Юу хийж бүтээхээ тодорхойлоогүй хэрнээ зээл авсан нь Засгийн газрын том алдаа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Энхбаяр
2012.12.20

Юу хийж бүтээхээ тодорхойлоогүй хэрнээ зээл авсан нь Засгийн газрын том алдаа

Олон улсын зах зээлд гаргасан бондын хөрөнгийг зарцуулах асуудалд Засгийн газар болон УИХ дахь МАН-ын гишууд санал нэгдэхгүй байгаа, Тиймээс УИХ дахь тус намын гишүүд бондын хөрөнгийг ашигтай зарцуулахад чиглэл өгөх, хяналт тавих Ажлын хэсгийг байгуулаад цөөнгүй хонож байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цөөн асуултад хариу авсан юм.

-Засгийн газар бондын хөрөнгийг бүтээн байгуулалтад зариуулна гэсэн ч одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй. Энэ талаар УИХ-ын гишүүдэд ямар нэгэн мэдээлэл бий юү?

-Өнөөдөр Монгол Улсад мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ улс орноо барьцаалж авсан энэ өр зээл Монгол Улсын язгуур эрх ашиг, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж байна уу, үгүй юү гэдэг нь хамгийн чухал. Нөгөө талаар Засгийн газар энэ өрөөр юу хийж бүтээх гэж байгаа нь тодорхойгүй. Тийм учраас хүчтэй шүүмжлэл дагуулж байна. "Чингис бонд"-ын 1.5 тэрбум ам. доллар, түүнээс өмнө авсан 580 сая ам. доллартай нийлээд Монгол Улсад хоёр тэрбум ам.долларын гадаад өр үүсчихсэн явна. Энэ өрийн нэг өдрийн хүүнд 300 гаруй мянган ам.доллар төлдөг.

Энэ мөнгөөр нэг сумыг цэцэрлэгтэй, хоёр өдрийн хүүнд төлөх мөнгөөр бас нэг сумын төвийг эмнэлэгтэй болгочихно.

Гурван өдөрт төлөх мөнгөөр өөр нэг суманд дунд сургуулийн барилга босгоно. Гэтэл бид энэ хэмжээний мөнгийг зүгээр л хүүнд өгч асар их өрийн дарамтад орж байгаа юм. Бондын хөрөнгөөр уул уурхайд дэмжлэг үзүүлнэ гэх мэт ерөнхий юм ярьж байна лээ. Гэтэл боловсруулах чиглэлийнх үү, олборлох уурхай юу, хаана байдаг хэний уурхай юм гэдэг нь тодорхойгүй байна. Засгийн газрын ярьж байгаа юм нь энэ. Шаазгай зүү олоод хийх газар олдохгүй бие рүүгээ зооно гэдэг шиг засаг энэ мөнгөө одоо дотоод эдийн засагтаа оруулж, арай гэж тогтож байгаа банк санхүү болон бусад эдийн засгийн салбарт дарамт авчирч байгаа нь харамсалтай.

-УИХ дахь танай намын гишүүд бондын зарцуулалтад анхаарал тавьсан Ажлын хэсгийг байгуулсан. Тэдний зүгээс Засгийн газарт энэ төслүүдийг анхаарах нь зүйтэй гэсэн чиглэл өгч, шаардлага тавьсан уу?

-Одоогоор асуудлаа хэлэлцээд саналаа нэгтгэж байна. Юу хийж бүтээх гэж байгаагаа тодорхойлоогүй хэрнээ өр тавьж байгаа нь Засгийн газрын хамгийн том алдаа, хариуцдагагүй зүйл. Энэ өр нь өмнө нь авч байсан улс төрийн өрөөс зарчмын хувьд их ялгаатай. Манайх хуучин ЗХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас арав гаруй тэрбум ам. долларын зээл авч XX зууны нийгмийн хөгжлийн гол бүтээн байгуулалтаа хийсэн. МАН энэ улс төрийн өрийг эх орныхоо бүтээн байгуулалтад ашиглаад, эргүүлээд улс төрийн аргаар төлж чадсан. Харин энэ удаагийн өр олон улсын зах зээлээс эх орноо барьцаалж байж авсан өр учраас ямар нэгэн улс төрийн тайлбар, нөхцөлгүйгээр төлөх хатуу өр шүү дээ.

-Зөвхөн хүүнд нь өдөрт хэдэн зуун мянгыг төлж буй бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулчих вий, улс орны хөгжлийг түргэтгэх том бүтээн байгуулалтад зарцуулчих юмсан гэж хүмүүс хүсэж байна. Яаралтай шийдвэрлэх ёстой бүтээн байгуулалтад Та санаагаа нэмэрлэх үү?

-Өнөөдөр нийслэлийн эрчим хүч, дулаан хангамж хүрэлцэхгүй, тог тасарч, дулаан хязгаарлагддаг болчихлоо. Нийслэлд эрчим хүчний шинэ эх үүсвэр дутагдаж эхлээд байна. Нөгөө талаар уул уурхайг хөгжүүлнэ гэж байгаа бол өмнийн говьд, Тавантолгой, Оюутолгой болон бусад орд газрыг эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэрийг байгуулах хэрэгтэй. Техник, эдийн засгийн үнэлгээ нь бэлэн болчихсон цорын ганц төсөл бол Оюутолгой. Энэ төслийн эрчим хүчийг Монгол Улс өөрөө хангачихвал давуу эрх эдэлж чадна гэсэн үг. Мөн Төмөр замын бүтээн байгуулатт байна. Гэхдээ өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчний яриад байгаа төсөл биш. УБТЗ-ын шутамыг хослуулж, транзит тээвэрлэлтийг нэмэгдүүлж, үүнийг дагаад босоо тэнхлэгийн дагуу өндөр хурдны авто замыг босгож чадват энэ төсөл эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх юм. Өмнөд, хонд хоёр хөршийг холбосон өндөр хурдны замын коридор, төмөр замын хос шугам нь байнгын орлогын маш том эх үүсвэр.

Эргэн төлөгдөх баталгаатай төсөл болж чадна. Эсвэл хамгийн их толгой өвтгөж байгаа Оюутолгой төслийн Монгол Улсын мэдлийн 34 хувьд 1.5 тэрбум ам. доллараа оруулахад болохгүй юмгүй. Манай талын 34 хувь зээлээр санхүүжиж байгаа. "Чингис бонд"-ын хөрөнгийг ийш нь татсанаар монголчуудын төлөх өр багасаж Оюутолгойн үйл ажиллагаа идэвхжээд эхэлнэ. Ийм бодитой төслүүдээ анхааралгүй энэ хөрөнгийг наанаас нь харахад салбар салбарт хувааж байгаа шиг, цаанаа бол эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн амыг хаах зорилгоор жижиглэж хуваах юм бол Монгол Улсад туйлын хортой. Өнөөдөр гаднынхан газрын доорх баялгийг нь хурдан аваад гарах сонирхолтой байгаа болохоос биш монгол хүнийг, Монголын зах зээлийг сонирхохгүй байгаа нь үнэн. Тийм учраас бондын тодорхой хувийг монгол хүнээ хөгжүүлэх чиглэлд зарцуулах ёстой гэж бодож байгаа. Монгол хүн хөгжиж, эрүүл байж улс орон хөгжинө шүү дээ.