2012.10.04

УИХ-ын гишүүн О.Баасанхүү зөвшөөрөлгүй барилгуудыг шалгалаа

Нийслэлийн шинэ удирд­лагууд ажлаа хүлээж авснаас хойш зөвшөөрөлгүй барилга барьж байгаа нөхдүүдтэй тэмцэж эхэлсэн.  Барилга барьж байгаа гэхээр жаахан өрөөсгөл болох байх. Түүний оронд захиалагч буюу баячуудын даварсан үйл ажиллагаатай тэмцэж эхэлсэн гэвэл илүү онох байх. Гэхдээ энэ тэмцэл эхлэх цэг дээрээсээ л гацав бололтой. Учир нь зөвшөөрөлгүй барилгуудын жагсаалтыг гаргаж, нураах дээрээ тулж байсан ч эцэстээ хоёрхон хүний “амбаар” дээр тунаж үлдэх шив дээ.

Түүнээс гадна зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад ороогүй машин олон орон сууц, оффисын барилга үлдсэн байгаа нь тодорхой болсон.

Өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороогоор явж, зөвшөөрөлгүй баригдсан зарим барилгатай танилцсан юм. Гишүүнтэй  мэргэжлийн хяналтын газрынхан болон газрын албаныхан хамт явж, зарим тайлбарыг өгсөн юм. Өглөө 10 цагт эхэлсэн аялал нэгдүгээр сургуулийн баруун талд байрлах Ерөнхийлөгчийн өвлийн ордноос эхэлсэн. Учир нь төрийн тусгай хамгаалалттай газарт багтах Ерөнхийлөгчийн өвлийн ордны хашаатай тулгаад байшин барьж байна. Мөн баруун талд нь байрлах хуучны шар байрны нэг давхрыг “Сам санчир” гэдэг компани хоёр жилийн өмнө худалдаж авч, улмаар өргөтгөл хийж эхэлж. Өргөтгөл нь гурван давхар байгаа нь бүр ч их сонирхол татаж байгаа аж. Тэгээд мэргэжлийн хяналтаас ямар нэг зөвшөөрөл аваагүй юм байна.Уг нь тухай барилгыг өргөтгөх нь битгий хэл нураах шаардлагатай гэдгийг гишүүн О.Баасанхүү хэлж байлаа.

Холбогдох албаныхан ч гэсэн хүлээн зөвшөөрч байсан юм. Түүний дараа Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн замын урд байрлах “Чонон бөртэ” төвийн өргөтгөлийн байртай танилцсан. Танилцах ч юм байх вэ дээ. Зөвшөөрөлгүй мөртлөө жагсаалтын гадна үлдсэн гэдгийг сэтгүүлчдэд танилцуулсан хэрэг. Тус газар гурван удаа өргөтгөл хийсэн байгаа юм. Хамгийн сүүлд өргөтгөл хийхдээ бүхэл бүтэн хоёр давхар байшин зөв­шөөрөлгүй барьчихсан бай­гаа юм. Мэргэжлийн хяналтаас 2-3 удаа албан шаардлага хүргүүлсэн ч авч хэлэлцээгүй гэж байгаа. Хэн гэгч том толгойтон “Чонон бөртэ” төвийн эзэн бэ гэдэг нь сонирхол татаж байгаа талаар албаныхан өөрсдөө ярьж байсан.  Түүний цаана “Уран суварга” компанийн захиалгаар “Төсөв төсөл” компанийн барьж буй барилга бүр ч “но”-той.

Эхлээд  Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн сургалтын төвийн зориулалтаар тус сургуулиас газрын зөвшөөрөл авсан байгаа юм. Сүүлдээ Мэргэжлийн хяналтын газраас барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа иргэн н.Бат-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр шилжсэн. Зориулалт нь ч өөрчлөгдөөд, оффис болоод хувирчихсан байна. Энэ талаар Монгол Энэтхэгийн сургуулийн нийгмийн ажилтан Батболдоос тодруулахад мэдэхгүй гэдэг үгээр ам таглав. Тухайн барилгыг мэргэжлийн хяналтын газраас шалгаж, краныг зогсоогоод, торгууль тавиад явж. Учир нь зай талбай бага газар байшин кран суурилуулсан нь хөдөлмөр хамгааллыг зөрчсөн юм байх.

Гэтэл тус барилгыг барьж буй “Төсөв төсөл” компанийнхан багахан бэхэлгээ хийчихээд ажлаа үргэлжлүүлж байна. Эхэндээ сургуулийн өргөтгөл маягаар баригдаж байсан барилга яаж яваад иргэн Бат-Эрдэнийн нэр дээр шилжээд, оффис болж хувирсныг хэн ч мэдэхгүй байсан.

Тэр ч битгий хэл иргэн Бат-Эрдэнэ гэгч хэн бэ гэдгийг мэргэжлийн хяналтынхан мэдэхгүй байлаа.

Тэд “Бид холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн иргэнд зөвшөөрөл өгдөг. Хэн гэдгийг нь, ямар компанитайг нь асуух эрхгүй” гэж байна билээ.

Тэндээс нэг их холгүй зүүн талд нь байрлах Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны дөрөвдүгээр байрны урд талд ямар ч зөвшөөрөлгүй гарааш барьчихсан байна. Хороон дарга Загдсүрэн гэдэг хүн “Иргэддээ гарааш барьж өгч байгаа” нэрийдлээр бизнес хийж байгаа гэдгийг тэр хавийн иргэд хэлж байна. Уг нь нийслэлд “хашаа” арга хэмжээ хоёр жил дамнан өрнөсөн. Тэр ч битгий хэл Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооноос эхэлж. Олон ч гарааш буулгасан. Тэр бүхний гадна Загдсүрэн гуайн гарааш үлдчихсэн байгаа юм. Нэг хороон Засаг дарга яаж дураараа дургиж болдгийн жишээ.

Зөвшөөрөлгүй гарааштай залгаад “Макс” групп 17 давхар хоёр байшин барих гээд сууриа ухчихсан байна. Хятад ажилчид нь байраа засаад, ичих гэж байгаа тарвага аятай бүгэцгээж байна билээ. Тэр газар анх гурван ихэр хүүхдийн сувилал байсан аж. Сүүлдээ сувиллын цэцэрлэгийн статустайгаар    үйл ажиллагаагаа явуулж байсан юм билээ. Тэгж байгаад бүр саяхнаас “Болор мэлмий” эмнэлэг ажиллаж байгаад байраа нурааж, суурин дээр нь 17 давхар хоёр ширхэг барилга барихаар шийдсэн нь энэ аж. Гэхдээ нэг сонирхол татахаар мэдээлэл байгаа нь “Болор мэлмий” эмнэлэг сувиллын барилга, газрын менежментийн хувьчлалаар авсан юм билээ. Тэр хувьчлал нь багагүй “но”-той явагдаж, нэг бизнесмэн өөрийн болгосноор ийнхүү өндөр байшин сүндэрлүүлэхээр зүтгэж байгаа юм байна. 

Барилгын зөвшөөрөл, үйл ажиллагааны талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын тех­никийн хяналтын байцаагч Мөнх-Эрдэнээс тодруулахад  “Ту­хайн барилгын зураг төсөл экспертизээр хянагдаагүй бай­гаа учраас мэргэжлийн хянал­таас олон удаа албан шаардлага өгч, олон удаа акт тавьсан ч тоохгүй байгаа. Тиймээс шүүхэд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хандаж, албадан зогсоож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэсэн ч барилгын үйл ажиллагаа одоо үргэлжилсээр байгаа. Бидний хүч үнэхээр хүрэхгүй байна. Тиймээс дүүргийн цагдаа нарт хамтарч ажиллах санал тавьсан” гэв.

Тэндээсээ буцаж эргээд “Чонон бөртэ” төвийн баруун талд залгаад баригдаж байгаа “Хур­ган мөнх”, “Рояал парк” ком­паниудын захиалгаар “Хэм рояал” компанийн барьж байгаа 15 дав­хар хоёр барилга дээр  оч­сон юм. Захиалагч талын инженер УИХ-ын гишүүн О.Баасанхүүд холбогдох зөвшөөрлийн бичиг баримтаа үзүүлсэн. Гэтэл Нийслэлийн Ерөнхий архитектор Хүрэлбаатар хууль бус зөвшөөрөл өгсөн байсныг илрүүлсэн.

Хууль бус гэдгийн учир нь холбогдох мэргэжилтнүүд зөвшөөрөл өгч, гарын үсгээ зураагүй байхад эрхэм дарга шууд зөвшөөрөл өгөөд явуулчихсан байсан.  Тэгээд ч “Рояал парк” компанийн захиалгатай барилга Монгол Энэтхэгийн сургуулийн хашаанд бараг орчихож.  Хэдийгээр багахан хамгаалалт хийж, тор татсан ч хүүхдүүдийн толгой дээрээс хэзээ ч хамаагүй чулуу, төмөр унах аюултай байна. Сургуулийн удирдлагууд “Зуны амралтаар биднийг эзгүй хойгуур барилга бариад эхэлчихсэн байсан. Мэргэжлийн хяналтын газар хандаж, асуудал тавьсан ч шийдэгдсэн юм алга” гэж хэлсэн юм.

Үндсэндээ 500 метр орчим газар эргэлдэхэд ийм олон барилга зөвшөөрөлгүй баригдаж байна. Дандаа 10-17 давхар барилга сүндэрлэх юм билээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо гэдэг Улаанбаатарын “А” зэрэглэлийн бүс. Энд нэг дор шавааралдсан олон зөвшөөрөлгүй барилга баригдаж байхад жагсаалтын гадна үлдсэн нь сонирхолтой. Мэргэжлийн хяналтынхан “Бид өнгөрсөн 4, 5 дугаар сард шалгалт хийж, зөвшөөрөлгүй барилгуудын жагсаалтыг гаргасан. Энд байгаа барилгууд түүнээс сүүлд баригдаж эхэлсэн юм. Тиймээс жагсаалтын гадна үлдсэн” гэсэн тайлбар өгч байсан. Барилгуудтай танилцсаны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-ыг зорьсон.  Очиход АТГ-ын дарга нар нь байхгүй байлаа.

Тиймээс АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга Ж.Наранбаатартай уулзаж, барилгын үйл ажиллагааг хянах ажлын хэсэг байгуулах боломжтой эсэхийг асуусан. Улмаар сарын дараа  хариугаа авахаар тохиролцлоо. Тэгэхдээ эрхэм гишүүн тэднээс барилгын салбарын цаана албан тушаалтнуудын мафийн сүлжээ байна уу, эсвэл бизнесмэнүүд хуулийнхаа дагуу ямар ч асуудалгүй ажиллаж байгаа юу гэдгийг асуух болно гэдгээ ч хэлсэн.  АТГ-аас ойрын үед зарим нэг шалгалт хийх аж. Түүндээ багтаагаад, холбогдох шалгалтыг хийж, сарын дараа хариултаа өгөхөөр боллоо. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.