Батбаяр.Н 2012.09.17

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Төсөлд  эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны 5 тэрбум /таван тэрбум/ хүртэлх долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012, 2013  онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрөх тухай тусгасан байна.

Манай улсын дотоодын санхүүгийн систем мөнгөний хомсдолд орж, эдийн засгийн идэвхийг цаашид сулруулахгүйн тулд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг санхүүгийн системд нийлүүлэх шаардлага үүссэн байна.

Монгол Улсын эдийн засгийн бүтэц хөгжиж өөрчлөгдөхийн зэрэгцээ олон улсын зах зээлээс хөрөнгө татах хэрэгсэл нь Хөгжлийн банкны бонд гаргасан туршлагаар  хамгийн хямд, үр ашигтай, оновчтой арга зам болох нь тодорхой болсон.

Мөн зөвхөн гадаадын шууд хөрөнгө оруулалтаар валютын эх үүсвэрээ бүрдүүлэх нь цаашид эрсдэлтэй болсныг салбарын сайд УИХ-ын даргад онцолж байлаа.

Одоогийн хямралаар илэрч, үндэсний хэмжээнд хамгийн хямд зардлаар хөрөнгө босгох арга замыг ашиглахгүй байснаар манай орны эдийн засгийн үр ашигт сөргөөр нөлөөлж байгаа зэрэг хэд хэдэн шалтгааныг харгалзан Засгийн газар бонд гаргах зайлшгүй шаардлагатай байна гэж үзснээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Засгийн газрын бондын хөрөнгийн зориулалт нь төсвийн алдагдал нөхөх бус дунд урт хугацааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг дэмжиж импортыг орлох бодлогыг санхүүжүүлэхэд чиглэнэ.

Энэ дотроо УИХ-аар баталсан үндэсний төмөр замын сүлжээ, Сайншандын аж үйлдвэрийн парк, Тавантолгойн уурхай болон дэд бүтцийн төсөл зэрэг аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох юм. Түүнчлэн дотоодын зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, инфляцийг багасгаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас бүрэн хамааралтай өнөөгийн маш эмзэг санхүүгийн тогтолцоог эрс өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаагаа төсөл санаачлагчид УИХ-ын даргад илэрхийлсэн юм.

Уг тогтоолын төслийг даган Төсвийн тухай, Төсвийн байгууллага, удирдлага санхүүжилтын тухай хулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарах бөгөөд эдгээр хуулийн төслийг ч мөн хамтатган өргөн мэдүүллээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.