Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэлэлцэхээр болов
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /Шинэчилсэн найруулга/
2012.11.26

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэлэлцэхээр болов

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхнийх нь Засгийн газраас өргөн барьсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга  юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор олон гишүүн асуулт тавьсны дотор Д.Лүндээжанцан гишүүн өмнөх парламентын үед хоёр жилийн нүүр үзсэн энэ хуулийн төсөл дээр Ажлын хэсэг сайн ажилласан ч хууль гараагүй шалтгаан, уг хууль тогтомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг БХЯ-нд ногдож байсан бол одоо энэ үүргийг УУЯ-нд шилжүүлснээр гарч болох сайн, муу үр дагаврыг дурдаад тухайн үед БХЯ-ны сайдаар ажиллаж байсны хувьд өмнөх байр суурь нь хэвээрээ  байгаа эсэхийг Л.Болд гишүүнээс асуусан юм.

Л.Болд гишүүн асуултанд хариулав

Энэ асуултанд Д.Ганхуяг гишүүн хариулахдаа 2008-2012 оны хооронд хоёр ч хуулийн төсөл хэлэлцсэн. Ерөнхийдөө дундын хувилбарыг олж хамтын удирдлагын бүтцэд шилжиж байгаа, хажууд нь хараат бус мэргэжлийн шинжээч нар ажиллана гэсэн бол Л.Болд гишүүн “БХЯ-ны эрх мэдэл дутаагүй, үндсэн чиг үүргийн яам болж байгаа тул аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг нь тус яам хариуцна. Түрүүчийн Засгийн газрын үед сайн зөвшилцсөн дээрээ  мэргэжлийн зөвлөл бий болгож, хяналтын механизмыг нь сайжруулаад явах ёстой юм” гэв.

Мөн С.Бямбацогт гишүүүн “Тэсэрч дэлбэрэх бодис бол стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. 2050 он хүртэл Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж явна гэсэн прогноз байгаа, энэ хөгжил уул уурхайн салбарт тулгуурлах учир тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гээд тэсэрч дэлбэрэх бодисын зориулалтыг бага зэрэг өөрчлөхөд л үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зэвсэг болох магадлалтайг анхааруулж ийм хэрэгсэлтэй холбоотой гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн хязгаарлах талаар  асуугаад эдийн засгийн салбарт нэн ач холбогдолтой  бүтээгдэхүүнийх нь хувьд ЭЗБХ-гоор хэлэлцүүлэх нь зүйтэй, хоёр байнгын хорооны Ажлын хэсэг хуулийг тулхтай хэлэлцэх нь зүйтэй гэлээ.

С.Бямбацогт гишүүн: Тэсэрч дэлбэрэх бодисыг буруугаар ашиглах боломтой байдаг

Зөвхөн АБГББХ-гоор хэлэлцэх нь учир дутагдалтай гэдэг дээр  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ч санал нэгдсэн бөгөөд дэлхийд гэмт халдлага, терроризм ихээхэн гарч байгаа өнөөгийн нөхцөлд хөдөө аж ахуйн салбарт ашигладаг азотын гурилын бордоо, шүү гэх мэт химийн бодис нь тэсэрч, дэлбэрэх бодисын түүхий эд болдгийг сануулж, тус байнгын хороогоор ч давхар хэлэлцүүлж, хамтарсан Ажлын хэсэг байгуулж болох юм гэлээ.

Г.Баярсайхан гишүүн: Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэнд төр онцгой анхаарах хэрэгтэй

Ж.Энхбаяр гишүүн хууль санаачлагчаас асуулт асуув

Гишүүд тэсэрч дэлбэрэх бодисын  үйлдвэрлэл, импорттой холбоотойгоор хүнд суртал, олон шат дамжлага гарах магадлал, гаднаас оруулж буй энэ төрлийн хэрэгслийн тоо хэмжээ, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих мэргэжлийн зөвлөл, итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллага, энэ салбарын мэргэжлийн боловсон хүчин, хууль зөрчихөд хүлээлгэх хариуцлага, хуулийг дагалдан гарах дүрэм журам зэрэг олон асуудлаар хууль санаачлагчид асуулт тавьсны эцэст Байнгын хорооны саналын дагуу хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хурааж гишүүдийн 64,4 хувийн саналаар анхны хэлэлцүүлэг хийлгэхээр АБГББХ-нд шилжүүллээ.