2009.04.30

Монгол ураны нөөцөөрөө дэлхийд гуравт ордог.

Монгол уран ашиглахад хамтрах түншээ сонгох гэж хөөрхөн бужигнаад авсан. Гэхдээ хүний хуучин, дээлийн шинэ гэдгээр Оросыг түшихээр болсон билээ. Ерөнхий сайд С.Баяр өнгөрсөн жил Дорнодод ажлаар очоод тэндээсээ хэл сураггүйгээр хил давж Мардай, Гурванбулагийн ураны орд газрыг ашиглах талаар яриа хэлэлцээ хийгээд ирсэн гэж багагүй хэл аманд өртөөд амжсан билээ.

Түүнээс нь өмнө Оросын "Росатом"-ын захирал С.Кириенко Монголд айлчилж энэ орд газарт хөрөнгө оруулан хамтрах талаар саналаа тавиад буцсан байсан юм. Яриа хэлэлцээ ажил хэрэг болох шанг Ерөнхий сайд Эрхүү мужид ажиллахдаа албан ёсоор татаж, дараа нь Москвад айлчлахдаа баталгаажуулаад ирсэн. Гэр ч байтугай уран ашиглахад зориулан Орос, Монголын хамтарсан компани байгуулахаар болсон. Ураны нөөцөөреө улс орнуудын анхаарлыг татаж буйн баталгаа болох нэгэн үйл явдал энэ долоо хоногт өрнөнө.

Олон улсын атомын энергийн комиссын тэргүүн Мохамед Эл Барадей Монголд саатаж бас л урантай холбоотой асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх юм.

Ямар үр дүн хүлээж буйг одоогоор хэлэхэд эрт.

Монголд ойролцоогоор 1.4 сая тонн уран бий гэж хайгуулын судалгаагаар тогтоосон гэдэг. Мардайн ураныг өмне нь оросууд ашиглаж байсан. 1951 онд ЗХУ, Монголтой гэрээ байгуулж, 1989 оноос албан ёсоор ашиглалт явуулж эхэлсэн ч ердөө долоон жилийн дараа хаасан. Энэ нь тухайн үед дэлхийн зах зээл дээрх ураны үнэ ханштай холбоотой байсан гэдэг. Олборлох зардлын хаана ч хүрэхгүй үнээр зарах нь ашиггүйгээс хаасан гэсэн тайлбарыг дагуулдаг юм. 1980 оны эцсээс 1990 оны эхэн хүртэл нэг фунт уран 8-10 ам.доллар байсан нь знэ шийдвэр гарахад нөлөөлсөн хэмээн тухайн үед энэ салбарт алба хашиж байсан хүмүүс ярьж байсан.

Ураны үнэ 2006 оноос өсч 40 гаруй, дараа жил нь бүр 140 ногоон мөнгөөр үнэлэгдэх болсон юм билээ. Гэхдээ энэ өсөлт жил хэртэй үргэлжлээд буурсан. Одоо бол дэлхийн зах зээл дээр нэг фунт ураныг 13 ам.доллараар наймаалцаж байна гэсэн мэдээллийг Блүүмбергийн сайтаас авч болно. Энэ үнэ хоёр дахин өснө гэсэн таамаг байгаа. Нэгэнт ашиглахаар шийдсэн бол ураны үнэ дэлхийн зах зээл дээр өсөөсэй хэмээн залбирч суух л монголчуудад үлдэв.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.