Бондын үндсэн төлбөрийг 2017 онд төлнө
“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан / 01 сарын 07/
2013.01.08

Бондын үндсэн төлбөрийг 2017 онд төлнө

“Шударга ёс” эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслийг яриад, зарим Ажлын хэсэг байгуулсан байна. Тухайлбал, Газрын тухай багц хуулийн төсөл дээр ажиллах Ажлын хэсгийг Ц.Цолмон гишүүн ахлах гэнэ. Тэд мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлийн мэдээллийг сонссон байна.
Өвөлжилт хүндэрч байгаа аймгууд болон үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хийж буй ажлынхаа талаар дэд сайд мэдээлжээ. Эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, Сангийн сайд Ч.Улаан нараас зарим зүйл тодрууллаа.

-1.5 тэрбум төгрөгийн бондыг буцаан төлөх үед улсын төсөвт ямар ачаалал учрах вэ?

Ч.Улаан: -Хөрөнгө оруулахад зориулан гаргасан бондын үйлчилгээний болон хүүгийн зардал, үндсэн төлбөрийг Засгийн газраар дамжуулан зээл авсан компаниуд хариуцна. Эдийн засагт үр ашигтай төслийг санхүүжүүлэх учир төсөвт нэмэлт ачаалал ирэхгүй гэж тооцсон. Гэхдээ дамжуулан зээлсэн компаниуд мөнгөө төлж чадахгүйд хүрвэл төсөвт ачаалал үүснэ. Санхүүгийн чиглэлээр гаргах зээлийг банк хариуцна.

2017 он гэхэд бондын төлбөр 500 сая төгрөгийг төлөх юм. Үлдсэн тэрбумыг 2022 онд төлнө.
-Гишүүдийн ирц хангалтгүйгээс чуулганы хуралдаан хойшлоод байгаа. Ажлаа тасалсан гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

Н.Батцэрэг: -Шинэ он гарсаар болсон хуралдаанд манай 11 гишүүнээс 7-8 нь суусан. Тиймээс асуудал биднээс болоогүй. Гишүүд ажлын байрандаа байгаагүй бол УИХ-ын дэгийн тухай хуулиар хариуцлага тооцох байх.