Баасанхүү.О 2012.12.06 | Сонин: Өнөөдөр сонин

О.Баасанхүү: “Шударга ёс” эвслийн гишүүд бие даагч болно

О.Баасанхүү: “Шударга ёс” эвслийн гишүүд бие даагч болно
Монгол Улсын Их Хурлын Гишүүн О.Баасанхүү.
-Н.Энхбаяраас болоод Засгийн газраас гарах шийдвэр гаргасан гэж үзэж байгаа хүн цөөнгүй байна. Энэ талаар Та ямар тайлбар өгөх вэ?

-Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамаагүй. Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Гэтэл манай намын нэр дэвшигчдийн дийлэнхийг нь бүртгэсэнгүй. Заримыг нь сонгуулийн өдрийг тулгаж бүртгэсэн. Үүнээс болоод нам сурталчилгаагаа бүрэн хийх боломжгүй болсон. Намын зарим гишүүн өлсгөлөн зарлаж, хэлмэгдэж байгаа гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг л ажилтай болсон. Гэтэл өнөөдөр эрх барьж байгаа нам болон улс төрийн бусад хүчний зүгээс ямар нэг алхам хийхгүй байна.

Хоёрдугаарт, шүүх хурлын өмнө ийм шийдвэр гаргалаа гэж байна. Н.Энхбаяр даргын хэлмэгдэж байгаатай холбоотой зарим зүйлийг хэлье. Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байхыг хүссэн боловч намайг анхан шатны шүүх хуралд ч, давж заалдах шатныхад ч оруулаагүй. Давж заалдах шатны шүүх хуралд улсын яллагч ордог. Харин хяналтын шатны шүүх хуралд Төрийн төлөөлөл ордог. Гэтэл энэ хуралд улсын яллагчийг дахиад оруулж байна. Энэ нь дахиад л яллана гэсэн үг. Ийм л зарчимгүй байна. Бүх зүйл хуулийн дагуу явсан бол МАХН Энхбаяр ч байна уу, Элбэгдорж ч байна уу, юм хэлэхгүй.

-Хэрэв МАХН Засгийн газраас гараад, харин МҮАН татгалзвал яах вэ?

-МАХН, МҮАН бол нэг зүйлийн хоёр тал. Өнөөдөр МАХН-ын гаргаж буй шийдвэрийг МҮАН дагах ёстой. “Бид үлдэнэ” гэж ярьж чадахгүй. Яагаад гэвэл “Шударга ёс” эвслийн шийдвэр хамтынх байх ёстой. Эвсэл задарвал яах вэ гэдгийг хуульч хүнийхээ хувьд тайлбарлая. Эвсэл задарвал гишүүдийг эргүүлэн татна гэсэн ойлголт байхгүй. МАНАН-гийнхан тэгж хүсэж байгаа юм билээ.

Энэ үйл явдлыг далимдуулаад дахин сонгууль явуулдаг ч юм уу, ямар нэгэн аргаар “Шударга ёс” эвслийг булшилна гэдэг нь МАНАН-гийн мөрөөдөл.

Хуулиар бол, УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр эрх нь үүсдэг. Дараагийн гишүүн тангараг өргөснөөр эрх нь дуусгавар болно. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн хоёр л заалт бий. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдох, эсвэл өөрийнх нь хүсэлтээр татах гэж байгаа. Харин эвсэл задарвал дахин бүлэг байгуулагдахгүй. Гишүүд бүгд бие даагч болно. Хууль нь тийм.

-МҮАН байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна?

-Миний ойлгож байгаагаар МҮАН даргагүй байгаа. Дарга нь Төрийн албанд шигдсэн тул МҮАН-ынхныг нэгдсэн байр суурьтай гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл намын дүрмээр дарга нь л намаа төлөөлж мэдэгдэл хийдэг.