Батбаяр.Н 2012.10.10 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Засгийн газрын үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Засгийн газрын үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны 5 тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012, 2013 онд олон улсын зах зээлд арилжаалах тухай уг тогтоолын төсөлд тусгажээ.

Засгийн газрын бондын хөрөнгийн зориулалт нь төсвийн алдагдал нөхөх бус бөгөөд урт, дунд хугацааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг дэмжиж импортыг орлох бодлогыг санхүүжүүлэхэд чиглэнэ гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр гишүүдэд танилцуулсан юм.

Эхний ээлжинд УИХ-аар баталсан үндэсний төмөр замын сүлжээ, Сайншандын аж үйлдвэрийн парк, Тавантолгойн уурхай болон дэд бүтцийн төсөл зэрэг аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох ажээ. Мөн Засгийн газрын бонд гаргаснаар дотоодын зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, инфляцийг багасгах бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтаас бүрэн хамааралтай өнөөгийн эмзэг санхүүгийн тогтолцоог өөрчилнө гэж төсөл санаачлагчид тооцжээ. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.