Баттулга.Х Бямбацогт.С 2012.12.19 | Сонин: Зууны мэдээ

Бонд арилжаалснаар 25 мянган ажлын байр нэмэгдэнэ

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход 140.4 тэрбум төгрөг, арьс ширэн түүхий эдээ боловсруулах үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчны урамшуулалд 59.6 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргаж арилжаалах тухай тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн С.Бямбацогт өмнө нь гаргасан ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбум төгрөгийн бондын үр дүн, одоогийн бондын үр дүн хэдийд гарахыг тодруулж байлаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хэлснээр өмнө нь гаргасан 300 тэрбум төгрөгийн бондыг арилжаалан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд, 100 тэрбум  төгрөгийг ноолуурын үйддвэрлэлийг дэмжихэд, 40 тэрбум төгрөгийг ноосны үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан байна. Жилд ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид 700 тонн ноолуур бэлтгэн, хүчин чадлынхаа 20 хувийг л ашигладаг байсан бол 2012 онд өмнөх жилийнхээс гурав дахин их буюу 2168 тонн ноолуур бэлтгэн, хүчин чадлынхаа 50 хувийг ашиглах болжээ. Түүнчлэн 1540 ажлын байр бий болсон гэнэ.

Ноосны салбарт ч нэлээд ахиц гарсан гэж сайд онцлов. Жилд үйлдвэрлэл эрхлэгчид 4000 тонн ноос худалдан авдаг байсан бол ноосны урамшуулал, зээлийг олгож эхэлснээс хойш 16 мянга 400 тонн ноос бэлтгэжээ. 2012 онд 103 малчинд 29.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн хөдөө орон нутагт ноос угаах зургаан үйлдвэр баригдаж эхэлжээ. Бондыг яаралтай гаргах гэж буй шалтгаан нь мах бэлтгэл эхэлж буй энэ үед арьс, ширний 70 хувийг бэлтгэдэг юм байна. Тийм учир арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн гадагш гаргадаг түүхий эдийг тогтоох зорилготой ажээ.

Ноосны салбарт ч нэлээд ахиц гарсан гэж сайд онцлов

Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих 200 тэрбум төгрөгийн бондын үр дүнд 25 мянган ажлын байр бий болно гэсэн судалгааг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан байна. Гэхдээ эцсийн үр дүн 2016 он гэхэд гарна, тооцоо судалгааг ч сайн хийсэн гэж яамныхан хэлж байлаа.

С.Бямбацогт гишүүн нэгэнт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих асуудал яригдаж байгаа болохоор сүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулж, 100 тэрбум төгрөгийн бондыг нэмж арилжаалах байр сууриа илэрхийлэв. Энэ саналыг МАН-ын гишүүд өмнө нь гаргасан юм.

Энэ саналын хариуд ХБаттулга сайд "Монголчуудын таван хувь нь л шингэн сүү хэрэглэж, үлдсэн хувь нь Хятад, Оросоос оруулж ирж буй хуурай сүүг хэрэглэж байгаа. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах салбар хамгийн хоцрогдсон. Эхний ээлжинд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжин, дараагийн удаад арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа. Үүний дараа сүү үйлдвэрлэгчдийг дэмжих асуудлыг судалж байгаа" хэмээв. Гишүүд бондын борлуулалт, бондын орлогоор үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих талаар нэлээд ярилцаад Ажлын хэсэг байгуулан дахин хэлэлцэхээр болж түр хойшлууллаа.