Ерөнхий сайд БОАЖЯ-ныхантай уулзав
2009.12.07

Ерөнхий сайд БОАЖЯ-ныхантай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй 2009 оны 12 дугаар сарын 7-нд уулзаж, экологийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар үг хэллээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ ”...Дэлхий даяар нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж эхлэх нь тэргүүн зэргийн зорилт боллоо.

Манай оронд байгалийн гамшиг, цаг агаарын аюултай үзэгдлүүд байгууллага, ард иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулж байна. Энэ хохирлыг багасгах, эрсдэлээс хамгаалах үндсэн нөхцөл нь гамшигт үзэгдлийг эртнээс урьдчилан шуурхай мэдээлэх, хамгаалах бүх талын арга хэмжээг цаг алдалгүй авах явдал юм.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэж буй цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх ажлыг үр нөлөөтэй, хурдтай зохион байгуулах нь чухал байна. Сүүлийн 16 жилд цөлжилт хурдацтай явагдаж, газар нутгийн 70 гаруй хувийг хамран байгаль орчинд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж, экосистемийн гажуудал үүслээ. Иймээс цөлжилттэй тэмцэх бодлогоо боловсронгүй болгож, хөрөнгө оруулалтыг хөрс хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах, шинжлэх ухаан технологийн ололт, уламжлалт мэдлэгийг өргөн ашиглах, сургалт, сурталчилгааг идэвхжүүлж, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар анхаарах хэрэгтэй байна.
Байгаль орчноо хамгаалах, органик үйлдвэрлэлийг дэмжих, НҮБ-аас Дэлхийн ногоон эдийн засгийг хөгжүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсад тогтвортой хөгжлийг дэмжих талаар бодитой ажлыг хийх цаг болсон. Зарим оронд амжилттай хэрэгжиж буй “Ногоон зөвшөөрөл” болон “Ногоон тамгатай бүтээгдэхүүн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн бодож байна.
Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг сааруулж, хог хаягдал, химийн хорт бодисын менежментийг сайжруулах хэрэгтэй байна. Биологийн төрөл зүйл, амьтан ургамлыг хамгаалах, өсгөж үржүүлэх талаар мэдэгдэхүйц, үр дүнтэй ажил зохион байгуулах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэг үүрэг юм.

Сүүлийн 10 орчим жилийн дотор манай оронд элбэг нөөцтэйд тооцогдож байсан тарвага, цагаан зээр, хэрэм, баавгай зэрэг агнуурын амьтад эрс ховордлоо.

Ургамлын нөөц ч жилээс жилд хомсдож, байгалийн ургамлыг түүж ашиглах, экспортлох хэмжээ өсөх хандлагатай байна. Бэлчээр сүйтгэгч үлийн цагаан оготоно үржиж байгаа нь байгалийн зохицуулалтыг эвдэж буй хүний оролцооны үр дагавар юм. Иймээс шонхор шувуу, үнэг, хярс барих, агнахыг 2 жилийн хугацаагаар хориглох асуудлаар санал боловсруулж Засгийн газарт оруулж хэлэлцүүлэхийг холбогдох яаманд даалгаж байна” гэлээ.

Тэрбээр цааш нь аялал жуулчлалыг дэд бүтцийн хөгжил, төлөвлөлттэй уялдуулан, түүх соёл, байгалийн үзмэрүүдэд тулгуурлан бүсчлэн хөгжүүлэх бодлого баримтлах, БСШУЯ-тай хамтран соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол гаралтай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний соёл урлагын үйлчилгээ үзүүлэх замаар аялал жуулчлалын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн Монголын өвөрмөц онцлогтой аялал жуулчлалын имиж бий болгох хэрэгтэй. Жуулчны улирал богино, дэд бүтэц муу зэрэг сул талтай манай оронд жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор гол түнш орнуудын иргэдийн визийг хөнгөвчлөх цогц арга хэмжээ авах талаар санал боловсруулж хэрэгжүүлэхийг холбогдох яам, газруудад үүрэг болгох болно” хэмээн онцлон тэмдэглэв.
Дараа нь уулзалтад оролцсон хүмүүс санал бодлоо илэрхийлж асуулт тавин тодорхой хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.