Бид хиймэл дагуултай болсноор эх орноо алган дээр тавьсан юм шиг хардаг болно
Мэдээллийн тех­но­логи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2012.12.27

Бид хиймэл дагуултай болсноор эх орноо алган дээр тавьсан юм шиг хардаг болно

Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон системд шилжүүлэх үйл ажиллагааны эхлэлийг өчигдөр албан ёсоор тавилаа. Ингэснээр хамгийн цаадталын хугацаа нь 2014 оны долдугаар сарын 31 гэхэд Монгол Улс тэр чигээрээ аналоги системийг халж, тоон технологид шилжих юм, Тоон технологийн хамгийн эхний станц Төв аймгийн Зуунмод хотод ашиглалтад орсон анхны станцыг асаасан юм. Ирэх он гэхэд Ази, Номхон далайн орнуудын олонхи нь аналоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бурэн зогсоохоо албан ёсоор зарласны нэг нь Монгол Улс аж. Энэ үеэр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.ЖАДАМБААТАЙ ярилцлаа.

-Япон улстай хамтраад хиймэл дагуул хөөргөхөөр болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Бага зэргийн удаашралтай байна уу даа?

-Ер нь бол их нарийн ойлгох хэрэгтэй. Яг Япон улстай хамтраагүй шүү, Үүнийг хүмүүст зөвөөр ойлгуулахгүй бол буруу, зөв ярих нь их байна. 2012 оны төсөвт суулгаад, Японы компаниар техник, здийн засгийн үндэслэлээ хийлгэж, Монголын "Монконсалтинг" компани үндсэн ажлыг нь хийж байгаа. ТЭЗҮ-ээр юу хийх вэ гэхээр  хөөргөх юм, эдийн засгийн ач холбогдол нь юу вэ, мөн мөнгөөр хэмжиж болохгүй нийгмийн талын ач холбогдол гэх мэт бүх гол үзүүлэлтийг Японы компаниар хийлгэж байна. Үүний дараа аль улсаар хөлгөө үйлдвэрлүүлж, аль улсаар хөөргөх вэ гээд дахиад сонголтууд гарч ирнэ. Энэ бол олон улсын жишиг юм.

-Саяхан хэвлэл мэдээллээр хиймэл дагуул хөөргөх ажил бараг л зогсонги болсон гэж сонсч, уншиж байлаа. Үнэхээр энэхүү ажил  гацаанд ороод байгаа юм уу. Хэрвээ зогсонги болсон бол яагаад?

 -Энэ ажил ерөөсөө зогсоогүй. ТЭЗҮ-ийн хийх ажил нь үргэлжлээд явж байна. Шинэ удирдлага ажлаа аваад, богино хугацаанд улс төрийнх нь шийдлийг хийх ёстой юм байна гэдгийг ойлгоод Застийн газраар тогтоол гаргуулж, үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Яагаад Засгийн газрын тогтоол хурдан батлагдаж гарах шаардлагатай вэ гэхээр үндэсний хэмжээний том хиймэл дагуул хөөрөхөд урьдчилаад цаасан хиймэл дагуулаа хөөргөх ёстой байдаг. Үүний хамгийн гол зүйл нь тухайн улс орны Засгийн газрын шийдвэр гарахад чухал. Уг шийдвэр гарсны дараа олон улсын байгууллагад хусэлтээ илгээдэг. Тухайлбал, манай улс өөрийн заасан зурвасууд дээр хиймэл дагуулаа хөөргөнө гэсэн хүсэлтээ илгээнэ. Энэ нь дор хаяж 2-3 жилийн хугацаа шаардана. Үуний дараа л сая нэг юм хөөргөж байгаа юм. Ер нь ямар ч ажил хийсэн тодорхой үе шаттай байдгийг хүмүүс нарийн сайн мэдэхгүй байгаа учраас ерөнхий авсан мэдээллээрээ асуудалд ханддаг тал бий.
Тэгэхээр хиймэл дагуул хөөргөх ажил процессын дагуу хийгдээд л явж байна.

-Тэгвэл наад талын хугацаа нь хэдэн он гэж тооцож болох вэ?

-Наад талын хугацаа нь 2015 он гэж төлөвлөсөн. Эцсийн буюу цаад талын хугацаа нь 2016 он байхаар төлөвлөж байна. Үүнд хоёр төрлийн хиймэл дагуул явж байгаа. Эхнийх нь тандан судалгаагаар, нөгөөх нь холбооны хиймэл дагуулаар. Тандан судалгаа нь ямар төвшинд байдаг вэ гэхээр орбит дээр байрлаж байгаа юм. Харин дээд гео байнгын орбитод нь холбооных ажиллана. Тандан судалгаагаар манай улс хэдэн модтой юм, гол горхи нь хэр их вэ, энэ нь хаана ширгэсэн, хилийн зурвас хаана байна гэх мэтчилэн бүх зүйлийг урьдчилж мэдэж болно. Бид бие даасан тусгаар улс бол тухайн нутаг, орондоо болж буй бүхий л үйл явдлыг урьдчилж мэддэг, дээрээс нь нарийвчилж гаргадаг маш хэрэгтэй зүйл.

Тэр тусмаа манай улс шиг 2.7 сая хүн амтай, дээр нь өргөн уудам нутагтай оронд тандан судалгааны хиймэл дагуул нэг номерт байх юм.

Дараагийнх нь холбооны хиймэл дагуул. Энэ нь телевизийн болон холбооны өргөн нэвтрүүлэг, сүлжээг цацах үүрэгтэй. Холбооны хиймэл дагуулаар олон улсын ярианы хямд гарцтай болох, алслагдсан орон нутагт харилцаа холбоо хүрэх давуу талтай. Мөн шууд мөнгөн дүнгээр үнэлэшгүйгээр, нийгэмд маш их ач тустай зүйл бий болно. Дэлхийд хулээн зөвшөөрөгдсөн албан ёсны сансрын хиймэл дагуултай болсноор манай улсын нэр хүнд нэлээд өндөр төвшинд очиж байгаа юм.

-Ач холбогдлыг нь дээр таны ярьсан зүйлүуд гэж ойлгож болох уу?

-Холбооны хиймэл дагуултай болсноор гамшгийн үед найдвартай байж, эрдэнэт хүний алтан амийг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж аварч чаддаг болно. Тандан судалгаа нь байгаль орчноо ой хээрийн түймрээс хамгаална. Монгол Улс байгаль орчноо яаж сэргээх, юун дээр алдаад байгааг бодит байдлаар мэдэх боломжтой. Нэг ёсондоо эх орноо жинхэнэ утгаараа алган дээрээ харж чаддаг болох юм. Нөгөө талаараа холбооны хиймэл дагуултай болсноор мэдээллийн технологи хөгжсөн энэ үед бид дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, технологийн давуу талуудыг бүрэн ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр дэлхийн улс орнуудаас хоцрохгүйгээр хөгжих боломжууд нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадын орнуудтай ижил төвшинд очих боломжтой боллоо гэсэн үг л дээ.

-Хиймэл дагуултай байлаа гэхэд түүнийг удирдах мэргэжилтнүүд нь байх ёстой. Тэд хүмүүсийг яаж бэлтгэх вэ?

-Хүний нөөцийн хувьд үе шаттайгаар хийгээд явдаг. Яг одоогийн байдлаар бол тодорхой тооны хүний нөөц бий. Мөн үе шаттайгаар хүний нөөцийг бэлтгэн эхлэж байгаа, цаашид ч бэлтгэсээр байх юм. Монголын анхны үндэсний хиймэл дагуул хөөрөхөд мэргэжилтэн, боловсон хүчин хангалттай байгаа.

-Тэгвэл мэргэжилтнүүдийг хаана бэлтгэж байна вэ?

-Одоогоор улсдаа бэлтгэх ямар ч боломж байхгүй. Тиймээс гадаадад бэлтгэж байна. Тухайлбал Хятад, Энэтхэг, Японд олон хүн сурч байна.
Цаашид Европт мөн суралцуулах талаар төлөвлөж байна.

-Тодорхой хэмжээний зардал гарч байгаа нь ойлгомжтой. Хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Үндэсний хөтөлбөрт тусгаснаар бол тандан судалгааны хиймэл дагуулд 280, холбооны хиймэл дагуулыг 350 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Үүнд газрын станц, даатгал, хөөргөх, урсгал зардал гэх мэт бүгд орсон байна. Яг л энэ төсөвтөө багтааж бүх үйл ажиллагаагаа хийнэ.

Аналоги системийг тоон технологид шилжүүлж байгаагийн ач холбогдол юу вэ. Тоон технологийн талаар иргэдэд бага зэрэг мэдээлэл өгөх үү?

-Олон улсын радиогийн байгууллагын хуралдаанаар дэлхий нийтийг 2015 он гэхэд тоон системд бүрэн шилжүүлж дуусгах ёстой гэсэн шийдвэрийг 2006 онд гаргасан. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд өөр өөрийн гэсэн хугацаатайгаар тоон системд шилжиж байна. Манай орны хувьд 2014 оны долдугаар сарын 31 гэхэд энэхүү системд бүрэн шилжинэ гэсэн шийдвэр гаргасантай уялдуулаад техник, технологийн шинэчлэлийг эхнээс нь хийгээд явж байна. Тоон системд шилжихэд гурвалсан хүчин зүйл гарч байгаа.

Нэгдүгээрт, агентлагаас хэрэгжүүлж байгаа технологийн шинэчлэлийн асуудал. Хоёрдугаарт, зурагт борлуулж байгаа электрон барааны дэлгүүрүүд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулах гэсэн шаардлага гарч ирж байна. Хамгийн чухал хүчин зүйл бол иргэн. Манай улс тоон системд шилжихэд иргэд маань маш их мэдлэгтэй байх ёстой. Магадгүй танай сониныг уншаад телевиз худалдаж авах гэж байгаа хүн байвал тухайн дэлгүүрийн борлуулагчаас "Миний авах гэж байгаа телевиз 2014 он гэхэд тоон системд шилжихэд шаардлага хангах уу, үгүй юү" гэдгийг заавал лавлаж асуух хэрэгтэй. Нээлтийн ажиллагааг зохион байгуулах болсон шалтгаан нь аналоги болон тоон системийн ялгааг иргэдэд бодит утгаар нь харуулахад гол зорилго нь оршиж байгаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Нэг үгээр хэлбэл, олон удаа сонссон зүйлийг нь бид нүдээр үзүүлж байгаа хэлбэр юм.

-Иргэд, хэрэглэгчид мэдлэгтэй байх ёстой гэж ярилаа. Энэ мэдлэгийг авахын тулд сургалтад суух хэрэгтэй юү?

-Мэдлэг гэхээр нэг их хүн дээр тусгах хэрэггүй. Бүтээгдэхүүн худалдаж авахдаа "миний авах гэж байгаа телевиз шаардлага хангах уу, үгүй юү гэдгийг л мэдэх ёстой юм. Бүр нарийн яривал стандартыг хангасан телевиз D\/В-Т2 төхөөрөмжийг хүлээж авах уу гэдгийг л борлуулагчаас асууж сурах хэрэгтэй гэдгииг л хэлээд байна, Үүнээс гадна өндөр үнэтэй телевизийг худалдаж авах боломж бололцоо муутай хүн манай улсад олон бий. Тэдэнд зориулж 2013 оноос хувиргагч жижиг дөрвөлжин хар хайрцгийг бид хамгийн боломжит, зах зээлээс хямд үнээр төслийн журмаар нийлүүлнэ. Тухайн хайрцгийг худалдаж авсан иргэн өөрийн телевиз дээр суурилуулах боломжтой юм. Тэгэхээр заавал өндөр үнэтэй телевиз худалдаж авснаар тоон системд шилжинэ гэсэн үг биш. Хамгийн гол нь иргэнд сонголт бий гэдгийг л хэлмээр байна. Одоо ашиглаж     байгаа телевиз чинь Sеt-Тор Вох авснаар тоон системээр гарах боломжтой.

-Төв аймгаас өөр хаана станцаа суурилуулсан бэ?

-Өнөөдрийн байдлаар нийт 48 суурин газарт тоон станцыг суурилуупсан байгаа. 2013-2014 онд станцаа бүрэн шинэчилнэ.

-Эцэст нь нэг зүйлийг асуухад манай улс ярианы тарифыг секундээр хэмждэг болох гэж байгаа. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефоны операторуудын тарифын асуудлыг хөндсөн. Үүний дагуу бид бүрэн бус минутын үнэлгээний асуудал, яаж хямдрах ёстой вэ гэдэг дээр нэлээд их ярьсан. Ярилцсаны үр дүнд нэлээд том техникийн шийдэл хийгээд 2013 оны гуравдугаар сарын 1-нээс шилжихээр болж байна. Ингэснээр тарифын хувьд өөр болж ирнэ. Яагаад гуравдугаар сарын 1-нээс гэж шийдсэн бэ гэхээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн операторуудын технологи нь секундээр тооцоход боломжгүй байсан учраас хугацаа тогтоож өгсөн юм. Тиймээс техникийн хөрөнгө оруулалт хийсний дараа ярианы тарифыг секундээр тооцдог хэлбэрт шилжье гэж тохиролцсон байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, манай улсын анхны холболтын үнэ их бага. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад тийм ч өндөр үнэтэй биш юм.

-Үүрэн телефоны операторууд алдагдалд орно гэж яриад байгаа. Үнэхээр секундээр ярианы тарифыг тооцож эхэлбэл алдагдалд орох уу?

-Нөхцөл байдлаас харахад алдагдлын үр дүн байгаа. Гэхдээ үүнийг нийгмийн хариуцлага гэдэг үүднээсээ оператор компаниуд маань үүрэх ёстой гэдгээр хандуулж хийж байна. Мэдээллийн технологийн салбар маань технологио дагаад байнга өсч хөгжиж байдаг. Үүрэн операторууд цаашаа хөгжихийн тулд бодит орлогоосоо хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл бид дарамт, шахалт үзүүлээд ирэхээр бодит орлогын мөнгөн дүн багасч,  салбарын  хөгжил удаашрах хандлагатай болдог тал бий. Хөгжил удаашраад ирэхээр манай улс олон улстай харилцаа тогтооход хүндрэл талаас нь харж байх хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.