Бямбацогт.С Содбаатар.Я Энх-Амгалан.Л 2012.12.11 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Таван гишүүн ерөнхий сайдад асуулга тавилаа

Таван гишүүн ерөнхий сайдад асуулга тавилаа
Эдийн засаг

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нараас ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Асуулгыг танилцуулж байна.

Улсын Их Хурлаас 2012 оны 10 сард 52 дугаар тогтоол гаргаж Эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор 5 тэрбум хүртэлх долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012-2014 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн билээ.  

Үүнээс 1,5 тэрбум долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд борлуулж, Засгийн газар дансандаа авсан тухай Засгийн газрын холбогдох сайд нар мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

1.   Энэхүү үнэт цаасны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан хэдэн төсөл, хөтөлбөр бэлэн байна вэ? Төсөл бүрээр санхүүжилтийн хуваарийг он сар, өдөр, мөнгөний хэмжээтэй нь нарийвчлан гаргаж өгнө үү?

2.   Энэхүү үнэт цаасны зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөх хуваарийг жил бүрээр гаргаж, үүнийг ямар эх үүсвэрээс төлөхөөр төлөвлөж байгаа вэ?

3.    Үнэт цаасны зээлээр санхүүжих төслийн хэрэгжүүлэгчийг төрийн өмчийн этгээд байх уу? эсвэл хувийн хэвшлийн компани байх уу? гэдгийг ямар шалгуураар тодорхойлж, үндэсний аж ахуйн нэгжүүдээ хэрхэн оролцуулах вэ?

4.   Монгол Улс бага орлоготой орноос 2011 онд дунд орлоготой орны ангилалд орсноор арилжааны нөхцөлтэй зээл авах, Засгийн газрын үнэт цаас гаргах эхлэл тавигдсан. Үүнийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2011 онд 14 дүгээр тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкинд зээлийн баталгаа тодорхой хэмжээгээр гаргахыг зөвшөөрсөн. Энэ дагуу энэ оны эхээр 580 сая ам.долларын үнэт цаасыг борлуулж зээлийн эх үүсвэр бүрдүүлсэн. Энэхүү зээлийн ашиглалтыг төсөл тус бүрээр танилцуулна уу?

5.   Өнөөг хүртэл дээрх хоёр удаагийн үйлдлээр борлуулаад байгаа 2 тэрбум 80 сая ам.долларын үнэт цаасны 1 тэрбум 80 сая нь 5 жилийн хугацаатай, үлдэх тэрбум нь 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөнө. Эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдээс хэд нь дээрх хугацааны дотор үр ашгаа өгч, зээлийн төлбөрийн эх үүсвэрийг бүрдүүлэх урьдчилсан тооцоо гаргаж өгнө үү?

6.   Монгол Улсын Засгийн газраас бүх төрлийн бонд тухайлбал, дотоодын болон гадаадын зах зээлд борлуулсан бондын зээлийн үндсэн төлбөр, хүү эцсийн дүндээ улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөнө. Бидний урьдчилсан тооцоогоор Засгийн газраас гаргасан гадаад, дотоод үнэт цаасны өрийн үлдэгдэл нийтдээ 4,1 их наяд /Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор зөвшөөрсөн 1,5 тэрбум буюу 2,1 их наяд, өмнө гаргасан бондын төлөгдөөгүй үлдэгдэл 430,0 тэрбум, Засгийн газрын баталгаатайгаар Хөгжлийн банкнаас гаргасан бонд 580,0 сая ам.доллар буюу 813,0 тэрбум, Монголбанкнаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах хөтөлбөрт 720,0 тэрбум/ төгрөгт хүрч байна. Үүнээс гадна 2013 оны төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан 750,0 хүртэл тэрбум, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжихэд 200,0 тэрбум төгрөгийн зээлийг гаргахаар яригдаж байна. Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдуулан 560,0 сая доллар буюу 784,0 тэрбум төгрөгийн урьдчилгааг өмнөх Засгийн газрын үед авсан. Энэ бүхнийг нийлүүлж тооцвол 6,0 их наяд төгрөгийн зээлийн өр үүсч байна.  Мөн 1991 оноос өнөөг хүртэл авсан хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдэл 4,0 их наяд болж байна. Үүнийг оруулж тооцвол Монгол Улсын Засгийн газрын өр 10,0 их наяд төгрөгт хүрч байна. Ийм учраас ойрын 10  жилд төлөх зээлийн хуваарийг үнэт цаас, зээлийн төрөл тус бүрээр гаргаж, тодорхой санал дүгнэлтийн хамт ирүүлнэ үү?

Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, Чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

 Хүндэтгэсэн, Улсын Их Хурлын гишүүн:                                     

 Н.Энхболд

Л.Энх-Амгалан

С.Бямбацогт

Я.Содбаатар

Ч.Хүрэлбаатар