21 мянган төгрөгийг хавтгайруулалгүй олгох хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хуулийн төсөл өргөн барилаа
2012.12.17

21 мянган төгрөгийг хавтгайруулалгүй олгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ё.Отгонбаяр, С.Бямбацогт нар Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнгөрөгч баасан гарагт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Гишүүд Хүний хөгжил сангаас олгодог 21 мянган төгрөгийг өмнөх жилүүдэд хавтгайруулан олгож байсан нь эдийн засагт ач холбогдолтой байгаагүй гэдэгтэй санал нэг байгаагаа хэллээ. Гэхдээ энэ мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг иргэд ялангуяа орон нутагт байсан гэж үзээд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны түвшингээс доогуур орлогтой иргэдэд 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн барьж буйгаа парламентын тэргүүнд илэрхийллээ.

Мөн Засгийн газраас Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Биологийн олон янзын тухай конвенцийн генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагояагийн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ бараа, бүтээгдэхүүнийг импортоор оруулахад манай улсад 11 төрлийн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын хувьд 5 бичиг баримт шаардлагатай байдаг гэв. Түүнчлэн бараа, бүтээгдэхүүнийг импортлоход манай улсад 50 өдөр шаардлагатай байдаг бол Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудад 22 өдөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын хувьд 10 өдөр шаарддаг байна.

Тиймээс барааг хил, гаалиар нэвтрүүлэхэд шаарддаг бичиг баримтын тоо, өдөр хоногийг цөөрүүлж, шаардлаггүй шат дамжлагыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.