Ерөнхий сайд: Ураныг байгаль орчинд хоргүй байдлаар ашиглах болно
“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын
2012.11.26

Ерөнхий сайд: Ураныг байгаль орчинд хоргүй байдлаар ашиглах болно

Баасан гарагийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар /2012.11.23/ М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс “Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг асуулгын хариуг холбогдох гишүүдэд бичгээр хүргүүлсэн болохыг хуралдааны эхэнд дурьдаад энэ удаад бэлтгэж өгсөн хариултаасаа товчхон танилцуулъя гэв. Гишүүдийн тавьсан асуулгын эхнийх нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл байсан.

Ж.Батсуурь гишүүн: Би Уран болон цөмийн энерги бол маш аюултай гэсэн ойлголтой байна

Г.Баярсайхан гишүүн асуулт асуув

Ерөнхийлөгч Япон Улсын Фукушимагийн цөмийн ослын дараа цөмийн хаягдлын тухай асуудлаар 184 тоот зарлиг гаргасны сацуу 2009 онд УИХ-аар батлагдсан Цөмийн энерийн тухай бодлого, хууль тогтоомжуудыг эргэн харж, шаардлагатай нөхцөлд бодлогоо шинээр боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон.

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх удаах асуулгад Ерөнхий сайд хариулахдаа,

1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах;

2.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох гэж чиглэл болгосоны дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Өнгөрсөн хугацаанд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн төхөөрөмж, цөмийн болон цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангах, хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үүднээс эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажил үе шаттайгаар хийгдэж ирсэн бөгөөд одоо ч хийгдэж байгаа гэлээ.

Харин Монгол Улсын Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлогын тухайд, “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн технологи нэвтрүүлэх салбарт дор дурдсан зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд:

1.Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрт үндэслэн олгодог болгох;

3.Аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоонд тодорхой хязгаарлалт тавих;

4.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх;

5.Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал  булшлахыг хориглох;

6.“Цөмийн энергийн чиглэлээр явуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр “Шар нунтаг”-аас цааш үргэлжлэхгүй байхыг хуульчлан тогтоох” зорилтыг тус тус тавьсан байна.

Мөн Япон Улсын Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцад гарсан ослын дараагаар дэлхийн олон орон цөмийн хөтөлбөрөө эргэн харж, зарим нь бодлогоо өөрчлөн сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэртэй болохоор зорих болсон. Гэсэн хэдий ч өсөн нэмэгдэж буй хүн ам, цаг агаарын дулаарал, байгаль, экологийн доройтол, эрдэс баялагийн хомсдолтой холбоотой асуудлууд хурцаар тавигдах болсон өнөө үед дийлэнх улс орнууд цөмийн эрчим хүчний бодлогоо зогсоохоосоо илүү түүний аюулгүй байдал, түлшний менежментийг сайжруулах замаар энэ мухардлаас гарч болно гэж үзэж байгаа болохоор бид цөмийн энергийг хэрэгтэй газар нь зөвөөр хэрэглэх, ашиглах гэдэг дээр ухрахгүй. Харин цацрагийн аюулгүй байдлыг хангах гэдэг дээр онцгойлон анхаарна гэдгийг хэлж байв.

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нийт 2,348,255.61 га (23,482.55 км2) нийт нутаг дэвгэрийн талбайн 1,564 хувийг эзэлдэг ажээ.

Түүнчлэн тэрээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих, Цөмийн хаягдлыг булшлах тухай асуудал байхгүй гэдгийг онцлон хэлэв. Харин нэгэнт хайгуул хийчихсэн газраас ураныг байгаль орчинд хоргүй байдлаар шар нунтаг хүртэлх технологийг ашиглах болно гэлээ. 

Ингээд хуралдааны төгсгөлд гишүүдийн Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссоны дараа мэдээлэлтэй холбогдуулан зарим гишүүн Ерөнхий сайд болон Засгийн газрын тухайн ажлыг хариуцан ажиллаж буй ажилтнуудаас асуулт тавьж хариулт авсан.

Д.Золбоо