Монголбанкны ерөнхийлөгөөр Н.Золжаргалыг томиллоо
УИХ-ын чуулган /2012.09.14/: Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай асуудал
2012.09.14

Монголбанкны ерөнхийлөгөөр Н.Золжаргалыг томиллоо

Нэгдсэн хуралдаанаар /2012.09.14/ Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монголбанкны ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад өгсөн бөгөөд үүний дагуу УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуудлыг оруулж иржээ. Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Л.Пүрэвдоржийг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, Монголбанкны шинэ ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай саналаа танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд Л.Пүрэвдоржийг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, шинэ ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилох нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан юм.  

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Золжаргалд амжилт хүсэв

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчээс валютын урсгалд зохицуулалт хийх шаардлага бий эсэх, мөн уул уурхайн орлого гадаадад үлдчихээд байна гэсэн яриа байгаа. Энэ талаар юу хэлэх вэ. Алтны арилжаан дээр ямар байр суурьтай байгаа вэ.

Төв банкны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, инфляци, зээлийн хүүг нэг оронтой тоонд барьж чадна гэж хэлжээ. Ямар хугацаанд хийх бол гэдгийг асууж тодруулав.

Нэр дэвшигч Н.Золжаргал, Валютын зохицуулалтын тухай хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Ойрын хугацаанд өргөн барихаар төлөвлөж байна.Валюттай холбоотой үйл ажиллагаа, ханш хуульчлагдсан байх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Алтны хувьд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоохоос өмнө Монголбанкинд тушаах хэмжээ их байсан. Хууль хэрэгжих явцад алт тушаах нь огцом буурсан.

Харин татварыг болиулснаас хойш нэмэгдээд байгаа. Цаашдаа алтны олборлолтыг алт худалдан авах үйл ажиллагаагаар дэмжиж, гааль, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллах болно. Төв банкны хуульд хэдэн удаа өөрчлөлт хийсэн. Өөрчлөх шаардлага яваандаа гарахыг үгүйсгэхгүй. Инфляцийг бууруулах ёстой.

Инфляци бага, дунд орлоготой иргэдэд хүндээр тусч байсан. Засгийн газрын зорилтууд хэрэгжин, инфляцид нөлөөлж байгаа бүх арга хэмжээг авч чадвал инфляци буурна, зээлийн хүү ч буурна. Энэ үр дүн ойрын хоёр жилд харагдана гэж тооцож байгаа. Энэ бол зорилт гэхээсээ илүү шаардлага болоод байна гэсэн хариулт өгөв.  

Н.Энхболд гишүүн:Моноглбанк өөрсдийн бодолготой байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, инфляцийг мөн нэг оронтой тоонд барих хоёр хамт явж чадахгүй шүү гэдгийг онцлоод УИХ-д мөнгөний бодлогыг оруулж ирэхдээ зарчмын хувьд өмнөх жилүүдийнхээс өөр зүйлийг оруулж ирэээрэй хэмээн захив. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Л.Пүрэвдоржийг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Н.Золжаргалыг уг албан тушаалд томиллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.