Улаан.Ч 2012.12.24 | Сонин: Ардчилал

Ч.Улаан: Эхний ээлжинд санхүүжүүлэх том төслүүдээ сонгочихсон

Ч.Улаан: Эхний ээлжинд санхүүжүүлэх том төслүүдээ сонгочихсон
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан

Монгол Улс дэлхийн хөрөнгийн зах зээлд 1,5 тэрбум ам.долларын бонд худалдаалаад багагүй хугацаа өнгөрүүлж буй. Тэгвэл эл бондноос орж ирсэн мөнгөөр ямар салбарын үйлдвэрлэлийг дэмжих нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-1,5 тэрбум ам.долларын бондноос орж ирсэн мөнгийг ТЭЗҮ нь гарсан төслийг санхүүжүүлнэ гэсэн. Гэтэл төсөл нь бэлэн биш байхад хэтэрхий эрт гаргалаа гэсэн шүүмжлэл гараад байгаа?

-Энэ бондын талаар сайн, муу янз бүрийн яриа гарч байна. Төсөл нь бэлэн биш байхад мөнгийг нь арай эрт оруулаад ирсэн юм биш үү гэсэн шүүмжлэл гарсан. Шүүмжилж хэлж буй хүмүүст хэлэхэд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бодлогын зөвлөл хуралдаж, төслүүдээ сонгон шалгаруулсан. Тэгэхдээ эхний ээлжинд өөрийнхөө орлогоор бүх зардлаа хариуцах, эдийн засагт үр өгөөжөө өгөх, татвараа төлж, үйлдвэрлэлээ өсгөн үр ашигтай ажиллахыг нь сонгосон. Эдгээр шалгуурыг төмөр зам, эрчим хүч, зэс хайлуулах, металлургийн болон газрын тос боловсруулж, нефть импортлох зэрэг төслүүд хангаж, улаан шугамаар шууд орж байгаа. Бүх юм бэлэн болчихсон хойно мөнгөө оруулж ирнэ гэвэл бүтэхгүй байвал яах вэ. Бас л бодох асуудал байгаа биз.

-Эхний ээлжинд хэний ямар төсөл шалгарсан талаар тодорхой мэдээлэл авмаар байна. Мэдээлэл өгөх боломжтой юу?

-Энэ талаар одоохондоо мэдээлэх боломжгүй.

-Бондын мөнгө зах зээлд ямар өөрчлөлт авчрах бол?

-Макро эдийн засгийг тогтворжуулах маш том баталгаа. Одоо монголчууд мөнгөө өсгөж, үржүүлэх ёстой. Энэ сарын 5-нд бондын мөнгө орж ирэнгүүт тоолуур ажиллаад эхэлсэн. Зах зээлд их хэмжээний валют орж ирсэнээр ханш нь тогтворжин бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой болж, банкны зээл нэмэгдэж, хүү буурна. Ийм болохоор цаг хугацаагаа зөв онож бонд гаргасан. Бий болсон нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандан чамлах биш, олж ирсэн  мөнгөө яаж “чулуу” болгох вэ гэдэгт  гол анхаарлаа хандуулах ёстой юм. 

-Хүү нь яаж бодогдох юм бэ. Монголчууд хүүгийн төлбөрөөс л их айгаад байгаа?

-Бондын хүү гэдэг том шинжлэх ухаан шүү дээ.

Таван жилийн хугацаатай бондын хүү 4,125 хувийн хүүтэй. Харин 10 жилийн хугацаатай нь 5,125 хувийн хүүтэй байгаа.

Энэ бол зарлагдсан хүү. Бид Монголынхоо нөхцөлд тохируулан хүүгээ тогтоож, цааш нь дамжуулан зээл­дүүлнэ. Энэ хүү маань одоогийн байгаа зээлийн хүүнээс нэлээн доогуур байна. Одоогийн гарч байгаа зардлаа шингээсэн, үр ашигтай төсөлд энэ бондын мөнгийг өгнө.

-Ямар банкаар дам­жуу­лан сонгон шалгаруулалтад тэнцсэн төсөлд  санхүүжилт олгох вэ?

-1,5 тэрбум ам.долларын бондын мөнгө Хөгжлийн банкаар санхүүжигдэн шал­гар­сан төслүүдэд очино. Арилжааны банкаар биш. Өөрөөр хэлбэл, тус банкаар дамжин төсөл хэрэгжинэ гэсэн үг. Төсөл бүрийн зээлийн хүүг харилцан тохиролцоно. Зээлийн хүүнд гарч байгаа зардал нь шингэж явдаг. Итгэлт баяны нэг сайхан зөвлөгөө бий шүү дээ. “Сохор зоосыг ч гэсэн сэгсэрч бай” гэж. Тийм учраас мөнгөөр мөнгө хийж сурах цаг болсон.

-Хөгжлийн банкаар дам­жуулах бол хяналтыг хэн, яаж тавьж ажиллана гэсэн үг вэ?

-Ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлага бол бий. Тэр дундаа ЭЗХЯ, Сангийн яам яаж ажиллах вэ, уялдааг яаж гаргах вэ гээд ажил ундарч байна. Гэхдээ 1,5 тэрбум ам.долларын зарцуулалтыг ил тод явуулж, мэдээлнэ. Засгийн газар дээр ч бодлогын зөвлөл байгуулагдаж, Ерөнхий сайд ахалж байгаа. Уг зөвлөлд Сангийн яам, ЭЗХЯ, УУЯ, БХБЯ, ҮХААЯ зэрэг үйлдвэрлэлийн төсөл хэрэгжиж болохуйц том төсөл хэрэгжих яамны төлөөлөл орсон. Мөн УИХ-ын Эдийн засгийн, Төсвийн байнгын хорооны дарга, чөлөөт шинжээчдийн төлөөлөл орсон байгаа.

-Төсөвт эл бондын эргэн төлөгдөх мөнгө суусан гэж үнэн үү?

-2013 оны төсөвт энэ бондын үйлчилгээний зардал суусан. Энэ тал дээр ямар ч асуудал байхгүй.

-ЭЗХ-ийн сайд Н.Бат­баяр жижиг, дунд үйлд­вэрлэгчдийг ч багтаахыг зорино гэж байсан. Энэ бонд эдгээр хүнд  хүртээлтэй юу?

-Энэ төслийг жижиг үйлдвэрүүдэд өгөхгүй. Тэгж талаар нэг цацахгүй. Үүнийг  бодлогын чанартай том төсөлд өгнө. Дээр хэлсэнчлэн, таван чиглэлийн буюу төмөр зам, эрчим хүч, нефть боловсруулах тэгээд металлург, зэс, хар төмөр боловсруулах эсвэл коксын үйлдвэр гэх мэт томоохон төсөлд өгнө. Жижиг, дунд үйлдвэрийн хөтөлбөрийг яаж дэмжих вэ гэхээр Засгийн газраас дотоодын санхүүгийн зах зээлд  зорилтот буюу 200 тэрбум төгрөгийн бонд энэ жил гаргасан. Энэ оны эцэст жижиг, дунд үйлдвэрийн санд 500 тэрбум төгрөг хуримтлагдах юм. Үүнийг хүртээлтэй хүргэх байх.

-1.5 тэрбум ам.долларын бонд орж ирсэнээр арил­жааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой боллоо хэмээн салбарынх нь сайд нь хэлсэн. Тийм эерэг үр дүн гарах болов уу?

-Энэ бонд Монголын санхүүгийн системд орж ирснээр олон эерэг үр дагаврыг араасаа дагуулж байна. Ямар ч байсан арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоо руу чангаах хүчтэй хөшүүрэг болсон. Нэг л зүйлийг анхаарах ёстой. Монголчууд дотроо эв нэгдэлтэй, зөв ойлголттой байх ёстой. Ашиглах гэхээр нь чи чадахгүй, өрөнд орно гээд муу ёрлоод, усан амлаад байвал энэ ажил явахгүй. Ажил нь битгий бүтээсэй, өрөнд ороосой, балраасай гэж улс төр хийх гэж оролдож буй хүмүүс байна. Үүнийгээ больчих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Төсвийн ту­хай хуулиар тодорхойлсон зорилтоо ягш­тал мөрдөх. Батлаад өгсөн төсвийг хэн ч нэг төгрөгөөр хэтрүүлэхгүй, үргүй зардал гаргахгүй байх ёстой. Зардлаа нэмэхгүй байж чадвал бидэнд чулуу байтугай алт болно. Тэгж чадахгүй бол өр биш ял болж мэднэ. Ийм л хоёр сонголт байна. Тиймээс “чулуу” болгох замыг л сонгох хэрэгтэй байна монголчууд...

-Сангийн яамны сайдын хувьд асуумаар байна. 1,5 тэрбум бондын дараа ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих бонд гаргана гэсэн. Ер нь, бонд их хэмжээгээр гаргах нь хэр эрсдэлтэй вэ?

-Салбаруудад зорилтот бонд гаргаж байгаа. Ноос ноолуурт 300 тэрбум төгрөгийн бонд гарга­сан. Мөн арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих хү­рээнд Засгийн газраас гаргая гэж ярьж байна. Дэлхийн хөрөнгийн зах зээлд худалдаалсан 1,5 тэрбум ам.долларын бондоос тусдаа. Энэ бол дотоодын зах зээлд худал­даалсан, төсвийнхөө баг­таамж, чөлөөтэй хөрөнгийнхөө хэмжээгээр банкуудын чадав­хитай нягт уялдсан бонд. Бонд санхүүгийн байдаг л хэрэгсэл. Бид нэг зүйлийг халах ёстой. Орлого бүрдүүлнэ гэхээр татвараар л олно гэж зүтгэдэг. Цаана чинь мөнгөөр мөнгө хийдэг арга дэлхий дахинд нэвтрээд байна. Бид дэлхийн хоёрдогч зах зээлд том алхам хийх  ёстой.

-Шалгарсан төслүүдээ 100 хувь бондноос орж ирсэн мөнгөөр санхүүжүүлэх юм уу. 1,5 тэрбум ам.доллар нэг бодлын их юм шиг мөртлөө бага шүү дээ?

-Нэг төсөлд төсөвт өртгийнх нь гуравны нэг хүртэлх хэмжээнд л дэмжлэг үзүүлнэ. Санхүүжилт авах гэж байгаа төсөл хэрэгжүүлэгч маань хариуцлагатай, чадвартай байх ёстой. Юу ч байхгүй, дэврүүн сэтгэлтэй хүнд мөнгө өгвөл эрсдэлд ороод, мөнгийг маань түгжчихвэл яахав. Тиймээс хэн хичээж зүтгэж байна, түүнийг эхний ээлжинд дэмжинэ. Энэ ч үүднээс нийт төсвийн гуравны нэгд нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Бусдыг нь хөрөнгө оруулагч өөрөө олох ёстой. Энэ нь, төсөл нь шалгарах нэг гол үзүүлэлт. Ингэж байж энэ бондын нэг төгрөг араасаа гурван төгрөг дагуулах ёстой. Бондын мөнгө бөөндөө орж ирсэн болохоор яана гэж хүмүүс яриад байгаа хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилд 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгийг хүмүүст тараасан. Эцэст нь, өр болоод төсөвт суучихсан байна. Энэ талаар хэн ч ярихгүй байгаа биз дээ. Яагаад гэвэл, эргэн төлөгдөхгүй юманд зориулсан болохоор. Бид 1,5 тэрбум ам.доллараа оновчтой ашиглан хүүгээ төлөөд цаана үлдэх ашгаараа дээрх өрийг төлнө. Нэг ёсондоо бага мөнгөөр том чулууг хөдөлгөж байна.

-“Хүний хөгжил сан”-гийн 340 мянгыг ямар бондоос орж ирэх мөнгөөр өгөх гэж байгаа юм бэ. 1,5 тэрбум ам. долларын мөн­гийг халамжинд зар­цуу­лахгүй гэсэн мөртлөө нөхөх нь гэсэн яриа гарсан?

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох 340 мянган төгрөг үлдээд байгаа. УИХ-аас энэ мөнгийг өгөхийн тулд Монголын зах зээлд бонд гаргая гэсэн. Тиймээс бид бонд гаргаж борлуулна. Тэгэхдээ 1,5 тэрбум ам.долларын бондоос бол өгөхгүй. Тэгж халамжинд зарцуулахгүй гэдгээ албан ёсоор зарласан. Ямар ч гэсэн Цагаан сарын өмнө буюу ирэх сарын 20-нд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө авна.