхдээ...
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Шинэ парламент анхныхаа төсвийн төслийг батлахаар хэлэлцэж байна. Гишүүд Засгийн газраас оруулж ирсэн Монгол Улсын 2013 оны төсвийн алдаа оноог нь дэнсэлж, хөрөнгө оруулалт, орлого, зарлагыг тооцон, санал бодлоо солилцсоор. Үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон. Гэвч задаргаагүй, юунд зарцуулах нь тодорхой бус гэсэн шүүмжлэл ч гарч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Засгийн газраас гаргах бондын асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар ард иргэддээ амласан зүйлээ, урдаа тавьсан зорил­гоо хэрэгжүүлж, бие­лүүлэхэд зайлшгүй мөнгө хэрэгтэй. Ер нь, аль ч засгийн үед өөрийн мө­рийн хөтөлбөрөө хэ­рэгжүүлэх зо­рил­гоор хөрөнгө мөнгө гаргадаг байсан.
Өнөөдөр Монгол Улсын санхүү жаахан тиймэрхүү байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ нь, ашигт малтмалын үнэ ханштай холбоотой. Тодруулбал, өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт саарсан тул экпортод гаргах манай бүтээгдэхүүний ханш унасан. Нөхцөл байдал ийм болсон тул урд нь төлөвлөж байсан хөрөнгө мөнгө орж ирэх боломжгүй боллоо. Тиймээс бонд гаргах хэлбэрээр хөрөнгө босгохоор тооцон оруулж ирсэн юм билээ.

-Юунд зарцуулах та­лаар?

-Сайшандын аж үйлд­вэрийн парк, авто болон төмөр зам, цахилгаан станц гээд олон том бүтээн байгуулалт хөрөнгөгүйгээс эхэлж чадахгүй явна. Нэгэнт төлөвлөөд, зураг төслийг нь бэлэн болгочихсон маш том бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахын тулд мэдээж хэрэг эх үүсвэр хэрэгтэй болчихоод байгаа юм. Ямар хөрөнгө мөнгө байхгүй гээд цаасаа бариад сууж байлтай биш.

-Дан ганц бонд гаргах замаар л хөрөнгө босгох нь оновчтой юу?

-Яахав эх үүсвэр олох цөөнгүй арга зам байгаа. Зас­гийн газар хөрөнгө босгох зо­рил­гоор энэ удаад бонд гар­­гаж, дэлхийн зах зээл дээр худалдахаар оруулж ир­сэн байна. Тэгэхээр тусгаар тогт­но­сон улсын гүйцэтгэх засаг­лал гэдэг нь баталгаа болж өгнө. Мөн үүний цаана газрын доорхи асар их баялаг бий. Тиймээс эргүүлж төлөхгүй гэ­сэн айдас огт байхгүй болов уу. Ерөнхийдөө гадаадынхан асар их сонирхох нь гарцаагүй гэж бодож байна. Эхнээсээ са­нал ирж байгаа гэсэн сураг бий.

-Таван тэрбум ам.доллар гэдэг нь дээр дурдсан төслүү­дийг хэрэгжүүлэхэд хан­галттай хүрэлцэх үү?

-Энэ бол бага тоо биш. Капиталист ертөнцөд мөн­гөний үнэлэмж хэвээр байгаа. Өр худалдах боломжтой гэ­сэн үг. Хэрэв бид зөв зо­хис­той зүйлд зарцуулан эргүүлэн төлөх боломжоо сайн тодорхойлохгүй бол эргээд өр болж хувираад Монгол Улсын эдийн засагт дарамт үзүүлнэ. Тэгэхээр бондоо борлуулсны дараа зарцуулалтад нь онцгой анхаарал хандуулж, хяналт тавих нь зүйтэй. Мөн УИХ-аас бондын зарцуулалтад хяналт тавих дэд хороо байгуулах хэрэгтэй гэсэн санал гарч байгааг хувьдаа дэмждэг. Ер нь, эдийн засгийн үр өгөөжтэй, эргээд мөнгө үйлдвэрлэх тийм л салбар, бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулах нь илүү оновчтой байх.

-Энэхүү мөнгийг нэг дор бөөнөөр нь авах юм уу, эсвэл хувааж бага багаар нь оруулж ирэх үү гэдэг сонин байна?

-Одоогийн байдлаар бөө­нөөр нь авна гэсэн зүйл алга. Үе шаттай, тодорхой нэг зүйлд зарцуулахад хэчнээн төг­­рөгийн бонд гаргах уу гэ­сэн зарчмаар явуулах юм. Өнөөдөр яригдаж байгаа нь 1.5 тэрбум ам.доллар. Үүнийг Сайншандын аж үйлдвэрийн цог­­цолбор, төмөр замд зар­цуу­лах нь зүйтэй гэж бодож суугаа.

-Бондоор босгох хөрөн­гө юунд зарцуулагдах та­лаархи задаргаа нь алга гэсэн шүүмжлэл бий. Зөвхөн бүтээн байгуулалтын ажилд л зарцуулна гэсэн тойм төдий зүйл л яригдсаар?

-Тийм л дээ. Уг нь манай улсад тав байтугай тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа шүү дээ. Учир нь, хөгжлийн гараан дээр зогсчихсон, уруудах уу, өгсөх үү гээд харж байна. Энэ үед ийм хэмжээний хөрөн­гө босгохоор оруулж ирсэн нь сайн хэрэг. Гишүүд үүнийг дэмжих болов уу. Гэвч задаргаагүй оруулж ирсэн нь гол дутагдал болоод байгаа хэрэг. Засгийн газраас энэ асуудлыг шийдэхийн тулд задаргааг нь оруулж ирэх байх. Гэхдээ таван тэрбумыг юунд зарцуулах вэ гэдэг талаар өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг явуулж, иргэдийн саналыг ч асуух нь зүйтэй гэж бодож байна. Дан ганц Засгийн газрын хуралдаанаар гар өргөн шийдээд явах нь хэтэрхий явцуу хүрээнд, лоб­битой, ашиг сонирхлын үүд­нээс шийдэгдэнэ. Мөн сонгон шалгаруулалтыг ч ил тод явуулах нь зүйтэй.

-Ирэх онд дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал айлчлан ирнэ гээд байгаа. Гэтэл бид бонд гаргах тухай ярьж сууна. Гадаад улс, орнуудын санхүү хямралтай байхад манай гаргаж байгаа бондыг худалдан авах уу. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тул уг хөрөнгөөр тийм ч их зүйл хийж чадахгүй гэх юм?

-Аль ч улсыг зээл авах, бонд гаргахад нь эдийн засгийн өсөлтийг нь хардаг. Манай эдийн засаг ирэх жилүүдэд өсөлттэй байх судалгааг яам тамгын газрынхан, эрдэмтэн судлаачид гаргасан байна лээ. Тэгэхээр өндөр өсөлттэй эдийн засагтай улс бонд гар­гахаар авахгүй гэх улс ховор байх. Мэргэжилтнүүд ч өндөр эрсдэлтэй зүйл биш болохоор хэн ч татгалзахгүй гэж байгаа. Ер нь, евро бүсийн Грек, Испани Улстай адил хэмжээнд оччихсон улс биш шүү дээ. Бид чинь газар доороо баялагтай, түүнийгээ удахгүй эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл ажлаа хангачихлаа. Тиймээс эдийн засаг нь доройтсон улсаас өрийн бичиг худалдан авч байснаас биднээс авах нь илүү найдвартай.

-Ер нь, хэрхэн төлөх вэ гэдэг сонирхол татаж байна?

-Үүнийг сайтар бодож тө­лөвлөх ёстой. Мэдээж хэ­рэг яаж өр болгохгүйгээр, эдийн засаг, төсөвтөө дарамт учруулахгүйгээр эргүүлэн тө­лөх вэ гэдгийг нарийн тунгаах нь зөв. Энэ талаар Зас­гийн газар ч тооцоо судалгаа хийсэн байж таараа. Тиймээс л бонд гаргахаар УИХ-д хандсан. Бидний зорьж байгаа томоохон бү­тээн байгуулалт дуусч мөн­гө үйлдвэрлээд эхэлбэл өрөө тодорхой хугацааны да­­раа төлчихнө. Харин валют үйлдвэрлэх салбарт оруу­лахгүй, үр ашиггүй зүйлд зар­цуулбал ёстой эргээд дарамт болно шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.