Батсуурь.Я Содбаатар.Я 2012.12.12 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хүнсний тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хүнсний тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хүнс

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан амжилттай өндөрлөлөө. Учир нь тус байнгын хороогоор хэлэлцүүлэгдэж буй хоёр ч чухал хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусаад, УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулахаар тогтов.  

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр дээрх хуулийн төслүүд дээр ажиллаж буй Ажлын хэсэг, багийн холбогдох ажилтнууд, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцсон.

Ингээд Ажлын хэсгээс Хүнсний тухай хуулийн төслийн талаар Байнгын хороонд оруулж буй саналын томъёоллыг хэлэлцсэн бөгөөд өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураагдсан хуулийн төслийн зарим заалт, хэсэгт дахин санал хураах эсэхийг гишүүдийн 2/3-ийн саналаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн дахин хураалгах зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хурааж дэмжигдсэний зэрэгцээ найруулгын шинжтэй саналуудыг  ч гишүүд дэмжсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар хуулийн төслийн 9-ийн 2, 9-ийн 3-тай холбоо бүхий найруулгын шинжтэй өөрийн саналыг хэлж, анх ажлын хэсгийн оруулж ирсэн байдлаар дэмжлэг хүлээсэн.

Байнгын хорооны хуралдаанаар Давс  иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг мөн ердийн журмаар санал хураасан юм.

Дараагийн хэлэлцсэн асуудал бол Ажлын хэсгээс оруулж ирсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн талаар Байнгын хороонд оруулсан саналын томъёоллыг хэлэлцсэн явдал юм.

Өмнөх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураагдсан төслийн зарим нэр бүхий заалт, хэсгүүд дээр дахин санал хураахдаа мөн л 2/3-ийн саналаар шийдвэрлэх зарчмыг барьсан.

Түүнчлэн дахин хураалгах зарчмын зөрүүтэй саналууд болон найруулгын шинжтэй саналууд дээр гишүүд болон Ажлын хэсгийнхэн саналаа хэлж, тодруулга хийж байв. Ингээд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг дуусахад дараа нь Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг ч мөн хэлэлцэж дууссан.  

Эцэст нь, зарим хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүд дэмжсэнээр БОХХАА-н байнгын хорооны лхагва гаригийн хуралдаан өндөрлөв.