Баттулга.Х 2012.12.18 | Сайт: News.mn

Бондын асуудлаар ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагт эхэлж,  Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай  УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд үнэт цаас гаргах буюу 200 тэрбум төгрөгийг арьс, ширний үйлдвэрт зарцуулах талаар Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулсан.  Засгийн газраас үнэт цаас гаргах тухай буюу арьс, ширний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн бондыг гаргах талаар УИХ болон холбогдох байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэгдэж буй юм. Үүний нэг нь өнөөдөр хуралдсан Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан байлаа.

Хамтарсан хуралдаанд МАН-ын гишүүн С.Бямбацогт “Нэгэнт арьс, ширний үйлдвэрт 200 тэрбум төгрөг гаргах гэж байгаа бол үүн дээр нэмээд Сүүний үйлдвэрүүдийг дэмжих 100 тэрбум төгрөгийг бонд гаргах нь зүйтэй” гэлээ. Харин үүнийг зарим гишүүд “Тооцоо судалгаа байхгүй 100 тэрбум төгрөгийн бонд гаргах хэрэг үү хэмээн шүүмжилж байв. Ингээд арьс ширний үйлдвэрийг дэмжих 200 тэрбум ам.долларын бонд дээр нэмж, Сүүний үйлдвэрүүдийг дэмжих 100 тэрбум бонд гаргах эсэхийг шийдвэрлэхээр Төсөв, Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч, яаралтай шийдвэрлэхээр боллоо. Ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ахлахаар болсон юм. Энэ талаар Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-Арьс, ширний үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох үүднээс Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байгаа ч байнгын хорооны хуралдаанаар зарим гишүүд дэмжихгүй, шүүмжлэх талууд гарлаа?

-Өмнөх  УИХ-ын санаачилсан зүйлийг энэ удаагийн Засгийн газар хэрэгжүүлэхээр бэлтгээд байгаа юм. Үүнийг УИХ, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжиж байгаа ч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байдаг. Гэтэл Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар зарим гишүүд шүүмжилж байна. Цаг үеэ бодоод үзэхэд, нэг, хоёрдугаар сар нь мал нядалгааны үе байдаг учраас арьс ширний үйлдвэрээ дэмжие гэсэн үүднээс Засгийн газраас 200 тэрбум  төгрөгийн бонд гаргая, энэ нь 60 тэрбум төгрөг малчдын гар дээр урамшуулал болж очно гэдгийг тооцоолж, дэмжигдээд явж байгаа юм. Гол будилааны эзэн С.Бямбацогт гишүүн ямар ч тооцоо, судалгаагүй Сүүний үйлдвэрүүдийн 100 тэрбум төгрөг гэж оруулж ирлээ. Тиймээс энэ асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулж, энэ долоо хоногтоо хуралдуулж асуудлыг шийдэхээр боллоо.  Төр засгаас түүхий эд үйлдвэрлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлага бий. Арилжааны банкны хүү өндөр байгаа энэ үед малчдын  хотонд байгаа түүхийн эд шууд үйлдвэрлэгчдэд хүрч байж ажлын байр, энэ салбарыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

-С.Бямбацогт гишүүний хэлснээр өмнөх гаргасан 300 тэрбум  төгрөгийн үр дүнг хэлэлцэж эхлээгүй байхад дахин 200 тэрбум төгрөг оруулж ирж байгаа шүүмжлээд байсан?

-Өмнөх 300 тэрбум төгрөгийг 2012 оны зургадугаар сард шийдсэн. Таван жилийн хугацаатай жилийн долоо хувийн хүүтэй бонд. Одоо зургаан сар ч хүрээгүй байхад үр дүнг нь ярих биш, жил бүр үр дүнг нь тооцоод, судалгаа хийгээд явах ёстой. Гэхдээ би хамтарсан байнгын хорооны хуралдаанд энэ жилийн үр дүнг, одоогийн ашиг зэргийг тоогоор танилцуулсан. Ноос  ноолуурын үйлдвэрлэл гурав дахин өссөн, үйлдвэрлэгчид  олон зүйлийг санаачилж байна. Энэ бол зөвхөн эхлэл нь гэхэд амжилттай явж байна гэдгийг тодорхой  тайлбарласан. Хэрэв өмнөх авсан бондыг үр ашгийг ярьсны дараа бонд гаргах талаар ярья гэвэл таван жилийн дараа ярихаар болж байгаа юм.