Цог.Л Бакей.А 2012.11.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

11-р сарын 14-нд монгол бахархлын өдөр болгохыг дэмжлээ

11-р сарын 14-нд  монгол бахархлын өдөр болгохыг дэмжлээ

Энэ өдрийн  хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл байсан бөгөөд түүнийг дагалдан “Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ асуудлаарх ТББХ-ны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Чингис хааны мэндэлсэн өдрийг нэг мөр болгож, хөдөлгөөнгүйгээр тогтоосон зүйл байгаа эсэх талаар гишүүд мөн л асууж удтал хэлэлцсэн юм

ТББХ-ны дарга А.Бакей гишүүдийн асуултад хариу болгож “Ер нь тогтоолын төсөл санаачлөгчид төрсөн өдрийн талаар нэлээд олон эрдэмтнийг оруулж зохих хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг нь 11-р сарын 14 гэдэг дээр та бүхэн эргэлзэн маргаж байна.

Гэхдээ ямар боловч эзэн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг болох, түүгээр бахархах нь асар их ач холбогдолтой учраас үүнийг гишүүд маань дэмжиж байгаа. Гол нь асуудлын ач холбогдолд байгаагаас бус түүхийг гуйвуулж, улс төрийн үзэл баримтлалын үүднээс хандаж байгаа хэрэг хэрэг биш ээ.

Энэ бол хүүхэд залуустаа эх оронч үзэл төлөвшүүлж, эх орон, түүхээрээ бахархах хүмүүжлийн ач холбогдолтой тул байнгын хороон дээр дэмжсэн юм.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр буюу 11-р сарын 26-ны өдрийг Байнгын хорооноос зүгээр тэмдэглэлт өдөр болгож, төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан. Мөн энэ өдрийг амралтын өдөр болгох гэсэн  зарчмын зөрүүтэй санал гарсан нь дэмжигдсэн байгаа”  гэлээ.  

О.Баасанхүү гишүүн энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, “Түүхийг хуульчлах гэж байна. Чингис хааны төрсөн өдрийг нарийн тогтоосон зүйл байхгүй байхад шинжлэх ухаанжсан ажлын хэсэг энэ хуралдаан дээр үгээ хэлсэн бол хүлээн зөвшөөрөх  байлаа. Монгол монголоороо үлдье гэвэл заавал 11 дүгээр сарын 14-нийг Монгол бахархлын өдөр болгож, БНУ байгуулагдсан түүхэн өдрөө үгүйсгэх хандлага гаргахын учир юу вэ?” гэлээ.

Харин энэ асуултанд А.Бакей гишүүн хариулахдаа “Түүхийг хуульчилж байгаа асуудал биш, монгол улсын иргэн бүр түүхээ маш сайн мэдэж байж, эх орон, эзэн Чингисээрээ бахархдаг байж улс орноо хөгжүүлэх эх оронч үзэлтэй байна гэдэг үүднээс энэ тогтоолыг оруулж ирснээс бус улс төрийн аль нэг зорилго байхгүй. “Чингис хаан” одонгоо монгол судлаач гадаадын эрдэмтдэд ч өгч байх хэрэгтэй  гэсэн санаа хэлэлцүүлгийн үеэр гарч байсан. Монгол монголоороо үлдэхэд энэ хуулийн төсөл харин ч онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. 11-р сарын 14-нд  монгол бахархлын өдөр бий болгосноор БНУ байгуулагдсан өдрийг үнэгүйдүүлсэн биш, харин ч аль алиных нь ач холбогдлыг тодруулж байгаа хэрэг” гэсэн юм.  

Л.Цог гишүүн мөн “Дэлхийн олон газар монголчууд байгаа ч монгол төр энд л байна. Энэ талаар нэгэнт Засгийн газар, Ерөнхийлөгч дээр   ярьж хэлэлцээд ирсэн байхад яагаад П.Цагаан даргын хэлсэн үг 11 дүгээр сарын 14 гэдэг өдрийг товлох  үндэслэл болохгүй байгаа гэж?” хэмээн А.Бакей гишүүнийг дэмжсэн бол хууль санаачлагч Д.Эрдэнбат  хэлэхдээ, Ерөнхийлөгч бүхэл бүтэн ажлын хэсэг гаргаад шилдэг эрдэмтэн мэргэдтэй жил гаруй судалж зөвшилцсөн.

Гэтэл өнөөдөр УИХ-д орж ирээд улс төр, үзэл бодлын өнгө аястай болчихлоо. Бид нэг л юман дээр нэгдмэл байх ёстой. Монгол орон эзэн Чингис хааныхаа төрсөн өдөр буюу монгол бахархлын өдөртэй болъё гэсэн  асуудалд ингэж хандаж болохгүй. Энэ бол бидний үр удам, хойч үе, Монгол Улсад л хэрэгтэй” хэмээн эл төслийг дэмжихийг   уриалсан юм.

Гишүүд энэ асуудлаар удтал маргалдсаны эцэст байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 46,4 хувийн саналаар энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр ТББХ-нд буцаав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.