Ирээдүй барьцаалсан эрсдэл ба засгийн газрын бонд
Зөвхөн хүүнд нь хоногт дор хаяж 205 мянган ам.доллар төлнө.
2012.11.20

Ирээдүй барьцаалсан эрсдэл ба засгийн газрын бонд

Ойрын жилүүдэд нийтдээ таван тэрбум, үүний дотор энэ ондоо багтаж 1,5 тэрбум долларын Засгийн газрын бондыг гадаад зах зээлд байршуулах шийдвэрийг УИХ саявтар гаргав. Энэ нь өнөөдрийн төлөө маргаашийг барьцаалж буй туйлын эрсдэлтэй алхам юм. Мэдээж хэрэг улс орны нийгэм, эдийн засгийн дэвшлийг цаашид түргэтгэхийн тулд дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх шаардлага бий. Гэхдээ үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нөхөх үйлдвэрлэлийн үзүүлэлт хэмжээсүүдтэй ягштал уялдуулах учиртай. Энэ тэнцвэрт харьцаа алдагдвал юунд хүргэдгийг Грек, Испани зэрэг орны жишээ бэлхнээ харуулсаар байгаа бус уу. Дээр дурдсан эрсдэл дараах нөхцөл байдлаас үүдэж байна.

Нэгд, манай эдийн засгийн цар хүрээ, төлбөрийн чадвартай харьцуулахад дээрх ззэл нь ахадсан тоо хэмжээ юм. Жишээ нь, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт 2005 тэрбум төгрөг, үуний 25 хувь мөн л гадаадын зээл тусламж байхаар тусгагдсан. Гэтэл үүн дээр нэмж түүнээс ч илүү хэмжээний хөрөнгийг зарцуулах нь. Хоёрт, бид хатуу нөхцөлтэй арилжааны зээлийг ашиглах туршлага хуримтлуулж амжаагүй яваа үндэстэн. Тийм ч учраас ОУВС зэрэг дэлхийн хэмжээний мэргэжсэн байгууллага Монгол Улс Засгийн газрын нэрийн өмнөөс арилжааны зээл авах, баталгаа гаргаж өгөхийг хориглож байсан нь саяхных. Одоог хүртэл гаднаас авсан зээл бол, Хөгжлийн банкныхыг эс тооцвол "хөнгөлөлттэй" буюу "хөгжлийн" зээл байв.

Өмнөх тогтолцооны үед бид нийтдээ 14 тэрбум шахам ам.долларын зээл аваад "социализм" байгуулчихсан улс гэж сөргөх хүн гарах вий. Тэдгээр зээлийн нөхцөл болзол, хэрэгжүүлэх механизм нь огт өөр юм байв. 0,5-2,0 хувийн хүүтэй, 10 жил түүнээс ч дээш амирлалт хугацаатай тиим зээл байсан. Хамгийн гол нь уг зээлийг үр дүнтэй зарцуулж тухайн   байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах хариуцлагыг нь зээл олгогч тал мөн хуваалцдаг байсан билээ. Хүндрэлээ тайлбарлахаар төлбөрийн хугацааг хойшлуулчихдаг, хүүг нь зогсоочихдог ч байв.

Тэгвэл энэ удаагийн бонд нь жилийн 7,0 хүртэл хувийн хүүтэй, худалдан авагч тал хүүгээ л авахаас өөр "үүрэг" хулээхгүй зээлийг Монголын талд авчирна. Эхний ээлжийн 1,5 тэрбум ам.долларыг хамгийн боломжийн нөхцөлөөр, жилийн 5,0 орчим хувийн хүүгээр босголоо гэхэд хоногт 205 мянган долларыг хүунд төлнө.Тэгээд уг хөрөнгийн дийлэнхийг төмөр болон авто зам зэрэг хөрөнгө оруулалтаа удаан хугацаанд нөхөх төслүүдэд зарцуулахаар төлөвлөж буй нь эдийн засагт учруулах дарамт улам ч нэмэгдэх нь ойлгомжтой. Ирэх жилийн төсвийн зарлага талд ийм бондын үйлчилгээний асуудал тусгагдаагүй.

Зөвхөн дотоодод гаргасан бондын өрийн төлбөр гэхэд л 2013 онд гаргах Засгийн газрын бондын 60 шахам хувь буюу 421 тэрбум төгрөгийнхийг зарцуулахаар төлөвлөсөн.

Тэгэхээр үүн дээр гадаад "шинэ" бондын үйлчилгээний үлэмж хэмжээний төлбөр нэмэгдэх нь. Энэ бондыг эргүүлж төлөхөөс үүдэх эрсдэлийн зэрэгцээ хөрөнгөөр нь хэрэгжүүлэх төсөл, байгуулах үйлдвэрүүдийн тухайд ч эргэлзээ төрж байна. Тэдгээр нь өрсөлдөх чадвартай үр ашигтай байх эсэх талаарх эргэлзээ. Бондоор босгох хөрөнгөөр санхүүжүүлээ төсөл, байгууламжийн нэрсийг Эдийн засгийн хөгжлий яам боловсруулж байгаа аж "Арилжааны банкуудад дэмжлэг үзүүлж өндөр түвшинд гаргах гэх зэрэг барьцгүй төслийн нэр ч тэдгээрийн дунд цохиж яваа бололтой дуулдана билээ. Сайншандын цогцолборын бүрэлдэхүүнд барихаар яригдаж буй үйлдвэрүүдийн ТЭЗҮ боловсруулах, хэлэлцэх, эцэслэн шийдэхэд туйлын ул суурьтай хандах ёстой. Сэтгэлийн хөөрлөөр, цээжний бангаар хандах нь хөрөнгийг элсэнд асгасан ус лугаа дэмий үрэх аюултай.   

Жишээ нь, Эрдэнэтэд   зэс   боловсруулах үйлдвэр барих асуудлыг бараг л байгуулагдсан цагаас нь эхлэн судласан. Ашиггүй гэсэн дүгнэлт гардаг. Хайлуулж гулдмай үйлдвэрлэх  зардал  нь валют нэмж олох орлогоосоо өндөр гэсэн үг. Ийм учраас одоог хүртэл бүтээгдхүүнээ баяжмал байдлаар нь экспортлож ирсэн.

Хэвтээ тэнхлэгийн төмөр замын тодорхой хэсгүүдийг, жишээ нь Тавантолгой-Сайншанд, Гашуунсухайт-Тавантолгойн чиглэлийг даруйхан   барих нь үнэхээр ач холбогдолтой байгаа. Засгийн газраас тавдугаар сард шийдвэрлэсэнчлэн эдгээр салааг хувийн компаниуд концессийн гэрээгээр  гүйцэтгэвэл  төсөвт учрах дарамт  багасах   байв. Нэгэнт   хувийн   хэвшлийнхэн хөрөнгөө хаяж буй болохоор төсөр зардлаар ч босох байсан биз. Гэтэл Засгийн газар энэ сарын эхээр дээрх гэрээг цуцлаад бүгдийг нь Монголын төмөр зам компани барихаар шийдвэрлэсний логикийг ойлгоход үнэхээр хэцүү. Үүний дүнд дахиад л хугацаа алдах, хамгийн гол нь төсвөөс хийх санхүүжилт нэмэгдэх нь ойлгомжтой.    Санхүүжилтийн баримтад   гарьш   үсэг   зурах эрхийг "Монголын     төмөр зам" компанид өгөх сонирхол байдгаас тэр болов  уу гэж таамаглаад орхиё.

Хятадын Эрээн, Оросын Наушкаар дамжиж далайд гарахад хүндрэлтэй байгаа. Гэтэл хэвтээ чиглэлийн Бичигт, Эрээнцав, эсхүл Нөмрөг хүртэл төмөр зам тавихад л дамжин өнгөрөх тээврийн асуудал шийдэгдчих юм шиг яригдаад байгаагийн логик ч бас ойлгомжгүй. Хоёр хөршийн нутгийг төмөр замаар гэтлэх асуудал хэвээрээ, зөвхөн арай өөр чиглэлээр л тээвэрлэлт хийхээр оролдоно гэсэн үг. Иймээс Сайншандаас зүүн тийш барих төмөр замыг одоохондоо хойш тавих нь зүйтэй болов уу. Харин хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлаа хариуцахаар эрсдэлийг хүлээж чадах хувийн хэвшлийн, эсхүл гадаадын компани олдох ахул концессийн хэлбэрээр гүйцэтгуүлж болох юм.

Жишээ нь, Ерөө-Дарханы хооронд хүдэр зөөвөрлөхөөр хувийнхан төмөр зам барьсан. Хэрэгцээ нь байвал дэд бүтцээ бий болгодгийн жишээ энэ. Үр тариа, ногоо цагаагаа зөөвөрлөх зэргээр орон нутгийнхан энэ замын ашигласаар л байна. Нэгэнт оруулсан хөрөнгөө нөхөх, ашгаа өсгөхийн үүднээс бий болгосон; байгууламжаа ашиглуулж л таарна. Хөшөөт-Ярантын шинэ замаар зөвхөн нүүрсний машинууд цуварч байгаа биш. Үүгээр ундууцаж гоочлоод байсан ховдынхон өөрснөө дуу аялчихсан давхиж л явна. Алсдаа цемент зэрэг барааг нүүрсээ буулгаад буцах машинаар урдаас татах л вий.

Зээлийн төлбөрийг түүнийг ашигласан нэгжтэй нь уяж өгвөл арай дөхөм байдаг. Тухайн бизнес л эрсдэлээ хүлээвэл, гол нь барьцаа хөрөнгөө тавьсан нөхцөлд эргэж төлөгдөх магадлал өндөр болдог. Энэ ажилд хариуцдагагүй хандсанаар шилжилтийн эхний жилүүдэд төрийн нэрээр авсан бараг хоёр тэрбум ам.долларын зээл шамшигдаж алга болсон. Харамсалтай нь эргүүлж төлөх үүрэг улсын нуруун дээр үлдсэн. Зээлийг авсан пүүс компаниуд нэрээ өөрчлөх, зохиомлоор дампуурах зэргээр бултаж амжсан. Гэхдээ эдгээр зээлийг зувчуулсан компаниуд бүгдээрээ анхнаасаа "хулхьдах" зорилготой байсан гэж бодохгүй байна. Үр ашиг муутай төсөл, арга хэмжээнд зээлээ зарцуулаад эргэж төлөх боломжгүй болоод ирэхээрээ "бултах" зам руу гулссан байх. Бондоор босгох мөнгийг Жижиг, дунд үйлдвэрийн сан, орон сууцны хөнгөлөлттэй зээл зэрэгт зарцуулах аваас дээрх харамсалтай байдал давтагдахгүй гэх газаргүй.

Монголбанкнаас 2012 oны 6 сард гаргасан “Монгол улсын нийт гадаад өрийн тойм”.

Ер нь давтагдана л даа. Төсөвт орж ирэх учраас хэний ч биш, тодорхой эзэнгүй гэсэн үг, тиймээс чадах хэрээрээ "халбагадах" зарчим л үйлчилнэ дээ. Ер нь Монголын нийт гадаад өр жилийн экспортын орлогоосоо бараг гурав дахин их болсон нь түгшүүрийн харанга хэдийнэ дэлдэж буй хэрэг. Экспортын тогтвортой, баталгаатай орлого нэмэгдээгр байхад үлэмж өр тавьж ашгаа мөд өгөхгүй зүйлд зарцуулах нь нөхөн үйлдвэрлэлийн хэвийн горим, цаашилбал эдийн засгийн хараат бус байдалд занач учруулж болзошгүйг анхаарах ёстой. "Өргүй бол баян" гэдэг үг зовлонг нь биеэр амссан ардын амнаас л унасан биз ээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч зээлийг яамд, салбарууд бие биеэсээ өрсч ашигладаг байсан.

Гэхдээ ахмад үеийн ухаалаг удирдагчид маань олдсон дээр нь зээл авахад гэмгүй байх, бүгдийг нь эргүүлж төлөхгүй биз, социалист интернационализмын зарчмаар төлбөрөөс чөлөөлөгдөх байх гэсэн алсын тооцоотой байсан болов уу. Явцуу хүрээнд иймэрхүү яриа болж байхыг зах зухаас нь сонсч л явлаа. Гадаад худалдаа, техник-технологийн туслалцаа, батлан хамгаалах гээд бүх төрлийн хэлхээ холбоо нь эцсийн дүндээ хоёр болон олон талын хүрээнд "төлөвлөгөөний   зохицуулалт" хэлбэрээр зээлийн харилцаатай уялддаг байсан болохоор цээжний мухарт тийм найдлага төрөх нь зүй  ёсных байсан биз. Нөгөөтэйгүүр, Монгол нь "ревизионистууд"-тай   хиллэн оршиж байсан тул улс төрийн агуулга ч зээлийн нөхцөл болзолд тусгалаа олж байсан хэрэг.

Харин бондын өрийг төлөхөд элдэв хугацаа сунгалт, хөнгөлөлт байхгүй. Гадаадынхан капиталаа л хүүлэн үржүүлэх зорилготой, Монголын бэрхшээл тэдэнд падгуй тул цагт нь төлбөрөө авч таарна. Уг нь уул уурхайгаас олох орлогыг з э э л и й н  х у ү д  т ө л ө х ө д зориулах биш гадааадын бонд худалдан авч орлого олвол хамгийн найдвартай ирээдүй байхсан. Жишээ нь, Норвеги улс ийм замаар явж байна. Байгалийн баялгаас өнөө үеийнхний олж буй орлогыг хойч үеийнхэнтэйгээ хуваалцах арга нь энэ. Өнөөдрийн төлөө ирээдүйг зольж биш, ирээдүйн төлөө өнөөдрийг зориулж амьдрах юм сан.