Зохицуулалт байхгүйгээс ойроос мод бэлтгэж байна
2012.04.19

Зохицуулалт байхгүйгээс ойроос мод бэлтгэж байна

УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ойн тухай хуулийн шинэчилсэн най­руул­гын болон Хөрс хамгаалах, цөл­жилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Байгаль орчны багц хуулиудын хүрээнд боловс­руулагдсан арван хуулийн эхний ээлж нь ийнхүү хэлэлцүүлэгт орсон юм. Ойн хуулийг шинэчлэх нь тулгам­даад буй асуудал болсон бөгөөд ойн түймэр, хууль бус мод бэлтгэл зэргийг цэгцлэхийн тулд энэ төслийг УИХ-д оруулж ирэхээр болсон аж.

Тухайлбал, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын дулаарлын улмаас хуурайшилт нэмэгдэн улирлын чанартай хэт халалт, хүйтрэлтийн давтамжийн тоо улам олшрох болсон. Мөн гарсан түймрийн 90 гаруй хувь нь иргэдийн хариуцлагагүй, болгоомжгүй, хууль биелүүлдэггүй үйлдлээс шалтгаа­лан гарч байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийг хуулиар маш тодорхой болгох хэрэгтэй байгаа аж. Мөн шийдлээ хүлээж буй дараагийн асуудал нь мод бэлтгэлтэй холбоотой. Энэ талаар Байнгын хорооны хурал­дааны үеэр хөндөгдөж Хөвсгөлд жишээ нь мод бэлтгэлийн нөөц байхад тэндээс бэлтгэхгүй төмөр замтай ойр, нийслэлд ойр газраас бэлтгэл хийгдэж байна.

Энэ нь “Улаанбаатарын уушиг”-ийг авч байна. Энэ нь энэ талын бодлого, зохицуулалт байхгүйтэй холбоотой” гэж байв. Энэ нь өөр бүс нутагт ч байгаа асуудал бөгөөд говь, хээрийн бүсийн аймгууд 1992 оноос хойш загийг түлшний зориулалтаар их хэмжээгээр хэрэглэснээс загийн нөөц хомсдож, элсний нүүлт,хөдөлгөөн улам идэвхжиж цөлжилт газар авахад ихээхэн түлхэц үзүүлж байгаа нь хуулийн нөлөөлөл үгүй болсонтой холбоотой гэнэ. Одоо ч загийг хилийн цэргийн анги, сумын төвийн албан байгууллага, айл өрхүүд түлж ашигласаар байна. 1992 оноос өмнө Дундговь, Өмнөговийг Чойрын модон эдлэл борлуулах контор, Дорноговийг шууд, Сүхбаатарыг Дорнодоос, Баянхонгорыг Архангайгаас, Говь-алтайг Завханаас, Ховдыг Увсаас төвлөрсөн журмаар түлээгээр хангаж, түлшний хөнгөлөлтийг үзүүлдэг байж.

Гэвч энэ тогтолцоо 1992 оноос хойш үйлчлэхээ больсон учраас загийг түлшинд хэрэглэх болсон байна. Өнөөдөр ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн орлогыг “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай” хууль болон “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийг үндэслэн Засгийн газрын 2000 оны 52 дугаар тогтоолоор зохицуулж байна. Эдгээр хууль, тогтоомжоор бол төлбөрийн орлогын 70 хувийг улсын төсөвт төвлөрүүлж, үлдсэн 30 хувийг аймаг, нийслэлд төвлөрүүлж, аймаг, нийслэл энэ 30 хувиас 70 хувийг нь сумын байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд, 30 хувийг сум дундын чанартай нийтлэг арга хэмжээнд зарцуулахаар тусгагдсан байдаг. Хэдийгээр ийм хууль зүйн баримт үйлчилж байгаа хэдий ч аймаг, нийслэл, сум, дүүрэгт хагас дутуу байгаль хамгаалах сан байгуулагдсан, уг сан нь хөрөнгө мөнгөгүй байна.

Энэ 30 хувь төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсөнд зарцуулагдаад өнгөрч буй гэнэ. Иймд Ойн тухай хуулинд байгаль хамгаалах санд болон улсад төвлөрүүлэх хөрөнгийн тоо хэмжээний зааг хязгаарыг тогтоох шаардлага үүсч буй аж. Хуралдаан дээр хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудын томъёоллоор байнгын хорооны гишүүд хууль тус бүрээр нэгбүрчлэн санал хураалгаж, бүгд дэмжигдлээ. Түүнчлэн эдгээр хуулийн төслүүдийн зарим зүйл, заалтад холбогдох найруулгын шинж чанартай саналуудыг ч гишүүд дэмжив.Мөн хуралдаанаар Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинээр боловсруулсан юм байна.


Хуулинд цөлжилтийн асуудлыг түлхүү тусгахын тулд хөрсний хамгаалалтыг мөн чухалчилсан аж.

Тухайлбал, хөдөө аж ахуйг буруу эрхэлснээс ч юм уу, уул уурхайн үйлдвэрлэлээс болж хөрс ихээр сүйдэж байгаа. Тиймээс хөрс хамгааллын асуудлыг эрх зүй, хуулийн түвшинд тавьж, хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт үүсгэж байгаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах зэрэг асуудлыг хуулийн төсөлд бодлогоор зохицуулж өгсөн юм байна. Ялангуяа, орон нутгийн Засаг дарга нар, Иргэдийн хурал энэ тал дээр нэлээд үүрэг хүлээхээр тусгаж өгчээ.Монголд одоогоор цөлжсөн газар нутгийн таван хувьд нь цөлжилт нэн хүчтэй, 18 хувьд нь хүчтэй илэрсэн байгаа аж. Цөлжсөн газарт төсвөөс болон гадаад, дотоодын тусламж дэмжлэгээр нөхөн сэргээх ажил хийгдсэн ч үлдэж байгаа 50 гаруй хувь нь цөлжилтөд өртөх магадлал өндөртэй, эмзэг хэсэгт тооцогдож байгаа тул урьдчилан сэргийлэх шаардлагатайгаас энэ асуудлыг эрх зүйн хувьд хуульчилж өгөх гэж байгаад л дээрх шинэ хуулийн ач холбогдол оршиж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.