Я.Батсуурь: Авилга өгснийг нь өршөөдөг авсныг нь шийтгэдэг асуудлыг өөрчилнө
Хуулиар найман төрлийн авилгын зөрчлийг хуульчилж өгсөн.
2012.01.24

Я.Батсуурь: Авилга өгснийг нь өршөөдөг авсныг нь шийтгэдэг асуудлыг өөрчилнө

Энэ удаагийн парламент "дөрвөн жилийн хугацаанд хийж чадсан" гэх нэгэн томоохон ажлаа өчигдөр онцолсон нь Сонирхлын зөрчлийн хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуулийг баталсан тухай байлаа. Энэ талаар мэдээллийг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин нар хэвлэлийнхэнд өгсөн бөгөөд "Эрх мэдэлтний зан авирыг өөрчилж болохоор хууль гарлаа. Авилгатай тэмцэх үйл ажиллагааг дөрвөн түвшинд зохицуулж өгөх хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар хэн нэгэн эрх мэдэлтний ах дүү хамаатан садан тендерт шалгарах, давуу эрх эдлэх боломж байхгүй болж байна хэмээн мэдэгдлээ. Уг хуулийг дагалдан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт, Эрүүгийн хуульд нэмэлт, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиуд мөн батлагдсан нь нийлэн томоохон алхам болж буй аж

Гишүүд хууль батлагдсанаар үнэхээр томоохон авилгачидад хариуцлага хүлээлгэж чадах эсэх тухай асуултад "Хуулиар найман төрлийн авилгын зөрчлийг хуульчилж өгсөн. Өмнө нь Авилга авсан нь тогтоогдсон ч хариуцлага хүлээлгэх зохицуулалт сул байсан. Тухайлбал, "төрийн албанаас чөлөөлж болно"гэх хуулийн заалтыг буруугаар ашиглан, ажлаас халахгүй ч байж болно хэмээн ойлгодог байсан. Мөн АТГ-аас хууль эрх зүйн орчин хангалтгүй, ажиллахад бэрхшээлтэй байна гэх тайлбарыг тавьдаг байсан. Харин хууль батлагдсан тул АТГ нь жараахайнуудтай биш акулуудыг барих боломжтой болж байна" гэв. Түүнчлэн хууль батлагдсанаар ирэх жил манай улс авилгалын индексээр 120-д байгаагаасаа нэлээд урагшлах төлөв ажиглагдаж байгаа гэнэ.

Энэ хууль нь долдугаар сарын 5-наас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ хугацаанд хуулийг сурталчлах, холбогдох журам, зааврыг төрийн албан хаагчдад хүргэх аж.Авилгатай тэмцэхэд энэ хуулийг гаргаад орхилгүй цааш нь хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр хуулийн төсөл  боловсруулан ажиллаж байгаа талаараа ч гишүүд хэлж байв. Тухайлбал, Я.Батсуурь гишүүн "Эрүүгийн хуульд дараагийн өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа. Авилга өгснийг нь өршөөдөг, авсныг нь шийтгэдэг байх зохицуулалтыг хийж чадвал авилга авагчдын нөхцөл улам хүндэрнэ" гэв. Нэг талаас энэ хууль нь төрийн албан тушаалтныг тодорхой баримтгүй "хардаж", төрийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаас албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авилгад холбогдохгүй байх урьдчилсан нөхцөлийг бий болгох, сэргийлэх зэрэг ач холбогдолтой болж байгаа аж.

Энэ хуульд заасан нийтийн албан тушаалтан гэж Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн, орон нутгийн өмчийн болон төрийн, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эс бөгөөс улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтанг ойлгохоор зааснаараа зөвхөн төрийн албан тушаалтан гэж хязгаарлагдахгүй боломж анх удаа бүрдэж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, "би төрийн албан тушаалтан биш" гээд хууль хяналтаас мултарч байдаг олон хүмүүс энэ хуулийн хяналтан дор орохоор болжээ. Мөн хуульд зааснаар бол, албан тушаалтан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд Хувиараа эрхлэх аж ахуй гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй, эсвэл зөвхөн газар тариалангийн бүтээгдэхүүн, ойн аж ахуй, амьтан үржүүлэг, орон нутгийн жуулчлал, сургалтын үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болохоор тусгаж өгсөн нь шинэ зүйл болсон.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.