2012.03.27

Г.Баярсайхан: Өдөөн турхирагч нь МАН

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай өнгөрсөн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсагчид буюу долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаар ярилцлаа.

-Өнгөрсөн сонгуулийн дараахь үймээнтэй холбоотой элдэв зүйл ярьж, хэвлэн нийтлэх болсон байна. Үйл явдлын үеэр хүний амь нас эндэж, олон зуун хохирсон. Өнөөдөр тэр үеийг эргэн харвал ямар өнцгөөс дүгнэн хэлэх вэ?

-Би долдугаар сарын 1-нд тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдоржтой хамт байсан. Ийм учир тэр өдөр болсон явдлыг тод санаж байна. Эргэж харахад ардчиллыг зэвсгийн хүчээр дарах, төрийн эрхийг хууль бус аргаар авах нэг оролдлого байсан. Сонгуулийн саналаа хулгайд алдсан иргэнд жагсах эрх бий, жагсаал удирдах ч эрх бий, орилж хашгирсан ч эрх нь бий. Тэглээ гээд тэдэн рүү буудах эрх хэнд ч байхгүй. Буудах эрх ганцхан коммунистуудад л байдаг. Иймд нийгмийг талцуулахгүйн тулд шүүх шударга шийдвэрээ гаргах ёстой. Ардчилал, эрх чөлөө нь хөрөнгөтэй хөрөнгөгүй байх эрх чөлөө өгч байгаа ч шүүхийн өмнө бүгд ижилхэн байх эрхийг ч бас өгч байгаа. Тиймээс ардын хүү буудуулвал эзэн нь олддоггүй муу жишиг тогтохоос болгоомжлох хэрэгтэй.
-Хэрэв булхай үүсээгүй бол танай нам олонхийн суудал авч чадах байсан уу. Мөн үүссэн асуудалд хариуцлага тооцох механизм буруу байх шиг?
-Хариуцлага тооцох асуудал нь ёс зүйн хувьд 1937 оны, 2008.07.01-ны их хэлмэгдүүлэлт хийснийхээ төлөө посткоммунист ардын нам уучлалт гуйснаас илүү шударга ёсны ялалт байх болно. Үүнээс хойш монголын төр дахин иргэд рүүгээ буу шагайхгүй байхаар барахгүй эрх барихаар гарч ирсэн улс төрийн нам, хүчний байгууллагын удирдлагуудад том сургамж болно. Сонгуулийн шөнө журмын нөхөдтэйгөө хамт намын штаб дээр байхад нэг л зүйл тодорхой байсан тэр нь хөдөөнөөс, хотын тойргуудаас дан өнгөлж буй мэдээ ирж байсан. Сонгуулийн тухайн үеийн судалгаагаар ардчилсан нам 63 суудал авахаар байсан. 100 хүн цуглаад ярихад 90 нь ардчилсан намын төлөө саналаа өглөө гэж ярьж байсан. Ийм байхад тухайн шөнө дундад сонгуулийн мэдээ гэнэт өөрчлөгдөн ирж эхэлсэн, энэ нь нөгөө сонгуулийн хайрцгийг солих технологи ажиллаж эхэлсэнтэй холбоотой байсан. Энэ бүх үйл явдлын дараа бүтэн хоёр өдрийн хойно намын дарга дугарсан. Дуугарахдаа тодорхой хэдэн зүйл л ярьсан шүү дээ. Будилаантай хэсгүүд дээрээ дахин санал тоолох, ард түмний санал хулгайлахад оролцсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэх мэт асуудал гаргаж тавьсан. Энэ хэлсэн үгнүүд дотор нэг ч жагсъя, цуглая гэсэн үг байгаагүй юм шүү. Ард түмний бухимдал тэр өдөр дээд цэгтээ хүрсэн байсан. Тэд ганцхан зүйл шаардсан тэр нь шударга сонгуулийн дүн.
-Ерөнхийлөгч буюу тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг өдөөн турхирсан гэх нь бий?

-Үд болоход байдал хурцдаж олон мянган хүн МАХН-ын байрны өмнө эсэргүүцэж цуглахад, яг тэр мөчид Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбай дээр үг хэлнэ гэхэд нийт цугларагсдын бараг 60 хувь нь Сүхбаатарын талбай дээр ирсэн юм шүү. Намын дарга жагсагчдад хандаж асуудлыг яриа хэлэлцээгээр шийднэ, намын дарга нар уулзалт хийнэ, та бүхэн тарцгаа, гэртээ хариад зурагтаар мэдээлэл авцгаа, ард түмэн, ардчилсан холбоо тулалдах ёсгүй гэж хэлсэн. Түүнээс үймээн самуун үүсгэ гэж огт хэлээгүй шүү дээ. Энэ хэлсэн үгнүүд баримт болоод үлдсэн байдаг.
-Хэрэв МАХН асан өдгөө МАН-ын удирдлага зөв шийдвэр гаргасан бол тийм зүйл болохгүй байсан байх?

-Асар их мэдрэмж шаардсан үйлдлийг МАХН-ын дарга С.Баяр хийх ёстой байсан юм. Байдал хурцдаж эхлэхэд буюу 14 цагийн үед намын шилэн байранд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр дээр Ардчилсан намын санаачлагаар хоёр нам нээлттэй ярья гэсэн бичгийг генсек Дорлигжаваар хүргүүлсэн. Харамсалтай нь тэр уулзалт оройн 21 цагийн үед дөнгөж эхэлсэн. Дэндүү оройтсон байсан л даа. 14 цагт бичиг хүргүүлэхэд 15 цагт хуралдаж болох байсан. Бид намын даргатайгаа хамт ордонд очиход хүмүүс биднийг буудаад эхэллээ гэж үрлэн сумны цаасан хонгио авчирч өгч байсан. Намын дарга Ц.Элбэгдорж байдлыг намжаах ойлголцох, үндэсний эв нэгдлийг хангахын төлөө чадах бүхнээ хийсэн гэж боддог. Онц байдал тогтоосны маргааш мянга гаруй залуучууд хоригдож, таван сайхан залуу амиа алдан бүх чөлөөт хэвлэл мэдээлэл хаагдаж Монгол Улсыг улаан диктатур нөмрөхөд нөгөө олон ардчилагсдаас, улс төрчдөөс ганцаараа зэвсэг хэрэглэснийг буруушааж, эрхээ эдэлсэн, буудуулсан ард түмнийг өмөөрч Ц.Элбэгдорж мэдэгдэл хийж байлаа. Үнэндээ дарагдсан ардчиллыг түшиж босгосон юм шүү. Тухайн үеийн Ардчилсан намын байр суурийг би одоо ч зөв гэж үздэг.
-Цаг хугацаа маш их алдан өнөөг хүрчихлээ. Гэтэл буруутанд хариуцлага тооцохгүй, хэн нэгнийг золионд гаргах гээд байх шиг?
-Хариуцлага тооцох асуудлыг тэр үед нь хурдан шалгаад тогтоох боломж байсан юм. Н.Энхбаяр бүтэн жил ерөнхийлөгч байсан. Ц.Нямдорж мөн сайдын албыг хашиж байна. Дөрвөн жилийн өндөрлөгөөс харахад рейхстатийг өөрсдөө шатаасантай ижил харагдаж байна. Ийм учир турхирсан улсууд нь ч тодорхой болж байна. Тэр нь МАН. Сүүлийн үед цагдаагийн хурандаа нарын хариуцлагын асуудал хөндөгдөхөд тэр үеийн эрх барьж байсан улс төрчид шүүх хуралд яагаад оролцохгүй байгаа вэ гэдэг асуудал гарч байна. Улс төрчид хариуцлага бүдгэрүүүлэхийн тулд нийт цагдаагийн массыг 7.1-нд хамруулах оролдлого хийж байна. Шүүхийн ажиллагаанд хүчний байгууллагын удирдлага саад учруулж байна гэдэг бол цагдаагийн байгууллагад эрс шинэчлэл хийх шаардлага харагдаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.