Ж.Сүхбаатар: МАН-тай арсалдах нь эрх баригчдын гол бодлого биш
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2012.12.05

Ж.Сүхбаатар: МАН-тай арсалдах нь эрх баригчдын гол бодлого биш

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын зүгээс орон нутгийн сонгуулийн дүнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?

-       Энэ удаагийн орон нутгийн сонгууль бидэнд олон зүйлийг асуулт болгож, зарим зүйлийг нь хариулт болгон өглөө. Бид нар хууль шүүхийн шинэчлэлийн асуудлыг их ярьж ирсэн. Харин энэ удаагийн сонгуулиар тэр шинэчлэл хэрхэн явж байгаа гэдгийг шалгачихлаа.

Ардын намын хувьд хэдийгээр хүнд бэрхшээл  дунд байгаа ч гэсэн түмэнтэйгээ хэвлэл мэдээллээр ярихдаа гомдож гоншигноогүй, бид хүнд дарамтан дор ажиллаж байгаагаа удаа дараа мэдэгдэж ирсэн.

Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувь нь МАН-д итгэж байгаа

Гэхдээ сонгуулийн дүнгээс үзэхэд ард түмэн бидэнд итгэдэг гэдгийг нэгэнт харж байгаа учир цаашид улам эрчтэй ажиллах болно. Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувь нь МАН-д итгэж байгаа гэдгийг батлан харууллаа. Харин энэ дүн эрх баригчдад манай намыг ард түмний хяналтыг тавьсан бүтээлч сөрөг хүчин гэдгийг мэдрүүлсэн байх аа.

-Зарим аймаг, сумдын сонгуулийн дүнтэй холбоотойгоор хэрэг шүүхийн шатанд явж байгааг та юу гэж үзэх вэ?

 Орон нутгийн сонгуулиар ард түмэн Ардын намыг эрх баригчдын хяналтан тэднээс дутахгүй хяналт, шаардлагатай ажиллаарай гэж захисан. Энэ бол МАН монголын улс орны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, өөрөө шинэчлэн өөрчлөгдөхийг ард түмэн дэмжиж байгаа явдал юм. Энэ сонгууль манай намын шинэчлэлийн эх суурийг тавьлаа гэж хэлж болно. Нөгөө талаас бас ажиглагдсан зүйл нь монголд ерөөсөө хууль ёс, шударга ёсны асуудлыг бодитой ярих цаг болжээ. Аман дээрээ ардчилал, хууль шударга ёс ярьдаг.

Гэтэл аймаг суман дээр өрсөлдөж байгаа нэр дэвшигч сонгуулийн өмнө болон дараа нь удахгүй шүүхийн шийдвэр манай талд гарна гэж хэлж, занаж байгааг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна.

Өнөөдөр хууль шүүхийн байгууллага нэг намын эсрэг явж байгаа юм шиг байж нэг намын гарт оржээ. Монгол улсын иргэдэд үйлчилдэггүй, тодорхой бүлэг хүмүүст үйлчилдэг тогтолцоо үүсээд байгааг харуулсан сургамж нь энэ сонгуулиас харагдлаа.

Сонгуулийн сезон дуусч байна. Одоо ажилдаа орох цаг болсныг Шударга ёс эвслийнхэн хэлж байгаа. Танай намын бүлэг байгуулах асуудал УИХ-д гацаанд орчихоод байгаа талаар та юу гэж бодож байна вэ?

Өвөлжилт хүндэрч байгаа үед одоо эрх баригчид Ардын намтай арсалдаж байхаас илүү ард түмэндээ үйлчилдэг тал руугаа хандаж ажилламаар байна.

Ардын намын зүй ёсны шахалтыг хүлээж авах цаг болжээ. Тиймээс сонгуулийн дүнг яаралтай баталгаажуулж засаг дарга нараа томилж баталгаажуулах ажлыг хиймээр байна. Ардын намтай арсалдаж үзэлцэх нь эрх баригчдын гол бодлого биш.