Даваасүрэн.Ц Цог.Л Батцэрэг.Н Бурмаа.Р 2012.12.14 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Сонгуульд санал өгсөн иргэдэд гар утасны нэгж өгч байх хэрэгтэй гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, санал, дүгнэлт гарган, УИХ-ын нэгдсэн чуулганд хүргүүлээд байна. Тус байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм.

Хэлэлцүүлэг явагдах  үеэр байнгын хорооны  гишүүд сонгогчдын ирцийн асуудалд нэлээд анхаарал хандуулсан юм. Тэд сонгуулийн хугацаануудад  буурсаар байгаа санал өгөгчдийн  ирцийг чухам яаж  бүрдүүлэх вэ гэдэгт  байр сууриа илэрхийлж байсан.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг,  сонгуулийг  иргэд, сонгогчдын нийгмийн хариуцлагаа  мэдэрсэн  ажил  болгоход анхаарах нь чухал юм гээд, ажил эрхэлдэг хүмүүсийг  сонгуульд санал өгөх боломжоор хангадаг байх, энэ боломжийг нь   хувийн хэвшлийнхэн мөн анхаарч бүрдүүлж өгөх нь зөв гэдгийг онцолсон.  

Түүнчлэн хуралдааны үеэр,  сонгуульд саналаа өгсөн иргэдэд санал өгснийг нь батлах  тасалбарыг  үндэслэн зохих урамшуулал олгож байх,  гар утасны нэгж эсвэл  үзвэр ч юм уу үзэж, сонирхох эрхээр  урамшуулах хэлбэр ч байж болох талтайг зарим гишүүн хэлсэн.

Хуралдаанд УИХ-ын гишүүн  Л.Цог, Д.Эрдэнэбат, М.Батчимэг, Ж.Батзандан  нар мөн саналаа хэлсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өмнөх хуульд сонгогчийн саналын хуудас хэвлүүлэх зардлыг тусгаж өгөөгүйгээс  2009 оны сонгуулийн дараа хийсэн аудитын шалгалтаар хуульд тусгаагүй зардлыг төсвөөс санхүүжүүлсэн гэсэн асуудалд СЕХ орж  байсан гэдгийг  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлж байсан.  Иймд шинэ хуулийн төсөлд сонгуультай холбоотой бүх зардлыг тусгаж өгөхөөр болсон аж.