Даваасүрэн.Ц 2013.01.04 | Сонин: Өглөөний сонин

Чингис бондыг улстөрийн өнцгөөс харж болохгүй

Чингис бондыг улстөрийн өнцгөөс харж болохгүй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй Чингис бондын талаар ярилцлаа.

-Зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын бонд босгосон нь сайн, муу үр дагавартай хэмээн талцагсад олон болж. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Би дэмжиж байгаа. Эдийн засгийн гадаад орчин хямралтай, манай экспортын орлого буурч байгаа энэ үед эдийн засгийн өсөлтийн хурдацаа хадгалах зорилгоор ийм арга хэмжээ авах ёстой. Энэ удаа бид иргэд, бизнес эрхлэгчдэдээ бүсээ чангал гэж хэлэхгүй. Тэдний орлогыг бууруулахгүйн үүднээс хэрэглээний зах зээлээ хумихгүй байх зорил-го тавьж байна. Ийм хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлэгдэхэд бизнесийн орчин муудахгүй. Эдийн засаг, бизнесээ тогтвортой авч хямралын цаана гарна. Харин өрийн дарамтаа байнга тооцож, эргэж төлөх эх үүсвэрээ бүрдүүлэхэд анхаарах ёстой.

-Дансанд мөнгө орсноос хойш хүү нь тооцогдоод бараг сар болох нь. Гэтэл Засгийн газарт энэ мөнгөөр хийх ажлын төсөл алга. Засгийн газар цаг хугацааны хувьд хэтэрхий яарчихсан юм биш үү?

Дэлхийн эдийн засаг  хямралтай, хаана мөнгөө хийх вэ гэж байгаа үед бонд гаргахад зээлийн нөхцөл хямд байсан тал бий. Нөгөө талаар  энэ    мөнгө    орж ирснээр гадаад валютын нөөц нэмэгдэж, ханш нь оны төгсгөлд өнгөрсөн жилийнх шиг өссөнгүй гэх зэрэг эерэг үр дүн байгааг хэлэх ёстой. Төслүүдийн хувьд яаравчлах хэрэгтэй, гэхдээ үр дүнтэй байхад илүү анхаарах ёстой л доо.

-Эсвэл Засгийн газар бонд гаргахад УИХ-аас зөвшөөрөхгүй байж магадгүй гэж тооцсон юм болов уу.  Тиймээс хэлэлцэгдэх явцад нь төслөө боловсруулна гэсэн төлөвлөгөө байв уу. Яагаад төсөл нь  өнөөг  хүртэл  бэлэн болохгүй байгаа юм бол?

-УИХ яагаад зөвшөөрөхгүй байх ёстой гэж. Хямралыг тогтвортой даван туулахад ийм мөнгө босгох хэрэгтэй гэдэгт дийлэнх нь санал нэгдсэн хэрэг. Санхүүжүүлье гэвэл төслүүд олдоно л доо. Гэхдээ сайн шүүх ёстой.

-Өдөрт 130-140 мянган  ам.доллар хүүнд  төлөх учиртай.   Гэтэл мөнгө   дансанд ороод  даруй сар  болох нь.  Энэ нь багаар  бодоход дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хүү төлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл 30 орчим цэцэрлэг барих мөнгө шүү дээ?

Төв банкинд байршиж буй мөнгийг янз бүрийн ашигтай хэлбэрээр байршуулаад хүүгийн зардлыг бууруулаад байж болно. Жишээ нь, манайд шөнө болж байхад overnight зээл хэлбэрээр шөнөдөө байршуулаад өдөртөө буцаагаад татах гэх мэт мөнгөний олон аргыг хэрэглэж болно.

-Хийх ажлаа төлөвлөөгүй байж бөөн мөнгө босгочихлоо гээд баярлаад байгаа нь зүйд хэр нийцтэй вэ?

Өөрөө ер нь өөнтөглөх талаас нь хараад байна аа даа. Манай бизнесийн циклийн хувьд тохиромжгүй үе гэдэгтэй би санал нийлнэ. Гэхдээ одоо босгоход хялбар, хямд байсан байж болно шүү дээ. Төслүүдийн хувьд яарах хэрэггүй, сайн шүүх хэрэгтэй. Амьдралд үр дүнгээ өгөх, зээлээ эргээд төлөх төсөлд оруулах хэрэгтэй гэдэгтэй бүгд санал нэгдэх болов уу. Манай баялагтай харьцуулахад одоогийн авч буй зээл тийм аймшигтай хэмжээ биш. Манай ганцхан ордны нэг хувьтай л тэнцэх мөнгө. Ер нь санхүүгийн томоохон байгууллагууд юу гэж найдваргүй зах зээл рүү мөнгөө хийх вэ дээ.

-Аливаа  бизнесийн салбарт хөрөнгө босгохоосоо өмнө төсөл боловсруулдаг. Гэтэл бүхэл бүтэн Монгол  Улсын  Засгийн газар зээлийнх нь хүү тооцогдоод явж байхад ийм «амгалан» байгаа нь эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй байгаа үед хэр зохистой алхам юм бол?

-Ер нь бол төсөл багадна. Хөгжлийн хөтөлбөрүүд гаргах ёстой. Дунд хугацаанд улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт хийдэг болох ёстой. Энэ бүтцээ дөнгөж саяхан бид Засгийн газрын бүтэцдээ орууллаа. Шинэ юм гээд зүгээр суухгүй оролдож байгаа нь сайн зүйл. Хөгжлийн хөтөлбөр  боловсруулна гэдэг тийм амар зүйл биш. Цаг хугацаа, хүн хүч гээд олон зүйл шаардана. Цаашдаа харин төсөлгүй гээд шүүмжлүүлдэг байж болохгүй.

-Бондыг «мөнгө авч ирлээ» гэж шоудаж байна тэх хүн нэлээд байгаа. Гэхдээ яг үнэн хэрэгтээ хийх ажилгүй бол хүүнд дарагдаад өрөнд орно. Тэр үед хариуцлага тооцох хүн олдохгүй болох юм биш биз?

-Хэн улс орноо өрөнд оруулъя гэж бодох вэ. Асуудалд улстөрийн өнцгөөр    хандахгүй,   сайн  үйлд хамтраад явах соёлд бид суралцах ёстой. Энэ нам илүү гарчихна гээд хөгжлийг хойш чангааж болохгүй.

-Засгийн газраас энэ бондоор санхүүжүүлэх бүх төслийг УИХ-аар хэлэл-цүүлэх, эдийн засгийн болон төсвийн байнгын хороо хяналт тавь хэмээн үүрэгдсэн. Нэгэнт УИХ-аас бондыг Засгийн газарт зөвшөөрчихсөн байхад яагаад дахин хянуулахаар зүтгээд байгаа юм бэ. Хариуцлагаас бултах арга гэж ойлгож болох уу?

-Би тэгж ойлгохгүй байна. Хөгжлийн төслүүдээ сайн шүүж, хэлэлцье, хариуцлагатай хандъя л гэсэн санаа.

-Засгийн газраас бондын хөрөнгөөр таван салбарыг санхүүжүүлнэ гэсэн. Заавал төр, засгаас гар дүрж байхаар ТЭЗҮ хийчихээд хөрөнгөгүйгээс гацчихсан хувийн хэвшлийн олон төсөл бий. Тэдгээртэй холбож болдоггүй юм уу?

-Хувийн   хэвшлийн оролцоог хангана. Бүр тулгуурлана гээд хэлчихсэн ч болно. Ихэвчлэн тэдний төслүүдийг санхүүжүүлнэ. Эцсийн төлөх хариуцлагыг төр үүрч байгаагийн хувьд төслүүдийн сонгоход л оролцоно.

-Өмнөх Засгийн газар мөн л бонд гаргалаа хэмээн шуугиулж, түүгээр бахархаж байсан. Бр нь Засгийн газар бонд арилжаалж хэн нь их мөнгө босгосноор нь биш монголчууд ямар ашиг хүртэв гэдгийг харах ёстой баймаар?

-Хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдэг талаас нь дүгнэх ёстой. Жишээ нь, бэлэн мөнгө тараах уу, ажлын байр бий болгох төсөл санхүүжүүлэх үү гэдэг сонголтын аль нь зөв байх вэ гэдгийг харах нь чухал. Бүх л ажлаа яаравчлах хэрэгтэй байгааг хаана хаанаа анхаарах хэрэгтэй.