Баасанхүү.О Болорчулуун.Х Наранхүү.Б Эрдэнэчимэг.Л 2012.09.17 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг байгуулав

Хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай асуудал байлаа.

Энэ нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангайн Цэнхэр, Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд  Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг байгуулах тухай асуудал байв.

Тухайн нутгийн иргэд уул уурхайн компаниуд байгаль орчинг нь доройтуулж байгаа талаар УИХ-ын даргад удаа дараа гомдол ирүүлсэн учраас энэ асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан М.Зоригт гишүүн асуулт тавихдаа ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Яг ийм нөхцөл байдалтай газар Монголд хэдэн зуугаараа байгаа. Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд Зотолхан уулыг тусгай хамгаалалтанд авах талаар байнга ярьдаг. Энэ мэт асуудал орж ирэх тоолонд ажлын хэсэг байгуулаад байх уу, эсвэл тодорхой шалгуур үзүүлэлт байна уу?” гэж асуув.

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан энэ асуултад хариулахдаа:

-Байнгын хорооны эрхлэх ажил үүргийн хүрээнд хяналт шалгалтын ажил багтдагийн хувьд тус хорооноос ажлын олон хэсэг гарч шалгалт хийж ирсэн байдаг. Шаардлагатай бол асуудлыг том, жижиг гэж ялгалгүйгээр Ажлын хэсэг байгуулна гэлээ.

Мөн О.Баасанхүү гишүүн “Урт нэртэй хуулийн хэрэгжилтээс улбаалан ийм ажлын хэсэг байгуулах гэж байна гэж ойлгож байна” гээд УИХ-ын зангаргаар ажлын хэсгээ өргөтгөж, Засгийн газрын байгууллагууд, тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Уул уурхайн яамд, Мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн хүмүүсийг оруулж ажиллуулах саналтай байгаагаа хэлэв.   

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан уг саналыг дэмжээд тус Байнгын хорооноос гол, усны хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох яамд, газрын яг мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах нь зүйтэй гэлээ.

Ингээд Ажлын хэсгийг Байнгын хорооны даргын санал болгосноор О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, Х.Болорчулуун нарын дөрвөн гишүүний  бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Байнгын хороон дарга өөрөө ахлах, мөн тус Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх Дэд хэсгийг БОНХЯ, Уул уурхайн яам, МХЕГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулахаар болж, хуулийн хэрэгжилттэй танилцсан тухайгаа Байнгын хороонд 10 дугаар сард тайлагнахаар боллоо. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.