Ирэх хаврын чуулганаар байгаль орчны багц хуулийг батлуулахаар ажлын хэсэг ажиллаж байна
2012.03.16

Ирэх хаврын чуулганаар байгаль орчны багц хуулийг батлуулахаар ажлын хэсэг ажиллаж байна

Орон нутаг болон бусад газарт ажиллаж байсан Байнгын хорооны гишүүдээ Д.Балдан-Очир дарга дуудан ирүүлж, хуралдаанаа хийсэн бөгөөд Байгаль, орчны багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх талаар хэлэлцсэн байна.БОХХАА-н байнгын хорооны энэхүү хуралдаанаар тогтоол гаргаж, Ажлын хэсгийг байгуулаад буй аж.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Амьтны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий энэхүү Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Гансүх ахлахаар болжээ. Харин Ажлын хэсгийн дэд ахлагч нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ юм байна.

Ажлын хэсэгт тэднээс гадна 13 гишүүн байгаа аж.Байгаль орчны багц хуулийн төсөлд урьд өмнө энэ салбарт үйлчилж байсан 20 шахам хуулийг нэгтгэж, арав гаруй хууль болгосон тул гишүүд хуулийн төсөл бүрт хуваагдан ажиллахаар болжээ.Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг намрын чуулганаар тус Байнгын хороо нэгэнт хийчихсэн, харин удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд байгаа тул УИХ-ын гишүүд завсарлагааныхаа хугацаанд нэлээд ажлыг амжуулах хэрэгтэй болоод байгаа юм байна.