Алтангэрэл.П 2012.05.23

Гишүүний санаачилсан хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцлэнэ

 
ТОВЧХОН
  • Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ц.Батбаяр нар асуулт асууж, чуулганы танхимд ирсэн ажлын хэсэг хариулт өгч байлаа. Тэд улс орны хөгжлийн томоохон асуудлуудаар саналаа хэлж, хариулт нь ч зарим нэг бодлогын чанартай зүйлээр тайлбарлагдаж байсан. Туха
УИХ-ын мягмар гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваа танилцуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ц.Батбаяр нар асуулт асууж, чуулганы танхимд ирсэн ажлын хэсэг хариулт өгч байлаа. Тэд улс орны хөгжлийн томоохон асуудлуудаар саналаа хэлж, хариулт нь ч зарим нэг бодлогын чанартай зүйлээр тайлбарлагдаж байсан. Тухайлбал, “метро” төслийн талаар энэ үеэр дурдагдсан. Мөн УИХ-ын гишүүн Р.Раш бүсчилсэн хөгжлийн бодлого, Засгийн газрын бодлого хоорондоо уялдаатай байна уу, ер нь жаахан ядмагдуу ажил явагдаад байх шиг гэж байв.

Хуулийн төсөлд дунд хугацааны төслийг таван жилээр гэж заасан нь боломжийнх гэсэн хариулт энэ үеэр гарч байлаа. Эхний ээлжинд чухам юунд улс орон хөрөнгө мөнгөө зарцуулж хөгжих вэ гэдгийг судалгаагаар гаргасан, бусад орны туршлагаас ч суралцаж байгаа, тэргүүлэх чиглэлийг сонгох процесс яваандаа улам боловсронгуй болох юм гэдгийг ажлын хэсгээс хэлж байсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, уг хуулийг олон жилийн турш ярьж ирсэн гээд Шинэтгэлийн хорооны удирдлагаас хуримтлуулсан туршлагыг нь хөндөн асууж, төлөвлөгөөтэйгээр хөгжих гэдэг бол хамгийн чухал хэмээн онцолж байсан бөгөөд гол гол аймгийн төвд Монголын бренд болох хэдэн чухал үйлдвэр барих боломж байгаа зэргийг асуусан.УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ үндэсний шинэтгэлийн хорооны нөхөд Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөлт оруулаад ир гэсэн чинь төлөвлөгөөг хэрхэн төлөвлөх тухай хуулийн төсөл оруулж ирлээ. Үүнийг хэлэлцэж байх цаг хугацааны зав зай байхгүй тул уг асуудлыг хэлэлцэхээ хойшлуулъя гэсэн байр суурьтай байсан.

Харин Д.Лүндээжанцан гишүүн энэ тал дээр өөр байр суурьтай байсан бөгөөд Монгол Улсад олон зуун ажлын байр бий болгосон хэдэн сайхан үйлдвэр бариасай гэж боддог тухайгаа дахин хэлж, энэ тал дээр Үндэсний шинэтгэлийн хороо санаачлагатай ажиллах хэрэгтэй, гэхдээ олон жил ярьсан асуудлыг ямар ч байсан хууль маягаар цаасан дээр бичээд оруулаад ирсэн нь зөв гэж байв. Мөн Э.Бат-Үүл гишүүн энэ хуулийн төслийг хэлэлцэхийн эсрэг байгаагаа хэлсэн. Ингээд байнгын хорооны саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад 66,4 хувиар дэмжигдлээ.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу уг хуулийн төсөл өнөөдрийн чуулганаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 10.0 сая байсныг 100.0 сая төгрөг болгож нэмэгдүүлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зарим татварын дарамтаас чөлөөлөх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн уг хуулийн төслийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлсний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамтатган холбогдох байнгын хороогоор хэлэлцэхээр болсон юм.

Энэхүү хуулиудын төсөлд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босгын хэмжээг нэмэгдүүлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид зарим татварын дарамтаас чөлөөлөгдөх, нөгөө талаас татварын орлогыг бүрдүүлдэг эрх бүхий байгууллага өөрийн хүч бололцоогоо том татвар төлөгчдөд чиглүүлэх боломжийг бүрдүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрэгжүүлэх явцад гардаг маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, энэ хуулийг зөрчсөн этгээдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Аж ахуйн нэгжийн жилийн борлуулалтын хэмжээ 50.0 сая төгрөгөөс доош бол борлуулалтын орлогын дүнгээс 1 хувиар албан татвар ногдуулах, ингэхдээ тайлангаа хялбаршуулсан байдлаар гаргаж болох эрх зүйн зохицуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Татвар төлөгч, татварын албаны ажилтнуудын хооронд гарч байгаа маргаантай асуудлын ойлголтыг цэгцлэх, татварын албаны бусад хуулиар хүлээсэн үүргийг тусгаж өгөх, мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн солилцоог боловсронгуй болгох зорилгоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулж оруулсан аж.

Түүнчлэн Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татварт төлөх сонголт бий болох, тэдний жилд төлөх татварын хэмжээг тодорхой болгох, ингэснээр татварын албаны ачаалал буурах, 2000 оноос хойших хэрэглээний үнийн индекстэй уялдуулан татварын хэмжээг өөрчлөх шаардлага бий болсны үндсэн дээр олон улсын туршлагад нийцүүлэн Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлсний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч мөн боловсруулсан байна.

Эдгээр хуулийн төслүүдийн өөрчлөлттэй уялдуулан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг ч төсөл санаачлагч боловсруулжээ.Үүний дараа чуулганаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал нэгтэй баталсан.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар