Л.Болд Словакийн ерөнхий сайдын орлогчтой уулзлаа
2012.11.07

Л.Болд Словакийн ерөнхий сайдын орлогчтой уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын дээд түвшний есдүгээр уулзалтад оролцох үеэрээ Словакийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэрэг, Европын асуудал эрхэлсэн сайд Мирослав Лайчак-тай энэ сарын 6-нд хүсэлтийнх нь дагуу уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр ноён М.Лайчак манай улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Словакийн Ерөнхий сайдыг Монгол Улсад ирэх 2013 оны эхний хагаст айлчлуулахаар төлөвлөж байгааг хэлэв.

Хоёр талын хамтын ажиллагааны чиглэлийг илүү сайтар тодорхойлох үүднээс Гадаад харилцааны сайд Л.Болдыг Словак Улсад айлчлахыг урилаа.

Хоёр тал уул уурхай, тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн болон сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах нөөц бололцоо байгааг тэрээр тэмдэглэж, Словакийн тал Монгол оюутанд олгодог тэтгэлгээ нэмэхэд бэлэн байгаа гэв

Түүнчлэн уулзалтын үеэр Словакийн тал манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг амжилттай даргалж байгаад баяр хүргэж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлтийг дэмжиж байгааг илэрхийлэв.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиох 2013 онд Словакийн Ерөнхий сайд айлчлахаар төлөвлөж байгааг билэгшээж буйгаа Гадаад харилцааны сайд Л.Болд онцолж, айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны байнгын механизм байгуулахыг санал болгов. Сайд Л.Болд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны цөм болох хамтарсан төсөл хэрэгжүүлэхийн чухлыг онцлохын зэрэгцээ ноён М.Лайчак-ийг Улаанбаатар хотноо ирэх оны 4 дүгээр сарын 29-нд болох АОХН-ийн сайд нарын уулзалтад урив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.