Баасанхүү.О 2012.12.12 | Сайт: MMinfo.mn

Хоёр барилгатай холбоотой асуудлаар Н.Энхбаяр даргад ял өгчихлөө

Хоёр барилгатай холбоотой асуудлаар Н.Энхбаяр даргад ял өгчихлөө
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга Н.Энхбаярын ялыг Дээд шүүхээс 2,6 жил болгон бууруулсан юм. Түүнчлэн Н.Энхбаяр нарын өмгөөлөгчид нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч хүлээж авах боломжгүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилж, эцэст нь Н.Энхбаярын ялыг хөнгөвчилсөн билээ. Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид Дээд шүүхийн үүдийг нүдэж, дайрч орохоор завдсан гээд Н.Энхбаярын гомдлыг хэлэлцэх шүүх хурал халуухан үйл явдлаар дүүрэн өнгөрсөн юм. Тиймээс энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ямар байр суурьтай байгааг сонслоо.

-Анхан болон дунд шатны шүүхээс Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэвч Дээд шүүх 2,6 жил болголоо. Энэ шүүх хурлыг юу гэж дүгнэж байна вэ?

Мэргэжлийн хүний нүдээр харахад хууль бусаар хувьчилсан гэвэл хувьчилж авсан хүмүүсийн тухай ярина. Харин хууль бусаар хөрөнгө оруулсан гэвэл хөрөнгө оруулалт нь хуулийн дагуу юу, үгүй юү гэдгийг ярина биз. Гэрээний эрх зүйгээр зохицуулагддаг, өөрөөр хэлбэл “Өргөө зочид” буудал, нөгөө талд хөрөнгө оруулсан хүнийг яллачихлаа. Хувьчилсан биш хөрөнгө оруулсан хүнд ял өгсөн. Ийм утгагүй шүүхийн шийдвэр гарсан.

Энэ шүүхийн шийдвэрээс ойлгомжтой юм нь Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хууль зөрчсөнийг дахин баталгаажууллаа. С.Соёмбо-Эрдэнэ нь “Гүйцэтгэх ажлаар нотлогдсон” гэж тогтоолдоо дурьдсан. Аливаа нотолгоог прокурор, шүүгч, өмгөөлөгч хэлэлцүүлээд “Ийм, ийм нотолгоо байсан” гэж дурьдагсан зүйлийг ярьдаг. Бусад зүйл зөвлөлдөх тасалгаанд яригдсан байдаг. Тэгэхээр гүйцэтгэх ажиллагаа гэдэг зүйлээ нөхдүүд зөвлөлдөх тасалгаанд ярьчихаад, гаргаж ирээд ялын тогтоол уншчихлаа. Зөвлөлдөх тасалгаанд яригдсан зүйлийг ил болгосон асуудлаараа өнөөдөр энэ хэрэг хэрэг биш болно.

Гэтэл үүнийг баталгаажууллаа. Хэзээ нэгэн цагт үнэн гэж байдаг бол тодорхой болно. Тэр үүднээсээ хамгийн түрүүнд С.Соёмбо-Эрдэнэ гэдэг хүн хуулийн хариуцлага хүлээх байх. Яагаад гэвэл Нийслэлийн шүүх, Дээд шүүх гүйцэтгэх ажилтай холбоотой юмыг ерөөсөө дурьдаагүй. Дээд шүүх үнэлэх ёстой асуудлыг орхисон. Хоёр барилгатай холбоотой асуудлаар Н.Энхбаяр даргад ял өгчихлөө.

-Шүүх бүрэлдэхүүн болоод прокуророос татгалзсан ч шүүх хурал үргэлжилсэн. Үүнийг хардах хүмүүс бий?

-Прокурорын замбараагүй байдлыг харуулж байна. Улсын ерөнхий прокурор журам гаргасан. Үүндээ яллах процессийг анхан, давах, Дээд шүүхэд хянах учраас хяналтын арга ажиллагаанд төрийн төлөөллийг оруулна гэж заасан байдаг. Гэтэл журмаа зөрчиж, хяналт тавихаар томилогдсон прокурорыг дахин томилж орууллаа. Би өмнө нь “Н.Энхбаярт ял өгөх юм бол хошин шогийн үзэгдэл дахин үргэлжилнэ” гэж хэлж байсан. Дахиад хошин юм явагдаж л байна. Ийм процессийн алдаатай, ойлгомжгүй шүүх хурлаар хүнийг яллана гэдэг утгагүй асуудал. Би Н.Энхбаяр гэдэг хүнийг өмөөрч байгаадаа гол нь биш, Монгол Улсад хамгийн муухай жишиг тогтоох гэж байгаад харамсаж байна.

-С.Нарангэрэл өмгөөлөгч гадаад руу ажиллаар явсан ч шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан. Үүнийг шүүх хүлээж аваагүй. Ийм байдаар шүүх хурал болох үндэслэл бий юү?

Хуульдаа бичгээр хүсэлт гаргаж, үүнийг нь хүлээж авсан бол заавал өмгөөлөгчийг оролцуулна гэж заасан байдаг. Түүнээс биш оролцуулах эсэхийг шүүх шийднэ гэж байхгүй. Шүүх тухайн хэргийн шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй ч харин өмгөөлөгчийг оролцуулах уу, үгүй юү гэдэг нь тэдний үүрэг. Нэгэнт бичгээр хүсэлт гаргасан бол заавал оролцуулна гэсэн хуулийн заалттай. Тэгсэн үүргээ биелүүлсэнгүй.

Би УИХ-ын гишүүний хувьд хууль хэрэгжүүлэхийг шаардана
-Н.Энхбаярын асуудлаар Олон улсын байгууллагад хандана гэсэн үү?

Хуульчдын баг судалж байгаа. Би УИХ-ын гишүүний хувьд хууль хэрэгжүүлэхийг шаардана. Энэ миний бүрэн эрх. Хууль зөрчигдөөд байгаа учир би мэдэгдэл гаргаж, гомдолтой хандаад байгаа юм.

-Ерөнхий аудитын газраас гишүүдээс ямар байгууллагыг шалгуулах хүсэлтээ байгааг асуусан гэсэн. Та ямар байгууллагад шалгалт хийлгүүлэх вэ?

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийн гүйцэтгэл дээр шалгалт хийж өгөөч гэсэн. Шалгалт хийх үү, үгүй юү гэдгийг сайн мэдэхгүй байна. Уг нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдвол шалгасан нь зүгээр. Энэ хүний төсөв яагаад нэмэгдсэн, юунд зарцуулсан бэ гэдгийг нарийн гаргах хэрэгтэй. Ямар ч байсан харъя.

-Та барилгын аюулгүй ажиллагаа, журам дүрмийн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт орсон. Энэ хүрээнд одоогоор ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

Ажлын хэсэгт орсон учраас барилгын эргэн тойрон дахь асуудлыг нэг мөсөн цэгцэлмээр байна. Өөрөөр хэлбэл баригдаж байгаа болон баригдсан байшингийн дүгнэлтийг гаргах бололцоо, техник тоног төхөөрөмж манай улсад ховор байдаг юм байна. Тиймээс Герман улстай харилцан тохиролцоод үүнийг шийдэх боломж байна уу, үгүй юү гэдгийг судалж байна. Мэргэжлийн хяналтынхантай ярилцаж байгаа Германаас мэргэжлийн баг авчирч, техникийн дүгнэлт гаргуулна. Төв шуудангийн урд талын “Эко” констракшны барилгыг судлаад үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын граш байрлаж байж.

Гэтэл ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Цагдаагийн ерөнхий газар бэлэглэж, өөр газар барилга бариулсан байна. Харин “Эко” констракшныхан бэлгэнд авсан грашийг нураагаад барилга барихад  дороос нь ус гарсан байна л даа. Нөгөөтэйгүүр таван давхар барилга барина гэчихээд 25 болгосон байна. Ер нь анх тэдэн давхар барилга барина гэчихээд давхраа нэмдэг зүйл манайд байдаг. Үүнээс болж иргэдийн дунд байшин барилга чанаргүй гэдэг ойлголт яваад байгаа. Иймээс үнэхээр баригдсан барилгууд чанартай юу гэдгийг шалгахаар Германаас тоног төхөөрөмж оруулахаар хүмүүстэй уулзаж байна.

-Барилга тойрсон асуудал хэл, ам дагуулсаар байгаа. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хуулиар зохицуулах шаардлагатай байгаа шүү дээ?

Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар маш удаан ярьж байгаа. Хуульдаа үүнийг оруулах нь зайлшгүй шаардлагатай. Уг нь байнгын хороон дээр ярилцаад, УИХ-д тогтоолын төсөл барина гэсэн. Гэвч одоо болтол өргөн бариагүй л байна. Ер нь манайд аливаа асуудлыг сарын дараа ярьдаг болчихож. Яагаад гэвэл Засгийн газраас санал авдаг ч сарын дараа хариуг нь өгдөг. Ингээд саналаа өгвөл хууль тогтоогчийн эрх нь нээгдэж, хууль, тогтоолын төслөө өргөн барьдаг. Энэ бол буруу жишиг. Америкт бол өөр байдаг юм билээ. Тиймээс би үүнийг өөрчлөхөөр тогтоолын төслөө өргөн барина.