Занданшатар.Г 2012.12.05

Г.Занданшатар: Хоёр дахин өндөр өртгөөр төмөр замын төслийг хэрэгжүүлэх нь алдаатай бодлого

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатартай бондын зээл дээр ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

- Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын зээл авлаа. Та үүнийг хэрхэн харж байна вэ. Хэрхэн зарцуулах ёстой вэ?

Үүгээр том бүтээн байгуулалт хийвэл маш зүйтэй. Гэтэл өдөрт 270 сая төгрөгний хүү төлөөд тэр мөнгө нь юунд ч зарцуулагдахгүй, зарцуулагдсан ч үр ашиггүй зүйлд зарцуулагдаад байвал монголын ард түмний нуруун дээр өр л болж үлдсэн хэрэг болох аюултай. Тэрэн шиг гамшигтай зүйл гэж байхгүй. Үүнийг засч залруулах хэрэгтэй. Энэ асуудал дээр цөөнхийн хяналт дутагдаж байна.

-Ардын намын УИХ-д бүлэг байгуулах асуудлыг шийдэж өгөхгүй байгаа нь цөөнхийг хавчиж байна та үзэж байна уу?

 Ардын намын бүлэг байгуулахгүй байгаа нь эрх баригчдад дур зоргоороо авирлах боломжийг нь бий болгоод байна. Тухайлбал 1,5 тэрбум ам.долларын зээлийг хэрвээ хувийн хэвшил зээл авсан хоёр дахин илүү үр ашигтай байх байлаа. Гэтэл төр авч, өрөнд оруулаад хоёр дахин өндөр өртгөөр төмөр замын төслийг хэрэгжүүлэх гэж байгаа нь алдаатай бодлого юм.

Нөгөө том төслүүдийнх нь техник эдийн засгийн үндэслэлийг хийлгүй, баахан мөнгө ороод ирсэн. Хэдий болтол хүлээж суух нь тодорхойгүй. Гэтэл өдөрт 200 гаруй сая төгрөгний хүү төлөөд сууж байх зээлийг авсан нь зөв бодлого уу, буруу бодлого уу.

Мэдээж хэрэг зээл авах нь зөв.  Зээлээ зөв зүйлд зарцуулах нь ч зөв. Харин техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаагүй, төсөл нь эхлээгүй дээрээс нь манай улсын бизнесийн сезон хавар, зунаас эхэлдэг, бүх ажил зогссон ийм цаг үед баахан зээл аваад бид нар хүү төлөөд байх нь дур зоргоороо авирласан хэрэг гэж хэлэхээс өөр аргагүй.

Эрх баригчид өөрсдийгөө дандаа зөв гэж боддог. Аливаа зүйлийг харж байж  шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр ардын намын бүлгийг байгуулж өгөхгүй, асуудалд хяналт тавих боломжийг олгохгүй, байнгын хорооны хурлаар оруулахгүй байгаа нь бүхий л шатанд хяхан хавчих бодлого явуулж байгаагийн нэг том илрэл. Үнэхээр монголын ардчилалд эрсдэл учирч байна.

Ярилцсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.