Коксжсон түлш агаарын бохирдлыг 100 хувь бууруулна гэв
2011.08.30

Коксжсон түлш агаарын бохирдлыг 100 хувь бууруулна гэв

Нийслэлийнхний "шүдний өвчин" болсон агаарын бохирдолтой энэ жил Засгийн газраас хагас коксжсон шахмал түлш, утаагүй зуухаар хангахаар төлөвлөөд байгаа. Иймд хагас коксжсон утаагүй шахмал түлш үйлдвэрлэх цогцолборыг ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж буй юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар уг цогцолборын ажлын явцтай танилцлаа. Биднийг ДЦС-2 дээр 11 цагийн үед очиход Улаанбаатар цогцолборын барилгын ажил эхэлчихсэн талбай дээр нэлээд хэдэн хүн ажиллаж харагдсан юм. Одоогоор шингэн шил хийх сав болон коксжсон түлшээ хатаах төхөөрөмжүүдийг хийж байгаа аж. Улаанбаатар цогцолбор ашиглалтад орсноор хотын агаарын бохирдол 50 хувиар буурч түүний хажуугаар шинээр болон шууд бусаар 150 ажлын байр бий болно хэмээн үзэж байна.Тус төслөөр 300 мянган тонн нүүрсэнд боловсруулалт хийн 135 мянган тонн кокс боловсруулж, 210 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх ажээ. Төслийг "Аморе интернэшнл" ХХК 2010-2012 оны хооронд гүйцэтгэж байна. Дээрх төсөл 16.8 тэрбум төгрөгөөр хэрэгжиж' буй. Одоогоор үйлдвэрийн барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15 гэхэд туршилтын бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх аж. "Аморе интернэшнл" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатарсүрэн "Утаагүй түлшний гол түүхий эд нь шингэн шил. Шингэн шилийг тээвэрлэх боломжгүй учраас үйлдвэрийг нь барих бодолтой байна. Эхний ээлжид шингэн шилний үйлдвэр байгуултал гадаадаас авч нөөцөлнө. 340 тонн шингэн шил нөөцлөх боломж бий. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 85 хувьтай байгаа. Хагас коксжсон түлшийг савлавал өртөг нь 3-16 хувиар өсөх байх. Энэ онд нөөцөлсөн түлшээрээ 6000-7000 тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэнэ" хэмээн ярьсан юм. Харин нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Баттулга шингэн шилний нөөц дуусахаар 2012 оны эхний хагаст үйлдвэрлэл зогсож магадгүй. Иймд шингэн шил сайн нөөцлөх, түүнийгээ дуусахаар эрдэнэшишийн крахмал, гурил зэргээр орлуулах технологийн өөр боломжийг судлах, өртөг зардлыг бууруулах талаар анхаарч ажиллахыг төслийн ажилтнуудад анхааруулав.

Иргэдэд шахмал түлшний зөрүүг олгоно БОАЖ-ын сайд Л.Гансүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хагас коксжсон түлшээр иргэдийг хангахаар хотын агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулах вэ. Энэ талын судалгаа хийж үзэв үү?

-Бид нийслэлийн агаарын бохирдлыг 30 хувь бууруулна гэж тооцоолсон. Үүнд, хагас кокс үртсэн түлшээрээ 20-иод мянган өрх, дээр нь 70 мянган зуухаар хангана гэвэл агаарын бохирдол буурах магадлал өндөр бий. Хэрвээ энэ үйлдвэрлэл хугацаандаа ашиглалтад орохгүй бол 30 хувь руу шууд утгаараа нөлөөлнө гэж ойлгож болохгүй л дээ. Одоогоор хагас коксжсон түлшний барьцалдуулагчийг нь ямар байдлаар сонгох вэ гэдгээс технологи нь өөр байна. Технологийн асуудлаа шийдчих юм бол бид бохирдлыг бууруулах хувь нэмэгдэнэ гэсэн үг.

-Тэгэхээр анхнаасаа ТЭЗҮ-ийг нь гаргахдаа алдаатай хийсэн юм уу. Одоо яагаад энэ асуудлыг яриад байгаа юм бэ?

-Анхнаасаа технологийн шийдэл нь шингэн шил гээд тооцчихсон байж. Шингэн шилээ тооцохдоо үйлдвэр барих нэмэлт өртгөө тооцоогүй байсан. Шингэн шилний технологийн горим нь өвөл зөөж болдоггүй. Тиймээс ОХУ-аас зөөж авчирдаг. Тэгэхээр технологийн горимоо өөрчлөхийн тулд эндээ уг үйлдвэрийг баръя гэж байгаа юм л даа.

-Үйлдвэр хугацаандаа ашиглалтад орохгүй бол яах вэ?

-Товчхондоо энэ үйлдвэрийн түлшийг ирэх оноос хойш нийлүүлнэ гэж тооцож байсан. Энэ тооцоон дээр барьцалдуулагчийн хувьд асуудал гарч магадгүй. Гэхдээ асуудлаа шийдчих юм бол төлөвлөгөөний дагуу ирэх нэгдүгээр сараас бүтээгдэхүүнээ нийлүүлэх ёстой. Бид арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд дуусгаач ээ гэж шаардлага тавьсан. Үүнийг маань амжуулъя гэсэн зорилттой ажиллаж байна.

-Үнийн хувьд түүхий нүүрснээс хэр хямдхан бэ. Иргэд бол хэчнээн боловсруулан түлшийг хэрэглэх хүсэл байгаа ч хямдыг нь бодоод түүхий нүүрсийг түлж байгаа шүү дээ?
-Иргэдийн гар дээр нэг тонн нь 100 мянган төгрөгт багтаж очно. Тиймээс зөрүүг нь бид олгоно.

Иргэдийн гар дээр очихыг бид 70 мянган төгрөгөөр тооцоолж байгаа. Энэ жилийн хувьд хагас кокс болон утаагүй түлшийг иргэд нэг л үнээр хүргэнэ. Янз бүрийн харилцан адилгүй үнэ гэж үгүй. Харин татаасыг нь "Цэвэр агаар төслийн" сангаас өгнө. Үүнийг хий, хагас кокс, цахилгаан дээр ч адил олгоно.

-Бүрэн шаталттай зууханд хагас коксжсон түлш хэрэглэж болох уу?

-Утаагүй зуухандаа түүхий нүүрсээ түлнэ. Хагас коксон түлш түлэх бүс гэж тусдаа гаргасан л даа. Хоёр чиглэлээр утааг бууруулна. Нэг нь утаагүй зуухыг, нөгөө хэсэг нь утаагүй түлш хэрэглэж. Утаагүй зуух утаагаа 70-80 хувь бууруулж байна. Харин кокс нь утаагаа бараг 100 хувь бууруулна гэж үзэж байна.

Энэ өвөл туршилтын хугацаа ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын явцын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Шахмал түлш үйлдвэрлэх цогцолбор өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явж байна вэ?

-Перкетлэх үйлдвэр 80 хувьтай, зуухны өөрчлөлт шинэчлэлийн угсралтын ажил 20 хувьтай явж байна. Үйлдвэрийн ажилд хэрэгтэй бүх тоног төхөөрөмж ирчихсэн.

-Иргэдийн гар дээр шахмал түлш хэзээ очих вэ?

-Зуухны ажлыг арван нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусгах боломжтой. Үйлдвэр бол 2012 оны есдүгээр; сард бүрэн ашиглалтад орно. Бид энэ өвөл ямар ч байсан амжиж эхний шугамыг ашиглалтад оруулах юм. Харин арваннэгдүгээр сарын 15-гэхэд хэвийн ажиллагаанд нь оруулж туршиж үзнэ л лээ. Хэрвээ туршилт маань амжилттай явах юм бол арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө багтаж 6000-7000 тонн түлш үйлдвэрлэнэ. Энэ өвөл бол үндсэндээ туршилтын хугацаа. Тиймээс харьцангуй бага бүтээгдэхүүн гаргана.

-Шинэ технологи учраас янз бүрийн асуудал гарч байна гэсэн. Хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Хэдийгээр бүх зүйлийг урьдчилан харж эрсдэлийг тооцсон ч анхны төлөвлөж байснаас ойролцоогоор сар орчмын хугацаанд хоцорч байна. Дээр нь үйлдвэрлэсэн хагас коксоороо барьцалдуулагч буюу шингэн шил үйлдвэрлэнэ. Шингэн шил нь өвлийн улирал эхэлж байгаа үед тээвэрлэх боломжгүй л дээ. Одоо манайд 7000 тонныг нөөцөлж байна. Үүнээс илүүг нөөцлөх сав байхгүй. Бүгдийг нь ОХУ-аас зөөж авчрахын оронд энэ туршилтын • хугацаанд хэрэглэхээ нөөцөлнө. Ирэх оны гурав, дөрөвдүгээр сар гэхэд үйлдвэрээ бариад ашиглалтад оруулчихна. Энэ хоёрын хооронд гурав дөрвөн сарын зөрүү гараад байгаа учраас нөөц бүрдүүлнэ.

-Нэг тонн коксжсон түлшинд хэдэн тонн нүүрс зарцуулж байна вэ. Шахмал түлш хэдэн төгрөг байх бол?

-Илчлэгийг нь тооцоод дулааны балансыг нь аваад үзвэл 2.2-2.4 тонн түүхий нүүрсээр нэг тонн хагас кокс гаргахад хэрэглэж байна. Хагас кокс гэдэг шахмал түлшний үндсэн элемент. Хагас коксны илчлэгийн бууруулах гэж шавар юм уу үнс холиод түүнийгээ шингэн шилээрээ наагаад шахмал түлш гарч ирнэ. Гэтэл утаагүй түлш болох хагас кокс маань 50 мянган төгрөг болчихсон. Ингэхээр Багануурын 2.2 тонн нүүрсний үнэтэй тэнцүү байна. Гэтэл манайх нүүрсийг вагоноор тээвэрлэдэг учир машинаар ирсэн нүүрснээс хямдхан орж ирж байгаа юм. 50 мянган төгрөгөөр үйлдвэрлэх нэг тонн хагас коксжсон түлшийг нэг тонн шахмал түлш болгохдоо яаж өртгийг нь нэмэгдүүлэхгүй байх талаар бодох хэрэгтэй. Хагас коксоо шахмал түлш болгоход өнөөдрийн тоо-цоогоор тонн нь 95 мянган төгрөгт хүрчихээд байгаа.

-Шахмал түлш энэ үнээсээ буурах боломжтой юу?

-Шахмал түлшний үнийг өсгөж буй гол зүйл нь ОХУ-аас оруулж ирж байгаа шингэн шил. Хэрвээ шингэн шилийг бид эх орондоо үйлдвэрлэдэг болчих юм бол үнэ буурч магадгүй.

-Станц өвлийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Ерөнхийдөө 75 тонны багтаамжтай нэг зуух гэдэг маань манай үйлдвэрлэх хүчин чадлын үндсэндээ 35 хувь. Тэгэхээр хүчин чадлын маань 35 хувь нь төсөлд зарцуулагдчихаад бид 65 хувийн тоног төхөөрөмжтэй ажиллах нь. Өвөлд орох ёстой хүчин чадлын маань 35 хувь нь энэ үйлдвэрээс хангана. Ингэхээр 65 хувийн тоноглолтой өвөлд орно гэдэг бол бидний хувьд хүнд. Харин энэ 65 хувь дээрээ бүх засвар үйлчилгээгээ хийчихсэн. Мазот, нүүрсний нөөц хангалттай гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар талбай дээр 5000 тонн нүүрс байна. Өнөөдрийн хэрэгцээ сарын нөөц. Өвлийн улирал эхлэхэд 15 мянган тонн хүртэл нөөцөө нэмэгдүүлэх ёстой.

-Бусад тоног төхөөрөмжийн хувьд?

-Бусад тоноглолын засвар бүрэн дуусчихсан. Өвлийн их ачааллын өмнө төслийн зуух маань ороод ирвэл бид өвлийн ачааллаа ямар хэмжээнд авдаг байсан үүгээрээ хэвийн явах бололцоотой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.