Галаа зарах сайхан үе удахгүй ирнэ ээ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.12.21

Галаа зарах сайхан үе удахгүй ирнэ ээ

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпилтэй ярилцлаа.

-Яг өнөөдөр эрчим хүчний салбарын нөхцөл байдал ямар байна вэ. Гал алдах аюулд орчихлоо гэсэн мэдээлэлд салбар хариуцаж байгаа сайдын хувьд та тайлбар өгөөч?

-Эрчим хүчний салбар жил бүр л өвөлжилтийн бэлтгэл хангах гээд тодорхой ажлууд төлөвлөөд хийдэг. Цаг хугацаандаа хийх ажлуудаа бид үндсэндээ хийчихсэн. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, урсгал засваруудаа бол хэдийнэ хийчихсэн. Өвөлжилтийн бэлтгэлээ хангачихсан гэсэн үг. Харин ямар аюул нүүрлээд байна вэ гэвэл эрчим хүчний хэрэглээ өсчихлөө. Хэрэглээ өсөхөөр ОХУ-аас импортоор цахилгаан ав-даг даа. Гэтэл тэр авдаг дээд хэмжээндээ бас хүрчихээд байна. ОХУ-аас дээд тал нь 175 мВт авдаг юм. Сүүлийн гурван өдөр бол энэ дээд хязгаарт тулгаад авчихсан. Ийм учраас эрчим хүчний нөхцөл байдал хүндрэлтэй байна. Сүүлийн 10 жилийн судалгааг авч үзэхэд, хамгийн хүйтэндээ хасах 32 хэм хүрч хүйтэрч байсан юм билээ. Одоо бол хасах 39 хэм хүрчихлээ. Олонхи аймаг шүү. Хүйтрэлт ихэссэнтэй холбогдоод хөлдсөн кабелиуд масс өгч тасалдаж байгаа явдал их гарч байгаа. Түүнээс гадна замбараагүй барилгажилтыг хэлэх ёстой. Зунжингаа газар сэндийчиж, кабель утсыг их хэмжээгээр гэмтээлээ. Гэмтсэн кабелийг очоод засъя гэхэд орц, гарцгүй болгочихсон. Гэмтлийг уг нь бид нэг цагийн дотор л засах боломжтой. Жишээ нь, шуурхай групп очоод л засчих юман дээр чингэлэг тавьчихсан байгаа юм. Нөгөө шугам, хоолой байгаа газрын таган дээр л чингэлэг тавьчихсан байдаг. Тэр чингэлгийг холдуулах гээд цаг алдах жишээтэй. Иймэрхүү хот төлөвлөлтийн замбараагүй байдлаас болж эрчим хүчний салбарын шуурхай ажиллагаанд хүндрэл учирдаг. Энэ нь цахилгааны саатлыг арилгахад хугацаа алдах нөхцөл болоод байна. Мэдээж түрүүнд хэлсэн шиг хүйтнээс хамаарч байна. Түүнээс манай мэргэжлийн хүмүүсийн сахилга хариуцлага болохгүй, боловсон хүчин дутагдаад байгаа юм алга. 7.00-21.00 цагийг оргил цаг гэдэг юм. Энэ хооронд хэт их ачаалал өгөхөөр асуудал үүсдэг. Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500-600 мянган хүн амьдарна гэж тооцож байсан бол одоо сая гаруй хүнтэй болчихсон. Трансформаторуудын ачаалал ихсэхээр бас эвдрэл гарч эхэлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, таван тоннын ачааны машинд 10 тонн ачаа ачаад явахаар яадаг билээ. Үүнтэй л ялгаагүй эрчим хүчний хэрэглээ өсчихсөн. Улаанбаатар хотын хүн ам нэг дахин нэмэгдчихлээ шүү дээ. Эрчим хүчний шугамууд нь 10 мянган айлын ачааллыг даах байсан бол одоо 20 мянган айл болчихоод байна. Хамгийн аюултай нь манай эрчим хүчний хэрэглээ бүр дутдаг болсон. ОХУ-аас аваад ч хүрдэггүй. Иймэрхүү хүндрэлтэй байдал нь иргэдийг болгоомжлоход хүргэсэн байх. Түүнээс гал алдуулах хэмжээний байдалд орсон юм бол алга. Эрчим хүчний үйлдвэрүүд маань хэвийн ажиллаж байгаа. 15-20 хоногийн нүүрсний нөөц нь байна. Ер нь бол байгалийн давагдашгүй хүчин зүйл зарим аймагт нөлөөлж байгаа бол Улаанбаатарт хэрэглээний асуудалд байгаа.

Дулаан бол хүрэлцэхээ байчихсан. Шинэ баригдаж байгаа барилгуудад өгч чадахаа больсон. Дулааны шугамууд нь 40, 50 жил болчихсон болохоор ачааллаа даахаа байчихсан.

-Хэрэглээ хэт өссөн нь эрчим хүчний шинэ эх үүсвэрийг шаардаж байгаа юм биш үү. Тав дахь эх үүсвэрийн асуудал юу болсон бэ?

-Шинэ эх үүсвэр одоо л шаардаад байгаа юм биш шүү дээ. 10 жилийн өмнөөс ч ярьж л байсан. Энэ чиглэлийн эрдэмтэд 2012 он гэхэд Монгол Улс эрчим хүчний огцом дутагдалд орно шүү гэж анхааруулсаар ирсэн. Би УИХ, Засгийн газрын гишүүний хувьд шүүмжлээд л, нэгнийхээ өмнө хийсэн ажлыг үгүйсгээд байх сонирхол алга. Гэхдээ л сүүлийн 10-аад жил бодлогогүй явж ирсэн нь харагдаж байна. Апь хэдийнэ ашиглалтад ороод цахилгаан, дулааны алдагдлаасаа гарчих байсан ажлууд хийгдээгүй л байна. Миний мэдэхээр 2009 онд тав дахь цахилгааны эх үүсвэр барих шийдвэр гарч, тендерийг нь зарлаж байсан юм. 2009 онд тендер зарлаж байсан бол одоо 2013 он гарах гэж байна. Дөрвөн жил ямар ч асуудал шийдэгдсэнгүй. Тав дахь эх үүсвэр барина гэж ярьсан болохоос ажил болгоогүй. Яаж ажил болгох вэ гэж манай салбарынхан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Саатуулаад байгаа юм байхгүй. Шинэчлэлийн Засгийн газар тав дахь эх үүсвэрийг бариулахгүй гээгүй. Харин барихад л оновчтой газар байх ёстой гэж үзсэн юм.

-Байршлыг нь өөрчлөх болсон шалтгаан юу юм бэ?

-Дахиад 50 жил ашиглах ёстой юм чинь тэр хэрээр төлөвлөх ёстой. Ийм станцыг Улаанбаатар хотынхоо төвд барих нь зохимжгүй гэдэгхэнд ч ойлгомжтой биз дээ. Түрүүчийн Засгийн газар III цахилгааны станцын дэргэд барих шийдвэр гаргасныг манай яамныхан Засгийн газар дээрээ ярьж байгаад өөрчилж байгаа. "Ургах наран" хорооллын урд талд тусгай хамгаалалттай газар байдаг. Тэрийг тусгай хамгаалалтаас гаргаж өгөөд, тэнд байгаа хэсэг айлд нөхөн олговор олгох замаар газрыг нь чөлөөлөхөөр нийслэлийн удирдлагуудтай ярьж байна. Тэгээд V цахилгаан станцыг барихаар болж байгаа. Энэ бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар байрлалын асуудлыг шийдээд, ирэх хавар гэхэд барилгын ажлыг эхлүүлэх ёстой гэж үзсэн. Зөвхөн нэг станц барьснаар Монголын эрчим хүчний хэрэглээ хангагдахгүй. Жил бүр 12 хувь хэрэглээ нэмэгдээд байгаа шүү дээ. Одоо барих станц чинь өнөөгийн дутагдлаа л нөхнө. Тиймээс дараа, дараагийн эх үүсвэрүүдийн асуудлыг ярих ёстой. Бид гурван станц зэрэг эхлүүлэх шаардлагатай байна. Тав дахь эх үүсвэрээс гадна Тавантолгой, Багануурт барина. Гурван станцын асуудлыг он гарангуут зэрэг явуулна. Ингэж байж эрчим хүчний хэрэглээгээ давна. Уг нь 2009 оноос ажил эхэлсэн бол V цахилгаан станц одоо ашиглалтад ороод зургаа, долдугаар станц нь баригдаж байх ёстой юм. Гэтэл шахаж явж чадаагүй болохоор гурван станц зэрэг барих асуудал руу орлоо. Ялангуяа Засгийн газрын дэлхийн зах зээлд гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондоос 40-өөд хувийг нь эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөж байна. Ийм онцгой бодлого барьж ажиллаж байгаа.

-Тав дахь эх үүсвэрийн тухайд 2009 онд тендерийг нь зарласан. Үүнээс хойш дөрвөн ч удаа    байршлыг    нь солилоо шүү дээ. ТЭЗҮ-ийг ч өөрчиллөө. Энэ бүхний ард мөнгөний сонирхол л яваад байна гэж олон нийт хардаж байна. Жишээ нь, таны сая      хэлдэг шинэ байршил ямар давуу талтай юм бэ?

-Мөнгө угаах хэрэгсэл гэж ойлгож болохгүй. Тав дахь эх үүсвэрийг  Засгийн   газар

мөнгөө гаргаж барихгүй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бариад, тодорхой

хугацааны дараа Монгол Улсын төрд хүлээлгэж егөх юм. Тэгэхээр хувийн компаниудын сонирхол орсон гэж хэлж болно. Түүнээс мөнгөтэй холбоогүй. Ер нь бол улстөржүүлээд байх шаардлагагүй л дээ. Байршлаа шийдэж чадаагүйд л асуудал байгаа юм. Анх Улиастайн аманд барих шийдвэр гарсан байсан. Гачууртаас цаашаа гэхээр дэд бүтэцгүй, төмөр зам байхгүй, дээр нь Байгаль орчны яамны үнэлгээ гарч, газар хөдлөлтийн хагаралтай газар гээд больсон байдаг. Дараа нь Улаанбаатар хотын удирдлагуудтай ярьж, Баянзүрх дүүрэгт, Товчооны цаахна газар чөлөөлж чадаагүй байдаг юм. Ер нь бол цаашлаад Хонхор гэсэн л дээ. Гэтэл Хонхороос наашаа Улаанбаатар хотын төв рүү орж ирнэ гэхээр 25 км болох юм. Тэгэхээр дулааныг 25 км авчирна гэхээр техникийн хувьд хүндрэлтэй, дулааны алдагдал маш ихтэй. 6-8 цаг болж дулаан нь хот руу орж ирэх, горимд өөрчлөлт ороод байна гэж дахиад наашлуулсан. Тиймээс хардахаас илүү, асуудал нь буруу хот төлөвлөлттэй л холбоотой. Би шулуухан шүүмжлэхэд Улаанбаатар хотын тухайн үеийн удирдлагууд замбараа-гүй газар олгочихсон. Баянзүрхийн товчооны тэндэх газраа буцаагаад авчихсан байсан бол ажил явчих л байсан шүү дээ. ТЭЗҮ өөрчлөгдөнө гэдэг бол үндсээрээ өөрчлөгдөөгүй. Цахилгаан станцын зураг төсөл байдгаараа л байгаа. Тухайн газар орны байршлаас болж барилгын зураг төсөл дээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орно. Мэдээж дулааны өөрчлөлт байгаа. III станцын дэргэд барьсан бол маш ойрхон болохоор технологийн горимд өөрчлөлт орохгүй. Харин бидний батлах гэж байгаа газар бол есөн км зайтай. Тэндээс дулаан оруулж ирнэ гэхээр горимд шахах насос, өргөх, дамжуулах насос гээд өөрчлөлтүүд гарах ч үндсээрээ бол өөрчлөгдөөгүй. Гэхдээ бас өөрчлөгдлөө гээд Засгийн газраас нэг ч төгрөг гарахгүй. Яагаад гэвэл, барих гэж байгаа компанид л хүндрэл учруулж байгаа юм.

Тэнд барь, энд барь гээд өөрчлөөд байхаар тэр компанид л зардал гараад байна шүү дээ.

-Тендерт шалгарсан компаниуд нь өөрчлөгдөж байгаа юу?

-Үгүй. Ер нь бол 2009 онд 8-9 компани орж ирсэн байдаг. Дөрвөн удаа тендер шалгаруулалт зарлаж, явсаар байгаад сүүлд хоёр нь л үлдсэн. Хам-гийн сүүлд зургадугаар сард зарласан тендерээр "Юнайтед Повер" гээд Франц, "Сожиц" гээд Япон, "Поско" гээд Солонгос, Монголын "Ньюком" компанийн хамтарсан консорциум шалгарсан байгаа. Ойрын үед шийдвэр нь гарах байх.

-Байршлаа тогтчихвол V цахилгаан станц хэзээ бэлэн болох юм бэ?

-Ер нь бол барьж эхэлснээс хойш 3.6 жилийн дараа бэлэн болно. Бидний тавьж байгаа санал ийм. Ерөнхийдөө л цахилгаан станц хугацааны хувьд 3-4 жилийн дотор л баригддаг юм. Манайх бол онцлогтой. Өвөл барилгын ажил нам зогсоно. Тэгэхээр саатдаг. Харин өвөл болдоггүй улс орнуудад 2.6 жилийн дотор л барьдаг юм билээ. Монголд тэр эрсдэлийг нь тооцоод 3.6 жил гэсэн. Бариад эхэллээ гэхэд л 2017 онд ашиглалтад орно гэсэн үг.

-Та зургаа, долдугаар эх үүсвэрийн талаар хөндсөн. Багануур, Тавантолгойг түшиглэсэн станцуудын ажил ямар шатандаа яваа юм бэ?

-Барихаас өөр арга байхгүй. Үүнийгбол Засгийн газрын бондоос тодорхой хэмжээнд санхүүжүүлж эхлүүлнэ. Оноос өмнө 1.5 тэрбумыг хэрхэн зарцуулах талаар УИХ-аар батлуулна шүү дээ. Тэгэхэд эрчим хүчний асуудлууд орж

ирнэ. Тавантолгой, Багануур хоёр дээр түшиглэж барина. Баруун бүсэд бас 60 мВт-ын бага оврын цахилгаан станц барих гэж байгаа. Ингэж зэрэг явж байж гэмээнэ асуудлаа шийднэ. Гэхдээ барилгын компаниасаа шалтгаалаад

гурван жил болохгүйгээр ажил дуусч   болно.   Тухайлбал, Тавантолгойн станц бол тав дахь эх үүсвэрийг бодвол харьцангуй жижиг. 300 мВт байх юм. Үүнийг 2.5 жилийн хугацаанд барьчихна.

-Бүгд концессоор гэсэн үг үү?

-30 хувийг нь Засгийн газар санхүүжүүлнэ. Үлдсэнийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, урт хугацааны зээлээр санхүүжүүлнэ гэж тооцсон. Төр, засаг 100 хувь гаргаж барихыг таатай гэж үзэхгүй байгаа. Менежментийг нь хувийн хэвшлийнхэнд өгнө.

-1.5 тэрбум ам.долларын бондын 40-өөд хувийг эрчим хүчний салбарт зарцуулна гэлээ. Энд сая хэлдэг төслүүд байгаа юу, эсвэл өөр төсөл нэмэгдэх үү. Тухайлбал, Эгийн голын станцын асуудал орж ирнэ гэсэн мэдээлэл явсан?

-Улс төрчид яамд дээр бэлэн төсөл  байхгүй  гэж шүүмжилдэг. ТЭЗҮ байхгүй гэж. Харин манай Эрчим хүчний яаман дээр төслүүд бэлэн байна. Эгийн голын станцын ТЭЗҮ1996 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдчихсэн. Тавантолгой дээр 300 мвт-ын цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ бий. Багануур,

Шивээ-Овоог түшиглэн барих цахилгаан станцын ТЭЗҮ бараг бэлэн болж байгаа. Дамжуулах шугамуудын ТЭЗҮ бүрэн хийгдчихсэн байдаг.

-Энэ бүх шинэ эх үүсвэрийг барих ажил эхэлье гэж бодъё. Хэзээ Монгол Улс өөрийгөө хангах хэмжээний эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэдэг болох вэ?

-3.5-4 жилийн дараа өөрийнхөө  хэрэгцээг  бүрэн хангана. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас   175  мвт-ыг  авч байна. Оюутолгой компани Хятадаас 80 мвт-ыг авдаг. Үйлдвэрлэл нь эрчимжээд эхлэхээр 250 мвт болно. Энийг тооцвол яг одоогийн байдлаар 500 мвт эрчим хүч Монгол Улсад дутагдалтай байна. Гэтэл V цахилгаан станц баригдлаа гэхэд 450 мвт. Бас л хэрэглээгээ хангаж чадахгүй. 3.6 жилийн дараа хэрэглээ бас өссөн байна. Тэгэхээр зургаа, долоо дахь эх үүсвэр V цахилгаан станцтай хамт явахгүй бол эрчим хүчний гачаалаас гарахгүй. Зэрэг явна.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы индэр дээрээс бид түлшээ биш, галаа зарж амьдардаг болно гэж байсан. Тэр үе хэзээ ирэх вэ?

-Энэ бол мөрөөдөж хэлсэн үг биш. Монгол Улс эрчим хүчний нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Эрчим хүчний 100 гаруй тэрбум тонн нүүрсний нөөц илэрчихсэн байгаа. Үүнийгээ зөөдөг биш, шатаагаад зарах нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилт. Тиймээс ч эрчим хүчний эх үүсвэр барьж байгаа компаниудыг онцгой дэмжиж, зөвшөөрөл татгалзахгүй өгч байгаа. Би түрүүнд зөвхөн төрийн оролцоотой асуудлыг ярьсан. Хувийн хэвшлийн хөрөнгөөр цахилгааны станц барьж байгаа зүйл олон бий. Хэнтийн Чандганын уурхайг түшиглэсэн цахилгаан станц, Бөөрөлжүүлтийн станц гээд нэрлэж болно. 5-6 компани ажлаа хийгээд явж байна. Улс бол хувийн хэвшлийг хүлээх биш бодлогоор гурван станц барина. Тэгэхээр удахгүй эрчим хүчний илүүдэлтэй болоод ирнэ. 4-5 жилийн дараа Хятад руу, ОХУ руу экспортлохоор зорьж ажиллаж байгаа. Би яг нарийн хугацаа хэлж чадахгүй ч, галаа зарах сайхан үе ирнэ. Би эргэлзэхгүй байна.

Ер нь бол Өмнөговь, хилийн ойролцоо байгаа нүүрсээ л зөөж байгаа. Үүнээс дотогш байгаа нүүрсээ ашиглаж чадахгүй л байгаа. Станц барьчихвал ашиглаад л эхэлнэ. Тиймээс эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэнэ гэвэл төр засаг дэмжих л хэрэгтэй. Ингээд эх үүсвэрүүдээ дэмжиж өгөөд, илүүдэлтэй цахилгаанаа зарах ёстой. Ер нь бол хоёр том хөрштэйгөө энэ асуудлыг 2006 оноос ярьж эхэлсэн. Мэдээж яриа нь амьдрал дээр буугаагүй. Өөрөө дутагдалтай байж гадагшаа зарах талаар ярихад эргэлзэнэ шүү дээ. Гэхдээ бодлогын хувьд бол асуудлаа тавьчихсан.

-Ер нь төрийн хэмжээнд яригдах гурван шинэ эх үүсвэр дээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ?

-Засаг мөнгөн дүнгийнх нь 20-30 хувийг хийж өгнө. Энэ бол баталгаа өгч байгаа хэрэг. Тэгэхээр мөнгө, төгрөг босгоход нь хувийн хэвшлийнхэнд амар байх болно. Том дэмжлэг юм. Цахилгаан станцын өртөг гэвэл өндөр. 900 саяас нэг тэрбум ам.долларын өртөгтэй. Энэ бондын 1.5 тэрбум доллар бол нэг л цахилгаан станц босгох    мөнгө.    Тэгэхээр бүгдийг зээлээ барих биш, олныг барих ёстой. 30 хувийг нь өгчихөөд 70 хувь дээр нь мөнгө гаргах уу гээд л ярина шүү дээ.

-Сэдвээ арай өөр асуудал руу шилжүүлье. Эрчим хүчний үнэ тариф ирэх оноос нэмэгдэнэ гэсэн мэдээлэлд иргэд таагүй хандаж байгаа. Ер нь яаж нэмэгдэх юм бэ?

-Мэдээж тариф эрчим хүчний яамны бодлогод байгаа. Гэхдээ үнийг яг тодорхойлдог газар нь Эрчим хүчний зохицуулах хороо. Хараат бус бие даасан байгууллага. Энэ хороо Шударга өрсөлдөөн, хэрэглэг-чийн төлөө газартай хамтран яамны бодлогыг сонсч байж цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудлыг шийддэг. Өнөөдрийн байдлаар яам ямар ч чиглэл өгөөгүй. Эрчим хүчний зохицуулах хорооныхон асуудлаа ярьж эхэлсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтарч хуралдаад үнэ нэмэх шийдэлд хүрч байгаа л даа. Одоо манай яам хамтарч хуралдана. Ер нь бол УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолд зааснаар бол 2013 оноос эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 104-106 төгрөгөөр эрчим хүч авдаг. Айл өрхүүдэд 79.80 төгрөгөөр өгч байгаа. Албан байгууллагуудад нэг квт-ыг нь 100 орчим төгрөгөөр өгдөг. Өөрөөр хэлбэл, авснаасаа алдагдалтай үнээр зарж байна гэсэн үг. Эрчим хүчний үйлдвэрүүд эрчим хүчийг 96 төгрөгөөр гаргаад байгаа. Харин дулааныг 25 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 12 мянган төгрөгөөр зардаг. Үүнийг эргэж харахаас өөр аргагүй. Уг нь хэдийнэ шийдчих байсан ч УИХ-ын сонгуультай болоод ч тэр үү хойш тавьсаар өдийг хүрчихсэн.

Нэмэхийн тулд нэмэх гээд байгаа юм биш шүү дээ. Манай эрчим хүчний үйлдвэрүүд 52 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсаас өнгөрсөн жил 30 тэрбумын татаас авч ажилласан. Иймэрхүү байдалтай 2013 онтой золгох гэж байна.

Салбарын зүгээс барьж байгаа бодлого бол амьжиргааны төвшинд доод өрхүүд дээр цахилгааны төлбөрийн нэмэгдэл очихгүй. 150 кВт-аас дээш хэрэглээтэй айлуудынх 15 хувиар өсч байгаа. Товчхондоо бол 15-16 төгрөг л нэмэгдэж байгаа. Бид тооцоо хийж үзэхэд Улаанбаатар хотын нийт айл өрхийн 63 хувь нь л 150 кВт-аас бага цахил-гаан хэрэглэдэг. Тэдэнд үнийн өсөлт нөлөөлөхгүй. Харин сүүлийн үед том, том байшингууд бүгд цахилгаанаар халаалтын асуудлаа шийдээд эхэллээ. Тэгэхээр 150 кВт-аас дээш хэрэглээтэй өрхүүдийнхийг 15 хувиар нэмнэ. Мөн өндөр ачааллын үе буюу 17.00-21.00 цагийн хооронд бол эрчим хүчний ачаалал маш их нэмэгддэг. Энэ үед сох дутаад, таслаад байгаа шүү дээ.

Тиймээс энэ үед онцгой тариф тогтоож, хэрэглэсэн цахилгааны төлбөр нь нэг дахин их байдаг ч юм уу. Шөнийн тариф нь илүүдэлтэй үе болохоор нэг дахин хямд байхаар тооцсон зүйлүүд ч бий. Тэгвэл айлууд цахилгааны хэрэглээндээ зохицуулалт хийгээд эхэлнэ. Эрчим хүч, дулааны үнийн өсөлт хүн амын 30-аад хувьд л оногдоно. Тансаг хэрэглээ-тэй айлуудынх л багахан хэмжээгээр нэмэгдэх юм. Ер нь бол бид олон янзын судалгаа хийж үзсэн. Нэг айлын эрчим хүчний төлбөр сардаа 20 мянган төгрөг гарч байгаа. Дөрвөн ам бүлтэй айлынх шүү. Гэтэл тэр дөрвөн хүний нэг нь л гэхэд сардаа доод тал нь гар утасны төлбөрт 20 мянган төгрөг төлдөг. Дөрвүүлээ гэвэл 80 мянга болно. Цахилгааны хэрэглээ нь 5000 төгрөг байхад утасны төлбөр нь доод тал нь 20 мянга. Ингээд бодохоор амьдралын нь бүх л зүйлд хэрэглэгдэж байгаа цахилгааны үнэ багахан өсөхөд асуудал үүсэхгүй байх.

-Эрчим хүч суурь үнэд нөлөөлдөг шүү дээ. 15 хувиар нэмлээ гээд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчих юм биш биз?

-Суурь үнэд нөлөөлөхгүй. Нэг кг гурил дээр 1.5 төгрөг, талхны үнэд зургаан төгрөгийн өөрчлөлт л орно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүнийг анхааралтай хянана гэж байгаа.

Ер нь бол 2013 оноос хойш таван төрлийн тарифтай болно. Бага хэрэглээтэй айлуудынх нэг, өндөр бол бас өөр, шөнийн тариф нь ондоо, оргил цагийнх нь өндөр ч гэдэг юм уу. Мэдээж аж ахуйн байгууллага дээр өөр байх болно. Нэг үгээр хэлбэл, ард иргэд маань хэмнэлттэй хэрэглээтэй болох хэрэгтэй байна.