Баасанхүү.О 2012.12.10 | Сонин: Зууны мэдээ

О.Баасанхүү: Заавал яллаж шоронд үлдээх ёстой гэсэн байдлаар шийдлээ

О.Баасанхүү: Заавал яллаж шоронд үлдээх ёстой гэсэн байдлаар шийдлээ
Монгол Улсын Их Хурлын Гишүүн О.Баасанхүү.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүх хурал болж өнгөрлөө. Шүүх хурал шударга болж чадсан уу, та юу гэж үзэж байна?               

-Шүүх хуралдааныг хуулийн хүрээнд болсон гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл, нэгдүгээрт Улсын дээл шүүх гэдэг бол хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага болохоос хүн ялладаггүй. Гэтэл шүүх хурлаас харж байхад хоёр том алдаа гарлаа.

Эхнийх нь Улсын ерөнхий прокурор журмаа зөрчиж, нэг томилогдсон прокурорт давхар томилгоо хийсэн. Үүгээрээ хууль зөрчлөө. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурор Ё.Сагсай анхан шат болон давж заалдах шатанд улсын яллагчаар оролцсон. Дээд шүүхийн хувьд яллах процесс явагдахгүй учраас улсын яллагч оролцдоггүй. Харин Төрийн төлөөлөл буюу прокурор орох ёстой.

Улсын ерөнхий прокурорын хяналтын прокурор гэж бий. Тэр хүмүүс шүүх хуралд оролцох ёстой байтал хяналтын прокурорыг томилсон. Томилохдоо мөрдөн байцаалтад хяналт тавьдаг хэлтсийн даргаа томилж байгаа юм. Энэ нь журмаа зөрчсөн томилгоо болсон. Хоёрдугаарт, саятан Мийгаа гэдэг хүн мөрийтэй тоглосон гээд ял өглөө. Эрүүгийн хэрэг, тухайн зүйлчлэлийг гаргахдаа хэрэв бүлэг хэрэг гэж үзэх юм бол ямар утгаараа нийлмэл байгаа юм, ямар утгаараа тэнд оролцсон нь тодорхой байх ёстой. Гэтэл өнөөдөр саятан Мийгаа гэдэг хүн мөрийтэй тоглосон байхад түүнд нь Ц.Энхбаяр ямар хамаатай юм бэ. Тоглосон юм уу, тоглоогүй юм уу. Тэр хүний асуудал Н.Энхбаяртай "Эрдэнэт" үйлдвэр ган бөмбөлөгийн гэх асуудлаар холбогдсон гэж үзээд байгаа биз дээ.

Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр ган бөмбөлгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэчихээд саятан Мийгаад ял өгнө, нэг жилийн хугацаатай хорино. Энэ нь мөрийтэй тоглосонтой холбоотой гэж байна. Ийм байдлаар шүүх яллах үйл явцыг явуулж болохгүй. Шүүх хэргийг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байгаа юм бол зохион байгуулагч нь хэн бэ, хатгагч нь хэн бэ, хамжигч нь хэн болохыг шалгах ёстой. Ингэж үзсэний үндсэнд бүлэг хэрэг гэж үздэг болохоос сая болсон шүүх хурлынх шиг бүрхэг байдлаар шийддэггүй. Энэ юуг харуулж байна гэвэл, хэн нэгэнд заавал ял өгөх ёстой, шоронд үлдээх ёстой гэдэг утгаар асуудлыг шийдэж байна.

Түүнээс биш хуулиа баримтлах юм бол, тухайлбал мөрийтэй тоглосон гэж үзвэл энэ хэрэгтэй огт хамаагүй байна, тиймээс анхан шатны шүүх рүү буцаах учиртай. Анхан шатны шүүх рүү буцаасны үндсэнд яллах гэх юм уу, тэр асуудлаа шийд гэсэн байдлаар явуулдаг. Хуулиараа бол ийм байна.

Жишээ нь, би гудамжинд явж байтал замын нөгөө талд нэг хүн гэмт хэрэг хийж, түүний хэрэгтэй огт хамаагүй намайг холбож болохгүй биз дээ.
-Шүүх хурлын өмнө бүх шүүгчдээс татгалзсан гэсэн. Гэтэл шүүх хурал болсон. Энэ талаар юу хэлэх вэ?

- Монголын түүхэнд огт байгаагүй нэг зүйл болсон нь тэр. Бүх шүүгчдээсээ татгалзчихаад байхад шүүгч нар нь “Бид хийнэ ээ" гээд суучихсан. Уг нь өөрсдөд нь итгэхгүй байна гэж байхад тэр хүмүүс ёс зүйгээрээ өөрсдөө татгалзах ёстой. Яагаад тэр асуудалд заавал орох гээд зүтгээд байгаа юм бэ. Түүнээс гадна шүүх үйл явцын бас нэг гайхмаар зүйл  нь  шүүгч хариултаа авч чадаагүй байхад шүүх хурлыг дуусгачихсан.

-Тухайлбал, ямар асуултад хариугаа бүрэн аваагүй юм бэ?

-Шүүгч Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангитай холбоотой асуудлаар асуусан. Энэ асуудлаар ярих гэтэл шүүх хурлаа завсарлуулчихсан. Эрүүгийн хуулийн 150 гэдэг нь тухайн хүн эд хөрөнгө хариуцагч мөн үү, хариуцаагүй юу, хэрэв хариуцсан бол ямар гэрээгээр нотлогдож байгаа юм бэ. Яагаад 150 гэж байгаа юм бэ гэдэг асуултад хариулт авч амжаагүй байхад шүүх хурлыг хаачихсан. Энэ бүгдээс би шүүх нь шүүх шиг байж чадахгүй байна гэж үзэж байна.

-Шүүх хурлын шийдвэрийг УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" бүлгийн гишүүд  хэрхэн хүлээж авч байгаа вэ. МҮАН-ынхан байр сууриа илэрхийлэхээс зугтаж, бултаж байгааг хэвлэлүүд тоймлосон байна?

-МҮАН яаж байр сууриа илэхийлэх вэ дээ. Намын дарга нь төрийн албан хаагч болчихсон болохоор толгойгүй явж байна. Төрийн албан хаагч хуулиараа намаас түдгэлздэг шүү дээ. Тэгэхээр тэд одоо даргаа сонгох хэрэгтэй юм. МҮАН дотор тулхтай улстөрч олон бий. Тэдний байр суурь бидэнтэй нэг байгаа. Тулхгүй нөхдүүд ч мэр сэр байдаг. Гэхдээ би МҮАН-ыг үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг гэж ойлгодог шүү дээ. Үндэсний эрх ашиг ярьж байгаа өнөө цагт тэд үгээ хэлэх л ёстой. Яагаад ингэж хэлж байна гэвэл шүүх хурлыг ямар учраас хийв. Арванхоёрдугаар сарын 21-нд Орос-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр болно.

Энэ үед Монголын төр, засгийг тогтворгүй байлгах сонирхол хэнд байв гэсэн асуулт гарч байна. Миний ойлгож байгаагаар Н.Энхбаяр дарга 2006 онд оросуудтай онцгой харилцаагаар холбогдсон. Их өрийг тэглүүлсэн. Оросууд Н.Энхбаяр даргатай сайн харилцаатай, түүнийг хүндэтгэдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин монголчуудад элгэсэг ханддаг. Тэгвэл энэ харилцааг алга болгох, хүсэхгүй байгаа хүн хэн бэ. Оюутолгойн асуудлаар оросуудын ярьж байсан асуудал юу болов. Тавантолгойн тухай оросуудтай ярьсан ажил хэрэг хаачив. Төмөр замын асуудал яав. Нэг жишээ хэлэхэд, төмөр замд оросууд мөнгө өгье гэж байхад аваагүй. Тэгсэн хэрнээ одоо мөнгөгүй байна гээд Монголын төрийн нэрээр бонд гаргалаа. Үнэн байдал ийм байна. Тиймээс хэний бодлогоор ийм үйлдлүүд явагдаад байна вэ гэж улстөрчид, улс төрийн намууд бодох цаг болсон.

-Та юу гэж бодож байна. Энэ асуудлын цаана хэн байна?

-Ойлгомжтой шүү дээ. Орос, Хятадыг бараг дайснаа гэж зарлаад аль болох гуравдагч орны бодлогоор Монголын төрийг авч явах, хямраах гэсэн зорилго агуулагдаж байна.

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо Засгийн газраас гарах үүргийг гишүүдээ өгсөн. Та бүхэн цаашид вэ?

-Миний хувийн байр суурь гэвэл би  засгаас гарах гэж яарах хэрэггүй  гэж бодож байгаа. Учир нь энэ засгийг тогтворгүй байлгах бодлогыг хэн нэгэн зориуд барьж байхад бид түүнд нь хөтлөгдөх хэрэггүй юм. Гэвч, нөгөө талаас авч үзвэл бид Засгийн газарт орохдоо онцгой гэрээ байгуулсан. Тэр нь юу вэ гэвэл, МАХН гэсэн нэрээ авснаас хойш манай нам, нэр бүхий гишүүд хэлмэгдүүлэлтийг биеэрээ амссан. Та бүхэн мэдэж байгаа. Бид намынхаа нэрийг авах гэж маш их зовсон. Шүүхээс баталгаажуулаад өгчих ёстой юмыг хэчнээн сараар тэмцэж, жагсч байж авсан.

Манай намын гишүүдийн дотор хутган үймүүлэх явдал гарсан. Зарим нь намын даргаа хамгаалж үг хэлснийхээ төлөө хэлмэгдэж, салаавч үзүүлсэн гэх асуудлаар ял авах гээд байж байна. Сая орон нутгийн сонгуулиар 200 гаруй хүнийг бүртгэсэнгүй. Манай нам орон нутгийн сонгуулиар сурталчилгаагаа хийх байтал хэлмэгдсэн хүмүүсээ аврах гэж явсаар сонгууль дууссан. Сүхбаатар, Налайх, Говь-Алтай байна. Говь-Алтайд гэхэд л сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрчихөөд байхад анхан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ч хэрэгжүүлсэнгүй. Манайхаас үл хамаарч Сонгуулийн хороо нь шүүхэд давчихаад тэр асуудлаа өргөн барьчихаж байна.

-МАХН-ынхан цаашид яах вэ?

-Улсын дээд шүүхийн бүгд хурлаар орох ёстой. Тэдний шийдвэрийг харах хэрэгтэй. Олон шүүгч энэ асуудлыг хэлмэгдүүлэлт гэж үздэг. Тэгэхээр шүүхийн байр суурийг харъя. Төр байгаа цагт шүүх байх ёстой. Харин шүүх маань ганц нэгэн үл бүтэх шүүгчээс болоод нэр хүнд нь унаж байгаа нь үнэн. Тэхдээ бүх шүүгч тийм биш. Тийм болохоор одоо шүүхийн байр суурийг харах хэрэгтэй.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа бол. Та уулзсан уу?

-Уулзаагүй. Бид зөвшөөрөл авч байж уулзах эрхтэй. Гэтэл хоригдож байгаа хүнийг гутаан доромжилсон зорилготой мэдээллүүд хэвлэл мэдээллээр их цацагдаж байгааг гайхаж байна. Зарим сайтад Н.Энхбаяр гудамжаар зүгээр явж байна гэсэн мэдээ гарсан байсан. Хүмүүс төрдөө хүндэтгэлтэй хандаж, төрийн тэргүүн байсан хүнээ хүндэлдэг. Гэтэл 10, 20 жил ярьсан асуудал нь үндэслэлгүй байсан гээд хэрэгсэхгүй болж байна шүү дээ. Тэгэхээр тэр хэрэг гээд байгаа зүйлүүд хэзээ нэгэн цагт цагаатгагдана. Цагаатгалын комисс одооноос ажиллаж эхлээсэй гэж бодож байна. Н.Энхбаяр дарга бол улстөрийн хоригдол шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.