2010.06.14

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл өргөн барив

Өнөөдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Энхболд, Д.Алтангэрэл, С.Бямбацогт нар хууль санаачлагч нэр бүхий 26 гишүүдээ төлөө3лөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

Хууль санаачлагчид улс орны эдийн засгийн бодит өсөлт нь хүн амын тооноос шууд хамаардаг тул хүн амыг нэмэгдүүлэх бодлогыг баримталж эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг иш үндэс болгон хуулийн төслийг боловсруулснаа УИХ-ын даргад танилцуулаад уг хуулийн төслийг энэ хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

“ Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль” –ийг 1957 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр БНМАУ-ын Их Хурлаас баталсан юм. Энэ хуулиар 5-8 хүртэл хүүхэд төрүүлэн өсгөсөн эхийг эхийн алдар хоёрдугаар зэргийн одонгоор, 8 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхийг эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор тус тус шагнаж байхаар тогтоосон.Мөн хуулийн нэрэнд байгаа улсын тэтгэврийн асуудлыг зохицуулсан хуулийн 3 болон 4 дүгээр зүйлийг 1962 оны хуулиар хүчингүй болгосон бөгөөд эхийн алдар одонтой эхэд мөнгөн тусламж олгохтой холбоотой харилцааг “ Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай” хуулиар зохицуулж байна. Хуулийг батлах үед иргэдийн амьдралын боломж, цалин орлого, гэр бүл төлөвлөлтийн тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан 5-аас дээш хүүхэд төрүүлсэн эхийг одонгоор шагнаж тэтгэвэр олгох бодлого баримталж байжээ.

2005 оны 12 сард батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд анх эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонтой ахмад настан эхчүүдэд жилд нэг удаа тусламж олгохоор заасны дагуу 2006 оны 7 сарын 1-ээс эхлэн 50000, 100000 төгрөгийн тусламж олгож эхэлсэн юм.Эх, хүүхдэд, тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулиар 2007 оноос Эхийн алдар I,II зэргийн одонт бүх эхчүүдэд нас харгалзахгүйгээр тусламжийг олгох болсон. 2010 оноос эхлэн энэ заалтыг Нийгмийн халамжийн тухай хуульд тусган Эхийн алдар I,II зэргийн одонт 130000 орчим эхчүүдэд жилд 9025,0 сая төгрөг төсөвлөн зарцуулж байна.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Эхийн алдар I,II зэргийн одонтой эхчүүдэд жил бүр 500,0 мянга , 1,0 сая төгрөг олгохоор тооцоход жил бүр дунджаар 96,0 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоо гарч байна. Эдгээр эхчүүдэд одоо жилд нэг удаа олгож байгаа мөнгөн тусламжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.

Харин 0-18 насны олон хүүхэдтэй “Эхийн алдар” одонтой эхчүүд нийт “Эхийн алдар” одонтой эхчүүдийн 8 хүрэхгүй хувийг эзэлж байна.Эдгээр эхчүүдийг дэмжих зорилгоор шинээр Эхийн алдар I,II зэргийн одон авч байгаа эхчүүдэд нэг удаа 500,0 мянга , 1,0 сая төгрөг олгох нь зүйтэй гэж үзэж Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг боловсруулсан тухайгаа гишүүд танилцууллаа.Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг баталснаар улс орны нийгэм, эдийн засагт ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд эерэг тал нь хүн ам өсөх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг хангах бодитой нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.