2011.05.02

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд тавих хяналтыг сайжруулахын тулд барилга обьектийн тендерийг шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орон нутгийн төлөөллийн тоог олшруулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тендерт ялагч аж ахуйн нэгжийн удирдлагын бизнесийн ёс зүйг сахиулах нь ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж байгаагаа эрхэм гишүүд онцоллоо.

 

Тухайн ажлыг гүйцэтгэж байгаа компани ажиллаж байгаа обьектынхаа дэргэд компанийн товч танилцуулга, санхүүгийн хүчин чадал, гүйцэтгэж байгаа ажлын эхлэх, дуусах хугацаа, захирлын зураг, харилцах утас зэргийг багтаасан мэдээллийн самбарыг олон нийт чөлөөтэй үзэж байхаар байрлуулахыг гүйцэтгэгч байгууллагатай байгуулах гэрээний нэг нөхцөл болгож байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2005 онд батлагдан хэрэгжиж байгаа. Гэвч аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын чанар, стандарт, хугацаа, ажиллах хүчний чадавхи зэрэг олон зүйлд тухайн орон нутгийн иргэд өөрсдөө хяналт тавьж чадахгүй байгаагаас төсвийн хөрөнгөөр чанаргүй барилгууд баригдаж, тухайн орон нутгийн эрх ашиг хохирсоор байгаа аж. Түүнчлэн барилгын компаниуд шаардлага хангахгүй хямд материалаар барилгын ажлыг гүйцэтгэж байгаагийн дээр хүлээлгэж өгсний дараах баталгаат засвар үйлчилгээг хийхгүй орхих, эдэлгээний явцад эвдрэл их гарч, түүнийг нь дахин засварлах зэргээр төсвийн үргүй зардал нэмэгддэг.

 

Иймд энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэх ажилд чанарын өөрчлөлт гарч, төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдах болно хэмээн хууль санаачлагчид үзэж байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.