2008.01.06

Вакцин хийлгээгүй хүүхдэд 3000 төгрөг олгохгүй

Амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой 0-18 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх бүрд сард 3000 төгрөг хүүхэд тус бүр олгох тэтгэлгийн мөнгийг өгөх болжээ. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, Нийгмийн хамгаалал, бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Дагвадорж нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-3000 төгрөгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
Эхний ээлжид аймаг, хороо, дүүргийн нийгмийн халамжийн ажилтнуудаа энэ сарын 14-17-ны хооронд сургалтад хамруулна. Иргэн өөрөө хүсэлтээ сум, хорооны засаг захиргаандаа гаргаж маягт бөглөнө. Тухай айлын хүүхдүүд сургуульд сурдаг, вакцинд хамрагдсан, гэр орондоо байнга амьдардаг байх ёстой. Хоёрдугаарт, амьжиргааны төвшний тодорхойлох асуулга бөглөнө. Олон улсын конвенцод нийцсэн аргачлалаар амьжиргааны төвшинг тогтоох юм. Бид энэ талаар нарийн судалгаа туршилт хийсэн. Энэ нь шударгаар тогтоодог болохыг нотолсон. Цагаан сарын өмнө нэг, хоёрдугаар сарынхаа хамтад нь өгөхөөр төлөвлөөд байгаа.
-Нийт хэчнээн хүүхэд хамрагдах гэж байгаа вэ?
-Урьдчилсан тооцоогоор 127 мянган өрхийн 560 мянган хүүхдэд сар бүр 3000 төгрөг олгохоор тооцоолж байна.
-Мөнгийг ямар журмаар олгох вэ?
–Харьяа дүүрэг, сум, хороо Эхний ээлжид аймаг, хороо хорооны тэтгэвэр, тэтгэмж өгдөг банкны салбар тооцооны төвөөр бэлэн мөнгө хэлбэрээр өгнө. Гэхдээ тухайн хүн хүүхдийнхээ мөнгийг авалгүй шууд хадгаламжийн дэвтэр нээлгэж болох юм.
-Ямар нөхцөлд мөнгө авах эрхгүй болох вэ?
-Хүүхэд нь шүүхийн шийдвэрээр ял авах, орон гэрээсээ дайжсан, 18 нас хүрсэн, вакцинжилтад хамрагдаагүй тохиолдолд мөнгийг өгөхгүй. Жилд нэг удаа олон хүүхэдтэй айлд хүүхдийн мөнгө олгодог байсан. Үүнийг яах вэ? Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлд нэг удаа хүүхдийн мөнгө олгодог. Дөрвөн хүүхэдтэй 24 мянган төгрөг авдаг байсан айл одоо сар тутамд 12 мянга, жилд 140 мянган төгрөг авах боломжтой болж байна. Тиймээс жилд олгодог мөнгийг өгөхгүй болгосон.

Г.Энхжин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.